...
...

Энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг шинэчлэн танилцуулна

 Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийг 4 хувь байна гэж төсөөлснөө өмнө нь танилцуулж байсан. Тэгвэл энэ сард болох Мөнгөний бодлогын хорооны хуралд эдийн засгийн өсөлтийн шинэчилсэн төсөөллийг танилцуулна гэдгээ Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэллээ.

Тодотгоход, олон улсын байгууллагуудын зүгээс энэ онд манай улсын эдийн засгийг 5 хувь өснө гэж төсөөлөөд байгаа юм.

Тэгвэл Б.Баярдаваа захирал эдийн засгийн өсөлтийн төсөөлөл болон төлөвийн талаар дараах байр суурийг илэрхийллээ.

“Сүүлийн гурван жилийн хугацаанд тэр гэх боломжгүй тодорхой бус орчинд бодлого боловсруулагчид шийдвэр гаргаж байгаа. Нэг эрсдэлтэй нөхцөл байдал шийдвэрлэгдэхэд дараагийн шинэ эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн ийм орчинд явж ирлээ.

Энэ утгаараа бид хамгийн консерватив, хамгийн болгоомжтой төсөөллүүдийг хийж байна. Үүнийг хийхдээ шинэ нөхцөл байдал үүсч, бидний хүлээлтээс давсан нөхцөл байдал үүсэхэд түүнийг тодорхой хэмжээнд баталгаажуулж байж төсөөллийн шинэчлэл руу оруулж байна.

Өнгөрсөн оны эцэст хийсэн төсөөллөөр эдийн засгийн өсөлт 4% байх төлөвтэй байсан бол одоо нэгдүгээр улирлын гүйцэтгэлд үндэслэн энэхүү төсөөллийг шинэчилж байна.

Одоогийн байдлаар уул уурхайн бус салбарын хүлээлтээс 1 орчим пунктээр бага гарч байна. Харин уул уурхайн салбар нь нүүрсний экспортын гүйцэтгэлтэй холбоотойгоор хүлээлтээс давлаа. Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгын хүрээнд банкны системээс хүнсний салбар, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд олгож байгаа зээл олголтыг чиглүүлж байна. Энэ нь нийт эдийн засаг дахь зээл, санхүүжилтийн нөхцөл, хүнсний чиглэлийн салбарт тодорхой хэмжээний эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр энэхүү мэдээллүүдийг нэгтгэн төсөөллөө шинэчлээд зургадугаар сард болох мөнгөний бодлогын хорооны хуралд танилцуулах болно”.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ