...
...

ХОРИГДОЛ Б.МАХБАЛД 41 ХОНОГИЙН ЯЛ ЗАВШУУЛАВ

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны наймдугаар сард Зам тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/-ны байранд хүн амины хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь нас хохирсон.Энэхүү хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг сэжигтнээр татан, шалгаж гурван шатны шүүхээс 11 жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн ч хугацаанаас нь өмнө суллах боломж бүрдсэн хэмээн үзэж өнгөрөгч есдүгээр сард суллаад байгаа юм. Тэгвэл түүнийг хугацаанаас нь өмнө сулласан шийдвэр нь хууль зөрчсөн байх ба Б.Махбал 41 хоногийн ял завшжээ.

 

Тодруулбал, хоригдол Б.Махбалыг Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу нийт эдлэх ялын 2/3-ыг биеэр эдэлсэний дараа хугацаанаас нь өмнө суллах боломж бүрдэнэ. Б.Махбал нь шүүхээс 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд 2020 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар түүний эдлээгүй үлдсэн ялын 25 хувьд нь уучлал үзүүлж 1 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг хассан байдаг. Иймд тэрээр 09 жил 00 сар 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлэх ёстой байв. Өөрөөр хэлбэл, 06 жил 00 сар 03 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж байж хугацааны өмнө тэнсэн суллагдах нөхцөл бүрдэх байжээ. Ялын тооцоог 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар харвал: Биечлэн эдэлсэн ялын хугацаа: 05 жил 01 сар 03 хоног Шагналын хоног: 09 сар 20 хоног Биечлэн эдэлсэн 05 жил 01 сар 03 хоног + Шагналын 09 сар 20 хоног = Нийт биеэр эдэлсэн хугацаа 05 жил 10 сар 23 хоног болж байна.

 

Эндээс үзэхэд, 41 хоногийн өмнө шүүх хурлаар оруулан суллаж хууль зөрчсөн болох нь нотлогдож байна. Нийт 05 жил 10 сар 23 хоногийн хорих ял эдэлсэн Б.Махбал яагаад шүүх магадлангийн хуралд орох хугацаа болоогүй байхад шүүх хурлаар орж суллагдав. Зүй нь хорих анги, прокурор, шүүхээс магадланд орох хугацаа болоогүй гэсэн үндэслэлээр уг асуудлыг хэлэлцэхээс татгалзах ёстой байлаа. Харин хорих ангийн дарга, хурандаа Б.Тамир хоригдол Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллахын тулд, зориуд санаатайгаар хууль зөрчин түүний уучлалаар хасагдсан 1 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн хугацаанд оруулан тооцож хүн амины ноцтой гэмт хэрэгтэнд ял завших боломж олгосон гэж харагдаж байгаа юм.

 

Тоо бүртгэлийн ажилтан ялын тооцоог 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар тооцоолохдоо хэд хэдэн ноцтой алдаа гаргаж, ял завших боломж бүрдүүлжээ. Харвал: Биечлэн эдэлсэн ялын хугацаа: 05 жил 01 сар 03 хоног Шагналын хоног: 09 сар 20 хоног Ерөнхийлөгчийн уучлал: 1 жил 11 сар 25 хоног  Биечлэн эдэлсэн 05 жил 01 сар 03 хоног + Шагналын 09 сар 20 хоног + уучлалаар хасагдсан 1 жил 11 сар 25 хоног = Нийт биеэр эдэлсэн хугацаа 07 жил 10 сар 18 хоног болж байна.

 

Эндээс дараах ноцтой зөрчил, магадгүй гэмт үйлдэл харагдана. 1-рт: Холбогдох хууль тогтоомжид зааснаар түүнчлэн шүүхийн практикт өршөөл, уучлалаар хасагдсан хорих ялын хугацааг биеэр эдэлсэн хугацаанд оруулан тооцдоггүй бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас нь өршөөл, уучлалыг хасаж биеэр эдлэх ялын хугацааг тогтоодог. Зөвхөн цагдан хоригдсон хугацаа болон шагналын хоногийг биеэр эдэлсэн ялын хугацаанд оруулан тооцдог журамтай. Гэтэл  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучилагдсан 1 жил 11 сар 25 хоногийн хорих ялыг биеэр эдэлсэн хугацаанд оруулан тооцсон нь хууль тогтоомж зөрсөн үйлдэл мөн. 2-рт: Шүүх магадланд орох хугацаа болоогүй хоригдлыг 41 хоногийн өмнө шүүх магадлангийн хуралд оруулан суллаж, гэмт этгээдэд 41 хоногийн ял завших нөхцөлийг бүрдүүлжээ. 3-рт: Хугацааны өмнө суллах хорих ангийн тодорхойлолтод Ерөнхийлөгчийн уучлалаар хасагдсан хоногийг хоёр янзаар бодож, 4 хоногийн зөрүү үүсгэсэн байна. 4-рт: Магадлангаар суллагдах хугацаа болсон хоригдлуудыг хорих ангийн шатанд, прокурорын шатанд, шүүхийн шатанд хугацааны өмнө суллахаас хэд хэдэн удаа татгалздаг, хойшлуулдаг практик бий. Гэтэл хоригдол Б.Махбалыг хугацаа нь болоогүй байхад хорих анги нь дэмжиж, прокурор зөвшөөрөөд, шүүх нь шийдвэрлээд түргэн шуурхай үйлчилсэн нь хууль шүүхийнхэн энэ хэрэг дээр зохион байгуулалттай ажилласан гэдэг хардлага төрүүлж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ