...
...

Тэсвэр тэвчээрийн туйл болсон нийслэлчүүд

Нийслэлчүүд энэ өвөл жинхэнэ дэг гэгчийг үзэж байна. Халтиргаа гулгаа гэж тоймгүй, явган хүний гялгар бүрээстэй хавтан замын цасыг арилгах тусам зүлгэсэн шил толь мэт болж, гулгах, халтирах эрсдлийг 100 хувь нэмнэ. Авто замын голоор мөстөж, явган хүний гарц дээр машинууд ногоон гэрлээр тормос гишгэлээ ч гулгаад л ороод ирж байгаа. Халтиргаанаас болж гэмтэж бэртсэн хүний тоог бага зэргийн дайнтай оронтой жишвэл илүү л гарна.

Захын хорооллуудын уулын уруу, өгсүүр замыг бол хэлэх ч юм биш. Уулнаас уруудана гэдэг хэр баргийн экстрим аялал хийгчээс ч илүү хянуур болгоомж, хөлийн бяд, тэнцвэрээ олох аргыг шаардана. Нэг халтирвал бэлдээ бууж л зогсоно, тэр хүртэл мэнд үлдэх эсэх найдваргүй. Тэр мөсөн уулын уруу бууж буй машины жолооч нар бартаат замын уралдаанд оролцвол тэргүүн байранд л орж таарах байх. Хорооны ажилтан хэдэн хүүхэн л ойр тойрныхоо мөсөн дээгүүр тахиа шувуу хооллож буй мэт ууттай давснаас чимх чимхээр цацаж харагддаг юм. Утаа униар бол үлгэр домог болсон. Утаагүй түлш нэртэй л болохоос яндан бүрээс муухай үнэртэй утаа саагиж байна.

Хажуугаар нь автобусны чиглэл өөрчилж байна гээд самарснаас болоод хүйтэн нойтонд хэчнээн ч хүн чирэгдэв. Зарим чиглэл өнөө хэр сэргээгүй. Шинэ автобусууд ирээд байна гэсэн ч шугамд гардаг нь улам цөөрсөн. Түгжрэл ч хэрээс хэтэрлээ.

Өчигдөр орой түгжрэлд таг гацахдаа автобусаар хамт зорчигчдоо ажиглалаа. Хүнсэнд ачигдсан хонь шиг чигжээд зогсчихсон тэдний дүр бүр өөр. Залуухан бүсгүй гэртээ ээжтэйгээ үлдээсэн нялх үрдээ яаран байн байн утсаа гаргаж, “Одоохон очлоо, түгжрээд байна” л гэх. Ачаа харж байгаад аав ээжийг нь ирэхэд “ажлаасаа буусан” хөгшин гэрт үлдсэн хэддээ санаа зовж “Эмээ нь мөд хүрэхгүй нь. Та хэд хоолоо идсэн үү” гэж залгах. Маргааш өглөө эрт ээлжинд гарах автобусны жолооч “Харьж жаахан дуг хийхсэн” хэмээн санаашрах. Зэгзгэр жаахан охин багана налаад зогсчихсон автобусны радиогоор явах дууг даган инээмсэглэн амандаа зөөлөн аялах. Түүний харц гэгээхэн тунгалаг, хир буртаггүй. Гэхдээ л энэ хатуухан амьдрал удахгүй сүүдэр унагах вий гэхээс харуусал төрөм.

Бид ч бас яах вэ, унаа олоод багтчихсан. Гэтэл буудал бүр дээр малгай, ороолтынх нь захаар цан хүүрэг цохисон өчнөөн хүн унаа хүлээгээстэй. Ойр явах нь алхаж, холынх нь аргагүй тэвчээр заан зогссоор. Агаарын температур хасах 32 хэм. Цагаан сар дөхөхөөр улам гаарах үнийн хөөрөгдөл, зээлийн өр, ганцхан өдрийн аюулд насаараа хураасан нь хуйхлагдаад өнгөрч мэдэх эрсдэл, дээдэс, доодсын улам алсрах ялгаа. Орон нутагт амьдаръя гэвч хийх ажилгүй, хүүхдээ сургах чанартай сургууль хомс, үзэх харах зүйл ховор. Хайхрах эзэнгүй мэт хөлдүү хотын хамаг зовлонг нуруундаа тээн тэсвэр тэвчээрийн туйлыг үзүүлж яваа эгэл жирийн нийслэлчүүд минь дээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ