...
...

Н.Энхбат: Хэн нь шинийг нэвтрүүлж чадна, тэр нь үлдэнэ

Саяхнаас хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн талаар иргэдийн дунд мэдээлэл хомс байгаа бөгөөд энэ талаар тодруулах шаардлагатай болсон юм.  Тиймээс энэ талаарх мэдээллийг тодруулахаар ТЕГ-ын НӨАТ-ын урамшууллын систем төслийн стратеги хариуцсан захирал Н.Энхбаттай уулзаж ярилцлаа.

- Нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын хуулийн талаар иргэд болон, жижиг дунд бизнес эрхлэгчид мэдээлэл маш муу байна. Хуулийг иргэдэд таниулах сурталчилгаа хийгдсэн үү?

- Мэдээж  өнөөдөр 100 хувь хүн бүрт хангалттай сайн мэдээлэл хүрч чадаагүй байгаа. Хууль 2015 оны долдугаар сард анх батлагдсан. Түүнээс хойш аж ахуй нэгжүүдэд зурагт, сонин хэвлэл, сургалтаар мэдээллийг хүргэж байсан. Тэр үед хууль хэрэгжиж эхлээгүй байсан болохоор байгууллагууд идэвхигүй байсан байх. Харин өнөөдөр хууль хэрэгжээд эхлэнгүүт хүмүүс нээрээ нэг ийм зүйл байгаа гээд гэнэт ухаарч байх шиг байна. Тэгээд тэр үед хайхрамжгүй байсан хүмүүс одоо бидэнд энэ талаар мэдээлэл өгөөгүй гээд байж байгаа гэх мэт асуудал байна.

- Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын шинэчлэгдсэн хуулийг мөрдөж эхэлсэн хичнээн аж ахуй нэгж байна вэ?

- Хуулийн хэрэгжилтийн хүрээнд өнөөдөр ebarimt.mn цахим хуудсаар баримт хэвлэж байгаа 15 000, кассын машинаар баримт хэвлэж байгаа 5000 орчим аж ахуй нэгж байна. Нийт 23 000 гаруй кассын машин төлбөрийн баримт хэвлээд эхэлсэн.

- Иргэд НӨАТ-ын хуулийн талаар сайн мэдлэггүйгээс болоод баримтаа хаях тохиолдол олон гарч байна? Энэ тал дээр ухуулга сурталчилгаа хэр хийж байна вэ?

- Өнөөдөр худалдан авагчдын хамгийн том асуудал нь баримтаа хадгалж сураагүй байдал юм. Хүмүүс баримтаа нэхэж авахгүй л бол байгууллагууд өгөхгүй байх санаатай байдаг . Тиймээс хүмүүс баримтаа нэхэж авах хэрэгтэй. Тэгж байж таны төлсөн татвар , төлсөн мөнгө төсөвт төвлөрч байна уу гэдгийг нь мэдэж авах боломжтой. Мөн баримтаа хүмүүс баталгаажуулахгүй байна. Иймээс маш олон баримт гээгдэж хаягдаж байгаа нь мэдээж. Ухуулга сурталчилгаа хийгдэж байгаа.

- Үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн иргэн бүрт сугалааны кодтой баримт өгч байгаа.  Сугалааны кодоор яаж азтанг шалгаруулж байна вэ?

- Сугалааны гол онцлог нь ямар ч тооцоолол, магадлалаар бодож үзсэн 1000 баримт тутмын нэг нь азтан болох боломжтой. Хамгийн том шагнал нь 100 сая төгрөгний, тэгээд супер шагнал гэх мэтчилэн байгаа.  Хүмүүс хамгийн том шагналыг түлхүү анхаарч байгаа болохоос биш 20,000 төгрөгний, 100,000 төгрөгний шагналуудад анхаарахгүй байна. Энэ бага шагналууд нь харин ч өргөн хүртээмжтэйгээр тараагдах юм. Гэтэл хүмүүс ойшоохгүй байна. Өнөөдрийн байдлаар, сугалаагаар 1160 ялагч тодроод дансанд нь мөнгө нь шилжиж очсон.  

- Саяхан НӨАТ-ын баримт хэвлэдэг машиныг жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэгүй тараана гэсэн яриа гарсан байна. Энэ талаар ?

- Бидэнд одоогоор тийм мэдээлэл алга. Ямар нэгэн сонгон шалгаруулалтаар аливаа байгууллагын бүтээгдэхүүнийг төрөөс тараах гэж байгаа тухай мэдээлэл байхгүй.

- Үйлчилгээ эрхэлсэн иргэн, аж ахуй нэгж байгууллагууд бүгд кассын машинтай болох ёстой юу?

- Өнөөдөр явж байгаа системийн тогтолцоогоор бол кассын машиныг зах зээл дээрээс өөрсдийн хэрэгцээнд, бизнесийнхээ цар хүрээнд тохируулаад авч болно. Мэдээж бүх байгууллагыг кассын машинтай бол гэж шахахгүй байгаа. Өдөрт маш цөөхөн 100 хүртэлх баримт хэвлэдэг ачаалалгүй газрууд ebarimt.mn цахим хуудсан дээр байгаа үнэгүй баримт хэвлэх системээ ашиглан гар утас, компьютер зэргээр баримт хэвлэж болно.

- Хүмүүсийн дунд баримт хэвлэх төхөөрөмжийн үнэ өртгийн талаар олон таамаг байна.  Баримт хэвлэх төхөөрөмж хэдээс хэдэн төгрөгний хооронд байдаг юм бол?

- Гадуур 3 сая, 4сая гэж яриад байгаа. Энэ бол хамгийн үнэтэй нь юм. Хүмүүс хамгийн үнэтэйг нь асуучихаад яваад байна. Одоогоор зах зээлд кассын машин нийлүүлж байгаа 18 байгууллага байгаа. Эдгээр байгууллагууд нь уул уурхай, ресторан, зах дотор, гадаа гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүс гэх мэт салбар салбарт нь тохирсон кассын машиныг нийлүүлж байна. Үнийн хувьд ч гэсэн илүү хямдхан байх боломжтой.

- Заавал кассын машин авахгүйгээр баримт хэвлэх хэр олон боломж байна вэ?

- Кассын систем гэдэг нь цаанаа бол компьютер. Манай системийн туршигдсан байдал нь 5 жилийн өмнөх аль хэдийн акталсан компьютер дээр ажиллах боломжтой гэсэн. Компьютер, жижиг хэвлэх төхөөрөмж, интернэт байвал баримт хэвлэх асуудалгүй. Гадуур том дэлгүүрүүдэд байгаа кассын машин бол илүү боловсронгуй функц агуулснаараа өөр болж байгаа юм. Зөвхөн ebarimt.mn цахим хуудсыг ашиглаад баримтаа хэвлэж байгаа газрууд олон байгаа.

- Компьютер, интернэт ашиглаж мэдэхгүй, эсвэл байхгүй жижиг, дунд бизнес эрхлэгчид яах вэ? Нэг ширхэг чихэр авах болгонд нь баримт хэвлэж өгөх нь тэдний хувьд хэцүү?

- Ямар ч зах зээлд борлуулалтаар нь бүртгэдэг систем байдаг. Хүмүүс олон жилийн дадлага болсон дэвтэр дээр гүйлгээгээ бичдэг заншлаа дагаж байна. Ямар ч улсад, ямар ч газарт Дэвтэр нь нотлох анхан шатны баримтын үүргийг гүйцэтгэдэггүй. Тиймээс үүнийг баримтжуулах цахим системийг бий болгож байна. Өнөөдөр технологи хөгжсөн заавал кассын машин гэлтгүй гар утаснаас баримт хэвлэх боломжтой. Тухайлбал, зах дээр бизнес эрхлэгчдийн 90 хувь нь ухаалаг утас хэрэглэж байна. Мэдээллийн дутмаг асуудлаас болоод хүмүүс үнэтэй кассын машиныг авах хэрэгтэй гэж бодоод байна. Гэтэл үнэндээ тухайн хүн борлуулалтаа бүртгэдэг системээ модультайгаа холбочиход болох юм. Үнэхээр хүнд сүлжээгүй газрууд байдаг. Үүнийг хуулинд заасан байгаа. Худалдан авагчид өгөх ёстой  баримтаа гаргаж өгч чадаагүй тохиолдолд 3 хоногтоо нэг удаа татварын албанд бүртгүүлэхэд болно. Аж ахуй нэгж бол долоо хоногтоо нэг удаа сүлжээтэй газар очоод баримтыг нь гаргаад өгч болох юм. Жишээ нь: Нэг хоолны газар байлаа гэхэд үйлчлүүлсэн хүнийхээ мэйл хаягийг бичиж аваад дараа нь баримтаа мэйл хаяг руу нь явуулж болно.

- НӨАТ-ын хуулинд үйлчилгээний байгууллага заавал кассын машинтай байх ёстой гэж заасан байдаг уу?

- Ер нь бизнес эрхэлж байгаа хүмүүс НӨАТ-ын хууль батлагдсанаар бүгд кассын машинтай болох хэрэгтэй болсон гэж бодоод байна. Гэтэл энэ нь анхнаасаа 2001 оны татварын хуулинд татвар төлөгч кассын машинтай байх үүрэгтэй гэж заасан. Тэгээд өнөөдрийг хүртэл хүмүүс үүргээ биелүүлэхгүй явж байсан. Энэхүү үүрэг нь өнөөдрийн системтэй уялдаад зүгээр л илүү тод томруунаар гарч ирсэн хэрэг. Одоохондоо бол энэ ажил нь тодорхой үе шаттайгаар явагдаж байна. Таны хэлснээр, эхлээд том супермаркетууд нь зүгширч эхэлнэ. Тэгээд жижиг дунд бизнес эрхлэгчид, дараагаар нь лангуу зэрэг газрууд системд хамрагдаж эхэлнэ.

- Ямар ч боломжгүй баримт хэвлэж өгөх чадваргүй, жижиглэнгийн худалдаа   эрхлэгчид яах вэ?

- Гар дээрээс худалдаа хийж байгаа хүн баримт тараахгүй байна гэдэг бол татвараас зайлсхийж байна гэсэн үг. Тэр хүн татварт бүртгэлгүй бөгөөд шууд татвараас зайлсхийж байгаа хэрэг юм.

- Тэгвэл эдгээр хүмүүст ямар нэгэн хариуцлага тооцох уу?

- Хуулиараа зохицуулагдаад явна байх.

- Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд нэгэн санаа зовоосон асуудал гарч ирсэн. Тухайлбал, жижиг бизнес эрхлэгчид баримт хэвлэж өгч чадахгүйн улмаас худалдан авагчид баримт хэвлэж өгч байгаа газрыг сонгон үйлчлүүлэх. Тэгснээр жижиг бизнес эрхлэгчид худалдан авагчгүй болж дампууралд хүрч болох юм. Энэ тал дээр?

- Энэ бол цэвэр бизнесийн өрсөлдөөн. Хэн нь илүү цаг үетэйгээ холбогдож, илүү зүйлийг нэвтрүүлж чадах нь үлдэнэ. Жишээлбэл: Баянзүрх зах дээр цагаан идээний 10 лангуу үйл ажиллагаа явуулж байлаа. Бүгд ижил үнээр бүтээгдэхүүнээ худалдаалж байв. Тэгтэл нэг нь кассын машин ашиглаж бүтээгдэхүүнээ борлуулж эхлэв. Үйлчлүүлэгчид мэдээж баримттай газраар нь үйлчлүүлнэ. Тэгэхээр бусад лангууны түрээслэгчид худалдан авагчаа алдахгүйн тулд кассын машинтай болохыг эрмэлзэнэ. Энэ бол цэвэр зах зээлийн өрсөлдөөн.

- Энэ хуулийн ашиг нь юу вэ?

- Дэлхийн банкны эдийн засгийн судалгаа байдаг. Монгол улсын далд эдийн засаг нь 34 хувьтай байна. Зарим тохиолдолд 42 хувьтай байна гэж гарсан. Тиймээс Монгол улсад нийт хийгдэж байгаа худалдааны ихэнх нь далд байгаа юм. Татвар төлөгчийн үүрэг нь татвараа үнэн зөв мэдээлэх явдал байдаг ч   тэгж тайлагнадаггүй. Тэгвэл үүнийг нь энэ хууль ил болгох юм. Мөн би нэг дэлгүүрээс юм авахад НӨАТ гэдэг татвар байдаг хэрнээ, тэр татвар нь улсын төсөвт орж байгаа үгүйг мэддэггүй байсан бол мэддэг болох явдал юм. Миний төлсөн мөнгө төсөвт орж байгаа үгүйг мэдэж болно. Дундуур нь хэн нэгэн завших боломжгүй. Өмнө нь энэ хууль байсан уу? Байсан. Харин өнөөдөр энэ бүхнийг нэгдсэн системд холбож байгаагаараа онцлог болоод байгаа юм.

- 2016 онд үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн бүх баримтаа цуглуулж иргэд харьяа дүүргийнхээ татварын албанд өгснөөр 2017 оны эхний улиралд 2 хувиа эргүүлж авна гэсэн. Энэ талаар?

- Үндэсний статистикийн хорооноос сонирхолтой судалгаа гаргасан. Дундаж өрхийн сарын орлого 1,269,000 төгрөг байлаа гэж бодъё. Байрны мөнгөндөө тэдэн хувийг, машин, гар утсандаа тэдэн хувийг зарцууллаа гэх мэт задаргаа хийе. Дээрх зарцуулж байгаа зүйлс нь бүгд НӨАТ-тай юм. Үүний 70 орчим хувийг НӨАТ-тай худалдан авалтанд зарцуулж байна. Барагцаалбал 900-аад мянган төгрөг. Хэрэв тухайн бүх баримтаа үнэн зөв цуглуулж чадах юм бол дараа оныхоо эхний улиралдаа багтааж 300-аад мянган төгрөг авч болно гэсэн судалгаа гарсан.

- Ярилцлага өгсөнд баярлалаа.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ