...
...

САЙХАН МЭДЭЭ I Монголын гоо сайханчид Алтан цом хүртлээ

Вьетнамд болсон олон улсын гоо сайхны артистуудын “PMU universe awards 2023” их наадамд Монгол Улсын баг анх удаагаа оролцож, fantastic төрөлд аваргын алтан цомыг авчирлаа.

“De Saron” салоны мастер стилист А.Мөнхзориг Гоёлын шивээсний fantastic төрөлд ялалт байгуулж, аваргын алтан цомыг Монгол Улсдаа авчирсан бол “De Saron” салоныг үүсгэн байгуулагч С.Эрдэнэсаруул “PMU universe awards 2023” их наадамд Монгол Улсаа төлөөлж урилгаар Элч төлөөлөгчөөр ажиллажээ.

Гоёлын шивээсчдийн их наадамд Монгол Улсаас нэг Элч төлөөлөгч, хоёр шүүгч, долоон оролцогч гэсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцсон юм. Манай улсаас “De Saron”, “Nickies beauty”, “Suva vip studio”, “Choice beauty salon” гэсэн дөрвөн салон нийлэн баг болж оролцсон байна. “PMU universe awards 2023” их наадамд оролцсон Монголын багийг нисэх буудалд тосож, ярилцлаа.


А.Мөнхзориг: 32 орны 2000 гаруй артист оролцсон тэмцээнээс цом авчирсандаа маш их баяртай байна

Гоёлын шивээсний fantastic төрөлд Дэлхийн аварга болсон А.Мөнхзориг аваргын алтан цомоо өргөсөөр гарч ирлээ. Түүний гэр бүлийнхэн хадаг, мөнгөн аягатай ааруул барин угтсан бол “De Saron” салоны хамт олон нь салоныхоо хувцасаар жигдэрч, “De Saron” гэсэн самбар, цэцэгс барин тосож авсан юм. А.Мөнхзориг “Дэлхийн 32 орны 2000 гаруй артист, гоо сайханчид оролцсон их наадамд fantastic төрлөөр багаараа амжилт гаргаж, ялалт байгуулж, цом аваад ирлээ. Маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

 

С.Эрдэнэсаруул: Гоёлын шивээсчдийн анхны их наадамд Монголын баг амжилттай оролцлоо

“De Saron” салоныг үүсгэн байгуулагч, Монгол Улсын Элч төлөөлөгч С.Эрдэнэсаруул “Гоёлын шивээсчдийн хувьд дэлхийд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа авардс буюу их наадамд бид амжилттай оролцоод ирлээ. Монголоос анх удаагаа маш том баг буюу дөрвөн салон нэгдэж, 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. “PMU universe awards 2023” их наадамд оролцсоноороо маш их зүйл сурч авлаа. Тэмцээн уралдаан гэхээсээ илүү гоёлын шивээсний түвшинд ахиж, шагнал авч, дэлхийн том мастеруудтай нүүр тулж уулзсандаа өндөр сэтгэгдэлтэй байна” гэлээ.

Тэрбээр Элч төлөөлөгчийн хувьд Монгол Улсаа төлөөлөн нээлтэнд оролцож, зохион байгуулж, гоёлын шивээсчдийн их наадмаас гайхалтай мэдрэмж авснаа сэтгэл дүүрэн хуваалцсан юм.

Б.Нямсүрэн: Монголчууд хамтарвал бүх зүйлийг чадна гэдгийг харууллаа

Монгол Улсаас “PMU universe awards 2023” их наадамд оролцсон багийн дөрвөн салоны нэг болох “Nickies beauty” салоныг үүсгэн байгуулагч, артист Б.Нямсүрэн “Монгол Улсаас өмнө нь ингэж салонууд нэгдэн баг болж олон улсын тэмцээнд оролцож байсан түүх байхгүй. Бүх зүйл анхдагч байлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй. Бид хамтарвал бүх зүйлийг чадах юм гэдгийг харуулж чадлаа гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Монголчуудын хувьд мэйк апын хожуу орсон төрөлдөө онцгойрч, оройхон гараад ширүүхэн дарж чадсаныг артист Б.Нямсүрэн хэлж байв. Олон улсын баг тамирчид 2-3 жил сурдаг төрөлд манай улсын баг хамтраад чамгүй амжилтын ард гарсныг тэрбээр онцлоод “Хүн амынхаа тоогоор гуравхан сая ч гэсэн олон сая хүнтэй улсын багуудтай өрсөлдөж, ийм сайхан амжилтыг гаргаад ирлээ” хэмээсэн юм.

О.Сувд-Эрдэнэ: Шүтдэг артистуудынхаа ажлыг нүдээр харж, хийж бүтээе гэсэн итгэлтэй ирлээ

“PMU universe awards 2023” их наадамд Монгол Улсаа төлөөлж оролцсон багийн артист, “Suva vip studio”-гийн үүсгэн байгуулагч, стилист О.Сувд-Эрдэнэ “Миний хувьд олон улсын ийм том тэмцээнд анх удаагаа орж байна. Өмнө нь Монголын гоо сайхны артистуудын тэмцээнд оролцож, амжилт гаргаж байсан. Вьетнамд болсон энэ тэмцээнээс маш их зүйлийг сурч авсан. 56 орны хамгийн шилдэг, шүтдэг, Инстаграм, Фэйсбүүкээр дагадаг мундаг артистуудынхаа ажлыг нүдээр тулж харж байгаа нь маш том сургамж, том хичээл боллоо. Маш гоё мэдрэмж, хийж бүтээе гэсэн итгэлтэй ирлээ. Бид багаараа маш мундаг байж чадсан” хэмээн бахархан ярилаа.

А.Мөнхцацрал: Нүд нээгдэх шиг боллоо

“PMU universe awards 2023” их наадмын оролцогч, “Choice beauty salon”-ыг үүсгэн байгуулагч А.Мөнхцацралаас сэтгэгдлийг нь сонсоход “Миний хувьд Гоёлын шивээсний төрөлд Монгол Улсынхаа багтай анх удаагаа олон улсын тэмцээнд оролцоод ирлээ. Бид багаараа амжилттай сайхан оролцож чадлаа. Би шивээс хийгээд 11 жил болж байгаа. Сүүлийн үед гарч байгаа гоёлын шивээсийг сураад жил гаруйн хугацаа болж байна. Энэ тэмцээнээс туршлага их судалж, их зүйлийг үзэж харлаа. Нүд нээгдэх шиг боллоо” гэсэн юм.

Олон улсын гоо сайхны артистуудын их наадмаас Гоёлын шивээсний fantastic төрөлд дэлхийн аваргын алтан цомыг Монгол Улсад авчирсан “De Saron” салон нь гоо сайхан, үсчин, маникюр, педикюр, хөмсөг шивээс, сормуус суулгах, вакс, чих цоолох, хүүхдийн чих цоололт, эмчилгээний гоо сайхан, лазер, нүүр будалт зэрэг үйлчилгээг хийдэг, 10-20 жилийн туршлагатай артистуудтай салон юм.

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ