...
...

Монгол Улсаа олон жил сурталчилсан гавьяа надад их бий

Монголын бодибилдингийн Гавьяат тамирчин Б.Сугарсүрэнтэй уулзаж ярилцлаа. Фитнессийн  спортын гайхамшиг эрүүл чанартай  амьдрах боломж  зэрэг  олон  сэдвээр  ярилцсанаа хүргэе ээ.

-Оны  өмнөхөн та бодибилдингийн спортын гавьяат тамирчин цол тэмдэгээр шагнуулсан. Бодибилдингийн тамирчид нүдээ олсон шагнал гэж байсан ч ихэнхи хүмүүс энэ  хүүхэн яагаад авч байгаа билээ  гэх хандлагатай байсан. Хүнд асуултаар яриагаа эхлэж буйд уучлаарай?

- Бодибилдингийнспорт Монгол улсад хөгжөөд 30 жил болсон. Түүний 22 жилд нь зүтгэж авсан гавьяатын шагнал л даа. Төр түмэн нүдтэй гэж үнэхээр үнэн л юм билээ. Миний хувьд монголын бодибилдингийн хөгжлийн холбооны тамирчин. Манай холбоо нь дэлхийд 80 жилийн түүхтэй IFBBхолбоотой хамтран ажилладаг. Олон улсын тавцангаас 29 жилийн дараа хүрэл медаль авч ирсэнийг маань төр засгаас үнэлсэн гэж би хувьдаа баярлаж талархаж  явдаг. Монголд бодибилдингийн спорт 30 жил хөгжсөнөөс үүний 15 жилд нь би шүүгч хийсэн. Нэг тэмцээнд оролцохдоо дээд тал нийт 1800-аад тамирчид өрсөлддөг, Дэлхийн аваргад дан  зургаад  зогсч байлаа. Ноднин жил Монгол улсын түүхэн амжилтыг  анх удаа үзүүлж хүрэл медаль хүртсэн. Өөрөөсөө 12 насаар дүү охидтой уралдах мэдээж амар байгаагүй. Морьтой зүйрлэвэл томск морьтой  жороо  морь  уралдаж байна гэсэн үг л дээ.  Бразил ангилалд нэлээд хэдэн томск морийг ардаа орхиод гураваар  гарч  ирсэн.

-Салбарынхандаа л гэхээс нийгэмд танигдаагүй хэт даруухан оршисон байх л даа?

-Тэгж ойлгож  болно. Урдах ажлаа чимээгүй хэрнээ тасралтгүй хийж явахад  амжилт ойрхон байдаг гэж би боддог. Намайг гэнэт гарч ирээд л гавьяат авсан юм шигээр ойлгодог. Үгүй л дээ. Монгол улсаа  гадаадад  олон жил сурталчиллаа. Би ямар газар ухаж буруу хэрэг хийсэн биш. Монголдоо эмэгтэй эрэгтэй тамирчид бэлдэж, улс  эх орноо  таниулж явсан. Монгол улсад бодибилдингийн спорт хөгжих суурийг тавьж анхны олон улсын мастер цолыг авч ирсэн. Мөн анхны эмэгтэй шүүгч, дасгалжуулагч хийж өөрөөрөө үлгэрлэж ирсэн. Хорин хоёр жил шаргуу хөдөлмөрлөсний минь үр шим гэж би боддог. Харин ч би оройтож авсан. Одоогийнх шиг бүх байшингийн доод давхарт фитнесс байдаггүй байлаа. Залуусыг эрүүлжүүлж, өөрөөрөө үлгэр дууриалал үзүүлсэн. Тухайн үед тамирчидаа тогтоох гэж араас нь бид хөөцөлддөг байсан үе. Эмэгтэйчүүддээ гоозүй гоё сайханг таниулсан гээд энэ спортын суурийг монголд тавьсан болохоор би ам бардам хэлнэ.Энэ бол миний олон жил шаргуу хөдөлмөрлөсний хувь нэмэр. Учир мэдэх тамирчид маань нүдээ олсон шагнал байлаа гэж дуу нэгтэйгээр дэмжсэн. Монголын  анхны  шүүгч  дасгалжуулагч  тамирчин  гээд  бүх  зүйлээрээ би анхдагч байсан. Бодибилдингийн спортын анхны алтангадас одонг ч хүртэж байлаа. Миний дараа маш олон тамирчин Алтан гадас одон хүртсэн болохоор өөрийгөө булган сүүлтэй гэж боддог.

-Бусад  тамирчид шиг өөрийгөө сурталчилж PR хийх байж дээ гэж боддог уу?

-Хаашаа ч үсчихгүйгээр нэг спортоор тууштай хичээллэж байгаа хүнийг би тамирчин гэж ойлгодог. Дөнгөж сонирхогчоор орж ирээд 5 жил хичээллээд тамирчин болно гэж байхгүй л дээ. Өнөөдөр тамирчин сонирхогч хоёрын ялгааг нийгэм ялгаж салгаж ойлгохгүй  байгаад л хамаг учир байгаа юм. Та яагаад ийм даруухан юм бэ гэж хүмүүс надаас их асуудаг. Ясны тамирчин хүн амжилтад хүрснийхээ дараа л ярьдаг. Бид Дэлхийгээс юмуу, азиас авах медалиа л бодно уу гэхээс өөр зүйлд анхаарлаа хандуулдаггүй. Бодибилдингийн спортын нэг онцлог байна л даа. Хэн дуртай нь тамирчин болж байна. Сонирхогчдыг тамирчин гэж андуурдаг. Зарим хүмүүс нэг удаа ялалтад хүрээд аваргынхаа нэрийг хадгалах гээд л спортоо орхидог. Харин бид  маш  олон жил ялагдана, дарагдана, унана босно. Олон үе шатуудаар маш олон жил явж элдэгдэж байж тамирчин болдог.

 

80 САЯ ХҮН АМТАЙ ТУРК УЛСЫН АВАРГА БОЛЖ, СПОРТЫН МЭДЭЭГЭЭР НЬ 7 ХОНОГ ГАРСАН

-Фитнессээр анх хэрхэн хичээллэх болов. Хэн хөтөлж оруулсан бэ?

-Миний хувьд ОХУ-д арван жилээ төгсөөд тэндээ боловсрол эзэмшсэн.  Социализмын сүүл үед аав ээж хоёр маань ажлын шаардлагаар Турк улс руу нүүсэн. Багадаа уран   сайхны гимнастик, караэте, усан бассейнгээд бүх л дугуйланд явдаг охин байсан.  Туркт хоол унд сайтай болохоор жин нэмж эхэлсэн. Ээж намайг хөтлөөд фитнессд оруулсанаар миний амьдрал энэ спорттой холбогдсон хэрэг. Эхэндээ фитнессээр хичээллэхдургүй болохоор гараад гүймээр санагддаг байлаа. Ээж хүлээгээд суудаг байсан болохоор зугатах ямар чболомжгүй, дасан зохицоохоос өөр аргагүй болсон. Хүн  ямар нэг зүйлийг 75 өдөр тасралтгүй хийхэд эргэлт буцалтгүй дуртай болдог шинжлэх ухааны судалгаа байдаг юм билээ. Гурван сарын турш тасралтгүй хичээллэсний үр дүнд өөрөө явдаг болсон. 

Фитнесстээ яваад гоё болж байтал, усан бассейны багшаар түр ажиллах боломж гарсан.   Удалгүй фитнессийн багш болсон. Орос англи хэлтэй болохоор Туркүүд намайг боловсролтой гээд  нэр хүнд  сайтай байлаа. Нэг удаа “багшаа та манай улсын аваргад  оролцооч” гэдэг юм байна. Тэгээд долоон сарын турш хатуу хоолны дэглэм барьж, маш их хичээсэний үр дүнд Турк улсын “Аварга” болж түрүүлсэн. Ная гаруй сая хүн амтай улсад спортын аварга болно гэдэг үнэхээр зүйрлэхийн аргагүй сайхан байсан. Бүтэн долоо хоногын турш  спортын мэдээгээр зөвхөн миний тухай мэдээлэл гарч байлаа.  Турк  улсын аль ч дүүрэгт очсон фитнесст ажиллах эрх авсан. Одоо ч энэ эрх маань нээлттэй байгаа. Гадаад дотоодоор яваад амжилт үзүүлээд байсан,манай эмээ “Монголдоо ирээд, Монголынхоо нэрийг гарга” гэдэг үүрэг даалгавар өгдөг юм байна. Тэгээд 2007 онд Монголдоо ирсэн.Тамирчин байхгүй, шүүгч ч байхгүй орчин угтсан. Дасгалжуулагчаа ч хийгээд, шүүгчээ ч хийгээд анхны  гарааг  эхлүүлж байсан.

-Эмэгтэй тамирчинтай уулзаж байгаагийнх гоо зүйн  талаар асуухгүй байж болохгүй байх. Фитнессээр хичээллэснээр эмэгтэй  хүн хэрхэн  өөрийгөө бүтээх боломжтой вэ?

-Гоо зүйгүй  эмэгтэй  хүн гэж байдаггүй. Тэр дундаа Монгол охид эмэгтэйчүүд  маань азидаа толгой  цохисон  сайхан эмэгтэйчүүд. Эмэгтэй хүн өөрийгөө дайчлан хэрхэн авч явахаас л эмэгтэй  хүний гоо зүй хамаарна. Гоё ганган хувцаслахаас илүүтэй, спортоор өөрийгөө бүтээж, эрүүл гоё сайхан байх боломжтой.  Адаглаад  л үр  хүүхэддээ эрүүл  олон  жил харагдах хэрэгтэй шүү дээ. Эрүүл нийгэмтэй газар ядуурал бага байдаг. Эрүүл байна гэдэг өөрөө гоо зүй. Гаднаасаа гэхээсээ илүү дотор эрхтэнүүд эрүүл байвал энэ нь гоо зүй. Нүд нь цагаанаараа эргэлдээд л,  цагаан  шүд яралзуулаад инээхэд гал цогтой ямар гоё байдаг билээ. Дотоод  эрхтэний  эрүүл мэнд нүүрэн дээр тэгж илэрдэг.

-Зөв хоололт дасгал  хөдөлгөөний  аль  нь илүү нөлөөтэй юм бэ?

-Аль аль нь чухал.Зөв хооллолт гэхээр заавал гадныхан шиг ногоо иднэ гэсэн ойлголт  байхгүй.  Ядаж л гэрийн нөхцөлд  алхаад эсвэл гүйгээд хөдөлгөөнтэй байвал гэртээ ч өөрийгөө урлах боломжтой. Өглөөд 30 минут  гэдэсний  таталт  хийж сурвал, бүх насаараа та гэдэсгүй байна. Энд хооллолт маш чухал. Орой гурилтай нүүрс устай хоол идэхээ болих хэрэгтэй. Төмс  гурилаа өдөр нь идээд өөрийгөө хянаж хязгаарлаж байж л гоё  болно.  Ер нь гоё сайхан байна гэдэг маш энгийн. Өглөө босохдоо  цэвэр ус ууж, гэртээ орохдоо шатаар алхдаг зуршилтай болох хэрэгтэй. Өөх тостой мах оройдоо идэхгүй гээд энгийн хэвшлүүдийг амьдралдаа хэвшүүлэхэд л болно доо.

 

ФИТНЕССЭЭР ХИЧЭЭЛЛЭЭД ЦЭВЭРШИЛТИЙГ ОЛОН ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛАХ БОЛОМЖ БИЙ

 

-Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт маш их залуужиж  байгаа. Үүнээс сэргийлэхэд  фитнесс  туслаж  чадах уу?

-Чадна. Цэвэршинэ гэдэг нь  эмэгтэй хүний хоёр дахь  амьдрал эхлэж байна гэсэн үг л дээ. Нас явах тусам эмэгтэй хүн болгон цэвэршдэг. Миний хувьд бага залуугаасаа л   цэвэршиж  байгаа  эмэгтэйчүүдтэй ажиллаж ирсэн. Д витамины дутагдалд  орж, ясны  сийрэгжилт явагдаж, сэтгэл гутралд ордог.  Бие организмийн бүх зүйл бага багаар  гундаж эхлэдэг. Түүнийг хойшлуулахын тулд байнгын актив  байх хэрэгтэй.Спортоор   хичээллэж байнгын бодисын солилцоонд орж байх нь юу юунаас илүү чухал. Булчин метаполизм ажиллаад эхлэхээр дотоод  үйл  ажиллагаа идэвхижиж цэвэрших нас хэдэн жилээр хойшлогддог. Тэгэхээр ерөөсөө л дасгал хөдөлгөөн хийж, булчингийн массаа авахын тулд бодибилдингээр хичээллэх  хэрэгтэй. Нас явах тусам  илүү  их  булчингийн  масс авахын тулд фитнесс хийх хэрэгтэй байгаа юм. Жил уйгагүй дасгал хийж,  хоолны  дэглэм  барихад 2 кг булчингийн масс авна.

-Биеэ өөрийнхөөрөө  урлана гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

-Фитнесс нь бүх булчин дээр салгаж ажилладаг болохоор булчин булчин дээр дасгал хийснээр  хүний  биеийг зороод бүтээгээд ирдэг. Тухайлбал хавчиг цээжтэй хүний  цээжин дээр ачаалал өгөхөд төвийгөөд гараад ирдэг. Бид эмчээс дутахааргүй хоол болон сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг. Тухайн хүний биений өгөгдөлийг тулгуурлан,  биеийг чинь ингэж ингэж засмаар юм байна гээд, хүн болгонд өөр өөр дасгалын программ гаргаж өгнө. Тэгэхээр таны дасгалын программ, минийхээс өөр байна гэсэн үг. Нас ажил мэргэжил басүүнд хамаатай. Тавин настай хүнээр эрчимтэй дасгал хийлгэж болохгүй. Шөнийн ээлжинд ажилладаг хүнээр эрчтэй дасгал хийлгэж бас болохгүй. Нас, хүйс  мэргэжлийн онцлогоос  хамаарсан дасгалуудыг өгдөг.  Фитнесс  өөрөө  агуу  спорт. Агуу спорт  болохоор спортын хаан гэж нэрлэдэг. Амьдралын утга  учир гоо сайхан эрүүл мэнд бүх зүйлийг хүнд өгдөг. Өөрийгөө гаргуунд хаяад, нөхрөөсөө салсан эмэгтэйчүүд өөрийгөө бүтээгээд тэмцээнд орж байна.  Эхнэр нь гоё сайхан болохоор нөхөр нь буцаад ирэх тохиолдолууд ч байдаг.

 

АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГАА  ӨӨРЧИЛЖ ЧАНАРТАЙ АМЬДРАХ  БОЛОМЖИЙГ НЭЭЖ ӨГДӨГ

 

-Хурдан тураах хатуу дэглэм гэх зэргээр шинжлэх ухаанаар батлагдаагүй хэн хэзээ  зохиосон нь тодорхойгүй дэглэмүүдийг хүмүүс их туршдаг. Энэ  талаар та ямар  бодолтой явдаг вэ?

-Нэг хоёр сарын  дотор  энэ хүн шиг гоё больё гээд 2 жил, 10 жил фитнесс хийсэн хүнтэй  харьцуулаад яараад байдаг. Хурдан турах сайн биш л дээ. Адаглаад л арьс унжина.  Урт хугацааны тасралтгүй бэлтгэлийн  үр дүнд бага багаар турах нь чухал. Ерөөсөө л хөдөлгөөн. Идсэн хоолоо шингээгээд тогтмол бэлтгэл хийгээд байвал ядаж л нэмж  таргалахгүй.  Тамирчид  шиг хатуу хоолны  дэглэм барих ямар ч шаардлагагүй. Өөх тос, чихэр, давс гэсэн гурван цагаан хорноос хол  явах хэрэгтэй. Хаашаа ч явсан дугуй унаад, алхаад, гүйгээд амьдралын хэв  маягаа спортлог болгоход л эрүүл байх бүрэн боломжтой. 

-Монголчууд иддэг  хоол хүнснээсээ авах ёстой шим тэжээлээ  авч чаддаггүй  гэдэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Хоолноос  бол уураг тэжээлээ авч байгаа. Манайх харьцангуй махтай улс шүү дээ. Тэгэхээр уурагаа бол хангалттай авна. Харин тахиа шувууны мах монголчуудад зохицохгүй. Би шавь нартаа тахианы  мах хэзээ ч санал болгодоггүй. Өвөлдөө адууны махаа идээд, зундаа үхрийн махтай шөлөө уугаад,  улирлын  чанартай  хооллоход л болно. Мөн улиралд гарч  байгаа жимсээ иднэ. Монголчууд ясны  сийрэгжилтэд эрт ороод бүгд  50 нас гараад хөл нь майгараад, хар залуугаараа өвөө эмээ болцгоодог. Д витамин нь кальцийг зөөвөрлөдөг учраас зайлшгүй уух ёстой. Ааруул цагаан  идээ сүү бүтээгдэхүүнээс кальциа хангалттай сайн авдаг.

-Одоо бол фитнесс оргил үе дээрээ хөгжиж байна. Хүмүүс ч ойлгож хичээдэг болчихож. Фитнессээр хичээллэж үзээгүй хүмүүс ямар давуу боломжуудыг өөртөө бий болгож авах вэ?

- Фитнесс бол хүнийг яг урладаг спорт л доо.  Биеэ гоё авч явдаг хүн гэж хүмүүс их ярьдаг. Ерөөсөө л цэвэр хөдөлмөр байдаг. Сайхан биетэй хүн шуудай нөмөрсөн ч гоё харагддаг шүү дээ. Тэгэхээр карказ биен дээрээ сайн ажиллах хэрэгтэй. Фитнесс бол амьдралын том боловсрол гэж би боддог.  Давуу тал нь амьдралын хэв маягаа өөрчилж чанартай амьдрах боломжийг  нээж өгдөг.  Би 20 гаран жил дасгалжуулагчаар ажиллахдаа маш их ажиглалт судалгаа хийсэн. Хүний амьдрал дандаа дардан замаар явахгүй алдана унана, босно гээд мөнхийн байлдаан дунд явдаг.

Зөвийг сонгох уу, сайныг сонгох уу гээд амьдралаа ялах чухал шийдвэр гаргалтад  нөлөөлж байдаг агуу спорт л доо. Бизнес нь унасан ч дахиад босгоно гэсэн хүчтэй залуус маш их байдаг. Өдөр бүр 1, 2 цаг орчлонгоос тасраад зөвхөн хийж байгаа дасгалдаа анхаараад ирэхээр хүнд маш их эрч хүч аз жаргалын гармоныг өгдөг. Мөнхийн залуу спорт гэдэг нь ч үүнтэй холбоотой.  Өдөр болгон дасгал хөдөлгөөн хийхээр тархи толгой бүх стрессээс холдож, сэтгэл гутралд ордоггүй.

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ