...
...

МЕГА ТӨСӨЛ-1 буюу 25 жил дуншсан Эгийн гол

        Мега төсөл гэх нэршил нь цар хүрээ, цаг хугацаанаас гадна санхүүжилтийн хэмжээг зааж байгаа аварга ойлголт. Монголд энэ аварга ойлголтод багтах хэд хэдэн Мега төсөл хэрэгжиж байна. Мега төсөл гэх ойлголтыг базаж, амьдрал хөрсөн дээр илүү үнэмшилтэйгээр тайлбарласан анхны Монгол хүн бол М.Энхсайхан юм. Түүний алдарт “Мега төсөл” хэмээх илтгэл нь “Бүх юм судалгаан дээр төвлөрөх шаардлагатай тийм эрин цагт бид амьдарч байна. Хаана хөгжил байна, тэнд судалгаанд түшиглэдэг. Хятадад 74 think-tank буюу судалгааны байгууллага бий. Энэ 74 байгууллагын судалгаа шинжилгээн дээр тэрбум хүний амьдралыг авч явах төрийн бодлого нь гардаг. Манайх 10-аад судалгааны байгууллагатай гэж тэмдэглэгджээ. Үнэн хэрэгтээ сайн судалгаа хийдэг байгууллага байхгүй. Судалгааны чадавх маш муу байгаа. Судалгаа муу байгаа цагт бид ухаалаг төртэй байж чадахгүй” хэмээх  үгээр эхэлдэг. Монголд судалгаа сайн хийх газар байхгүйгээс төрийн бодлого зөв чигт орж чаддаггүй гэсэн үг. Төрийн бодлого зөв явж чадахгүй байгаа нь мега төслийн эмзэг мэдрэмтгий чанарыг улам нэмэгдүүлнэ. Мөн түүний илтгэлд /түүний ч гэлтгүй олон улсын мега төслөөс үүдэн гарсан сургамж/ Мега төсөл хоёр зүйлээс зайлсхийхийг зөвлөдөг хэмээн гарна.

        Нэгдүгээрт, Optimism bias буюу хөөрөл. Манайхан яг одоо хөөрлийн байдалд байна. Төмөр зам, Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, Цахилгаан станц байгуулъя зэргээр том төслүүд ярихдаа бид маш гоё кино хийж чадаж байна. Кинонуудыг сайн харвал нисдэг тэргээр зураг авсан нь ч бий. Хөөрөл Мега төслийг алдаг.

        Хоёрдугаарт, Planning fallacy. Үүнийг төлөвлөлтийн алдаа гэхээсээ сэтгэлгээний алдаа гэх нь монголчуудад илүү бууж магад. Сэтгэлгээний алдаа гэж юуг хэлээд байна вэ гэдгийг ойлгуулахын тулд хүмүүний түүхэнд байсан нэг жишээг хэлж болох юм. Хүн төрөлхтөн нэг хэсэг дэлхийг хавтгай гэж ойлгож байсан. Мега төслийн боловсруулалт дээр ийм алдаа гаргах аюултай. Мега төслийг зохион байгуулж байгаа хүн хөөрөл, сэтгэлгээний алдаа хоёроос зайлсхийх хэрэгтэй. Хөөрөлгүй, оновчтой буудах хэрэгтэй. Хөөрөл тэнцвэргүй байдал үүсгэнэ. Хөөрөлд автах нь төслөө зөв хийж чадахгүй, оновчтой буудаж чадахгүйд хүргэнэ.

        Мега төслийг Сэтгэлгээний алдаа, Хөөрөл дагалддаг тул парадокс маягийн үзэгдлүүд Мега төслүүдэд байдаг. Дийлэнх мега төсөл төлөвлөсөн зардлаа хэтрүүлдэг. Суэцийн суваг 1900%, Сиднейн дуурийн театр 1400%, Конкорд нисэх онгоцны төсөл 1100%-иар зардлаа хэтрүүлсэн байна. Энэ нь Мега төслийн бараг зүй тогтол мэт. Зардал хэтрэхээс гадна өгөөж бага байдаг нь Мега төслийн онцлог гэж хэлж болохоор. Үүний жишээ нь Франц Английг далай доогуур холбосон туннель. Энэ туннель 1994 онд ашиглалтад орсон. Өртөг нь 4,7 £ тэрбум, төлөвлөсөн орлого нь 50%-иар буурсан. М.Энхсайханы илтгэлийн хамгийн анхаарал татсан хэсэг нь “1 тэрбум доллараас дээш хөрөнгө оруулалттай мега төслүүдийн гуравны хоёр нь унадаг, гуравны нэг нь бүтдэг. 500 сая доллараас дээш төслийн 40% нь унадаг, 60% нь бүтдэг. Бид төсөл мөрөөдөж болно. Гэхдээ унадаг гэдгийг мартаж болохгүй. Мега төсөл одоохондоо санхүүгийн баялгийг бүтээхээсээ илүүтэй баялгийг устгагч болж байна гэдгийг ойлгох ёстой болж байна.  Дэлхийд ийм байхад Монголд ямар байх вэ? Бидэнд энэ талын ойлголт маш сул учраас Чингис бондын санхүүжилтээр хийгдэж байгаа маш олон төсөл уначихсан байхад гайхах зүйлгүй мэт. Тэр нь эргээд бидэнд өр болоод үлдэнэ. Олон асуудал үүснэ.

Гэхдээ Чингис бондыг буруутгаж болохгүй. Чингис бондын хүчинд бид Мега төсөл гэсэн проблемтэй учирч байгаа. Түүнийг хийж чадахгүй, арга зүйг мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ зовлон дундуур туулж байж Монгол урагшлах байх л даа” гэсэн өгүүлбэрүүд юм. Энүүгээр харвал Мега төсөл хэрэгжих амжилт авчрах магадлал 33,3 хувьтай гэсэн үг. Асар их хөрөнгө оруулалтын хувьд энэ бол дэндүү том эрсдэл. Тэр тусмаа бондын санхүүжилтээр хийгдэх төсөл гэж үзвэл энэ бараг амиа хорлолт юм байна. Мэдэхгүй чадахгүй юм аа Бондын мөнгөөр хийж байж Монгол улс урагшлах байх гэсэн нь бүр ч аюултай санагдана. “Урагшлах байх” гэдэг бол урагшлахгүй ч байж магад, эсвэл бүр ухрах байх гэсэнтэй ижил утгатай. Амжилтгүй Мега төсөл хамаг санхүүжилтээ үрэн таран хийгээд эргээд асар их өрөнд биднийг оруулах юм байна. Тэгвэл ийм эмзэг зүй тогтол дундуур, энэ эдийн засгийн хямралын үеэр магадгүй Монголын ирээдүйгээр наадаж байж мэдэх хэд хэдэн Мега төсөл хэрэгжиж байна. Эдгээр Мега төслүүд Монголын ирээдүйг хэрхэн зурах вэ?

      

        Хуучин ЗСБНХУ-ын усны судалгааны хүрээлэнгээс БНМАУ-д 1964-1970 оны хооронд судалгаа хийгээд 26 /зарим баримт дээр 28-н байршил гэсэн байгаа/ байршилд усан цахилгаан станц барихад тохиромжтой гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Эдгээр 26-н байршлаас эдийн засгийн үр өгөөжийн хувьд хамгийн ашигтай нь Эгийн гол юм. Эгийн голын усан цахилгаан станц барих шийдвэр аль 1991 онд гарч Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ТЭЗҮ боловсруулах ажил эхэлсэн байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилт нь тухайн үеийн засаг ноёдын халаасанд яваад орсон шиг байгаа юм. Цаг үе ороо бусгаа байсан тул элдэв хөрөнгө оруулалтын зарцуулалт хяналтгүй байсан хэмээн үзээд, өнөө тэр мөнгөний сураг тасарсан гэж бүрнээ итгэж болно. Ямар ч байсан тухайн санхүүжилтийн 5,5 сая ам.доллараас бага сага мөнгөөр нь 1992-1995 оны хооронд Швейцарь, Итали, Монголын компаниуд ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гаргасан байдаг. Энэхүү ТЭЗҮ дээр тулгуурлан 1996-1997 оны хооронд тухайн үеийн Монголын засгийн газар төслийг хэрэгжүүлэх арга хэмжээ эхлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй байна.

Ийнхүү олон жил сунжирч олон засаг дамнасан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг 2006 онд дахин хэрэгжүүлэх гэсэн оролдлого гарсан байна. Эгийн голын усан цахилгаан станцыг УИХ-аас баталсан Монгол-Хятад улсын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх хэлцэл хийгдэж, 2007 онд тендер зарлан, Хятадын компаниуд шалгарав.

Гэвч засаг солигдон, Ерөнхий сайд төслийг татаж авснаар дахин зогсжээ. Энэ хооронд хөөрхөн мөнгөний тоон үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтууд үргүй зардал, янз бүрийн үйлчилгээний хөлсөнд урссаар л байсан нь тодорхой. Анхлан энэ төслийг хэрэгжүүлэх сураг гарсан 1991 оноос хойш 22 жилийн дараа буюу 2013 оны 11-р сард “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн нэгж байгуулагдсанаар төсөл хэрэгжих, эсвэл төслийн нэрээр мөнгө угаах гурав дахь удаагийн оролдлого эхэлсэн байна. Төслийн нэгжийнхний бичиг цаасны ажил буюу удаа дараагийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, бас бус ажил нь дуусахын даваан дээр ОХУ-аас НҮБ-ын холбогдох салбар байгууллагуудад хандан  Монголын усан цахилгаан станцууд Байгаль нуурын урсцад нөлөөлнө гэсэн гомдол гаргасаар ирсэн байдаг. Харин манай талаас “Эгийн голын усан цахилгаан станц” нь Байгал нуурын тогтцод 0,023% буюу хуурай жилийн нөлөөллөөс багаар нөлөөлнө гэсэн дүгнэлт гаргасан байна.

Төслийн ерөнхий зөвлөхөөр Францын “GDF Suez”-ийн охин компани “Трактебел инженеринг” ажиллаж, ТЭЗҮ-г шинэчилж дуусаад байна. Мэдээж ТЭЗҮ шинэчлэх нэрээр нэлээд хэдэн ам.доллар дээш доошоо гулсаж, хэн нэгэн сэргэлэн аавын хүүгийн халаасыг зузаатгасан байх магадлалтай. Хоёр үе шаттай хэрэгжих 220 МВт-ын төсөл байсныг суурилуулах хүчин чадлыг 315 МВт болгосноор өмнөх ТЭЗҮ бараг 95% өөрчлөгджээ. Усны нөөцийн судалгаагаар ойролцоогоор 600-610 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэнэ. Усан цахилгаан станцын далан 103 метр өндөртэй, тэнхлэгийнхээ дагуу урт нь 740 метр, хиймэл нуурын усны түвшин 910 метр. Усан сангийн эзлэхүүн буюу цэвэр усны нөөц 5.7 тэрбум куб метр. Энэ нүсэр байгууламжийн гол давуу тал нь өөрийн бүтээгдэхүүнээс гадна зохицуулалтын үүргээр эдийн засгийн үр ашиг гаргах юм. Өвлийн улиралд 2-3 цагийн ачааллыг хангахын тулд бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа бүх дулааны цахилгаан станцуудын үр ашиггүй 22 цагийн нөхцөл байдлыг Эгийн голын усан цахилгаан станц орлосноор хэмнэлт гарна гэж үзэж байгаа.

Эгийн голын усан цахилгаан станцыг барьснаар төвийн бүсийн эрчим хүчний системийн 35%, Монгол улсын эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр буюу нүүрсхүчлийн хий агаарт цацахгүйгээр үйлдвэрлэх юм. Гэхдээ эдгээр тоо баримт цаг хугацааны эрхээр солигдох магадлалтай. Учир нь манай улсын эрчим хүчний хэрэглээ жил ирэх бүр өсөн нэмэгдэж байна. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 300 гаруй хүн амтай Хантай тосгоныг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон нь өнөөгийн байдлаар төслийг хэрэгжүүлэхэд тулгараад буй нэгэн хүндрэл юм. Төслийн нийт өртөг зөвлөх компанийн тооцсоноор 827.6 сая доллар. Бүтцээр харвал далан болон барилгын ажил 48%, цахилгаан станцын тоног төхөөрөмж 30%, урьдчилсан зам, гүүр, дамжуулах шугамын ажил 14%,  байгаль орчин болон бусад нөөц зардал 8%-ийг эзлэхээр тооцжээ. Эдийн засгийн өнөөгийн үнэ цэнэ 753.2 сая доллар. Эдийн засгийн дотоод өгөөж 13.7%.Тооцсон тариф 8.5 цент. 30 жилээр тооцон, 10 жилийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй,  20 жилийн үндсэн зээлийн хугацаатай, 2%-ийн хүүтэй жилээр тооцжээ. Төслийн нийт зардал 827,6 сая ам.доллар бөгөөд УИХ оны өмнөхөн БНХАУ-аас авах 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс барьж босгохоор шийдвэрлэсэн. Одоохондоо зардал нэмэгдээгүй байна. Гэхдээ барилгын ажил эхлээгүй байгаа тул зардал нэмэгдэхгүй гэж бодох цаг хараахан болоогүй.

Шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэлээр Эгийн голын УЦС-ын далан болон станцын барилгын ажлыг 3 жилд дуусгах ба 2.5 дахь жилээс барилгын ажилтай зэрэгцэн усан сангийн дүүргэлтийг эхлүүлж өнгөрсөн 54 жилийн ус зүй, цаг уурын тооцоолол дээр үндэслэн төслийн зөвлөх компани 2 жилийн хугацаанд дүүргэнэ гэж тооцоолсон. Эгийн голын УЦС нь барилгын ажил эхэлснээс хойш 4.5 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллаж Төвийн бүсийн нэгдсэн системд жилд дунджаар 606 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлэн.               

"Урт настай удаан жаргалтай" Усан цахилгаан станц маань лав ойрын 6 жилдээ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй юм байна. Баригдах хүртэл нь түүний санхүүжилтээс хэмлэх башир арга элдэв эрхтэн дархтан сэдээгүй бол Эгийн голын усан цахилгаан станц төсөл нь Монголын эрчим хүчний томоохон найдлага гарцаагүй мөнөөс гадна Монголчуудын бие даан амжилттай хэрэгжүүлсэн анхны Мега төсөл болох учиртай.

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)
  • ыхйи мшёхшр

  • БАРИХ ХЭРЭГТЭЙ ТЭХГҮЙ БОЛ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДАЛ ОРСООС АВАХ ТОГНЫ ҮНЭ НЭМСЭЭР БАЙХ БОЛНО

  • erdenetiin govil bagaas tumur zam dairuulval erdenetiinhnii amar taivan baidald haldahgui

  • Байгал орчины үнэлгээ гээ сайн хийж оросыг хэлэх үг гүй болгох хэрэгтэй . Хөрөншө оруулалт санхүүжилтэнд хянуур эмх журамтай хандахгүй бол улс төрчдийн хэрүүлийн алим болж төсөл сааpмагжих зэрэг асуудалд анхаарах . Төсөлд амжилт хүсье.

  • Оросууд оорсдиин эрчим хучнии ирээдуйг уцс гэж зарлан олон арван уцс шинээр барихаар болжээ. Бид ганц станцаа барьж л таараа. Хамаг аюул нь дотоодын булэг луйварчид тонуулчид, хунд сурталтнууд шуу. Оросуудруу бурууг чихчихээд юу ч хиихгуй монго идээд сууж байх санаатай булэглэл намууд бии болсон

  • Оросууд маш их эсэргүйцэж байгаа манайх барьж чадах боловуу даа

Онцлох мэдээ