...
...

МЕГА ТӨСӨЛ-4 буюу V ЦАХИЛГААН СТАНЦ

        Тэрбум ам.доллараас дээш зардалтай бол мега төсөл хэмээн үзэх хандлага байдаг. Энэ нь тогтсон хэмжээ бас биш бололтой юм аа. Эдийн засгийн үр өгөөж нь бүс нутгийн хэмжээнд яригдах, магадгүй бүс нутгийн эдийн засгийн бодлогод өөрчлөлт үзүүлэх төслийг мега төсөл гэх тодорхойлолт хүртэл байна. Манай тавдугаар цахилгаан станц энэ тодорхойлолтын дагуу бол мега төсөл биш болж таарах нь... Гэхдээ зөвлөлтийн санхүүжилт туслалцаа доор бүтээн байгуулалт хийгдэж байсан тэр үеэс хойш анхлан Монголчууд өөрсдийн “Санаачлага”, хөрөнгө оруулалтаар хийж байгаа төсөл гэдэг үүднээсээ 1.3 тэрбум долларын өртөг зардалтай энэ бүтээн байгуулалт дэлхийн хэмжээний биш байлаа ч бидний хувьд гарцаагүй мега төсөл мөн.

        Иддэг уудаг гэх муу нэр, улсаа худалдсан худалдаагүй, эрлийз, “ЦЭВЭР МОНГОЛ” гэх элдэв нэр хоч, хардлага сэрдлэг дундуур төрийн түшээдийн санаачлага, бүтээн байгуулалт бүхэн хараар будагдаж зарим тохиолдолд ор мөр үгүйсгэгдэх гээд байдаг тал бий. Бүтээн байгуулалт дуусаж, үр өгөөж горьдох тэр цагт дэмжигчдээс эхлээд үгүйсгэгчид нь хүртэл бүгд л энэ бүх бүтээн байгуулалтын “ЖИНХЭНЭ ЭЗЭН” болох гэсэн явуургүй тоглолт эхлүүлэх болно. Өглөө бүр шинэ технологи амьдралд нэвтэрч буй энэ цаг үеийн гол хөдөлгөгч бол эрчим хүч. Анхлан хэт цахиураас гал гаргаж авсан тэр цагаас өнөөг хүртэл хүн төрөлхтөн эрчим хүчний хязгааргүй эх үүсвэрийн тухай мөрөөдөлд умбаж буй. Тийм зохиол доор бичигдсэн кино, тийм хүсэл доор хийгдэж буй шинжлэх ухааны эрэл хайгуул үргэлжилсээр байна. Антиматери гэгчийг нээж илрүүлсэн тохиолдолд хүн төрөлхтөн эрчим хүчний хязгааргүй эх үүсвэртэй болно гэсэн батлагдаагүй таамаг явж байдаг. Эрчим хүч хэмээх энэхүү хөгжлийн хөтлөгчөөс алдуурсан он жилүүдийг эцэс болгохын тулд тавдугаар цахилгаан станц төсөл хэрэгжиж буй.

        Анхлан 2011 онд Монголын засгийн газар V цахилгаан станцын тендерийг олон улсад зарласан. Тендерийн дагуу 36 компани оролцох саналаа илэрхийлсэн байдгаас 11 консорциум эхний шалгаруулалтад үлдсэн. Харин эцэст нь энэ 11 консорциумоос туршлага цар хүрээгээрээ тэргүүлэгч гадаад дотоодын 4 компаниас бүрдсэн консорциум тендерт шалгаран үлдсэн юм. Эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч 100,000 гаруй МВт-ын хүчин чадал барьж, ашиглалтад оруулсан Францын “GDF Suez”, Японы зургаан том худалдааны компанийн нэг “Сожиц”, дэлхийд эхний тавд багтдаг гангийн үйлдвэрлэгч “Поско” группын эрчим хүчний салбарыг хариуцдаг охин компани “Поско энержи”, болон салхин цахилгаан станц барьж ашиглалтад оруулж байсан “Ньюком” группээс тус консорциум бүрддэг.  Станцын техникийн анхны нөхцөл дээр III цахилгаан станцын баруун талд барина хэмээн зарлаж байсан ч “Хот зүүн тийшээгээ тэлж байхад эрчим хүчний эх үүсвэрүүд баруун талдаа төвлөрч байна” гэсэн үндэслэлээр байршлыг өөрчлөх болсон. Тендерт шалгарсан консорциум 1.5 сая ам.долларын зардал 10 гаран төрлийн шалгуураар судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр Хөлийн гол буюу Ургах наран хороолол орчимд байршил сонгон, шинээр ТЭЗҮ хийж, Засгийн газарт танилцуулсан.

Улмаар 2013 оны 4-р сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Газар эзэмших эрх олгох тухай А/406 тоот захирамж гаргалаа. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Ургах наран хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд Хөлийн голын хөндийд 43 га газрыг “Улаанбаатар дулааны 5 дугаар цахилгаан станц”-ыг барих зориулалтаар Эрчим хүчний яаманд 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр болов. Мөн тус станцын барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, зургийн даалгаврыг боловсруулсны дагуу зураг төслийг батлах, барилга угсралтын ажилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржид, газар эзэмшүүлэх гэрээг зохих журмын дагуу байгуулах, гэрчилгээг олгохыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Анхлан 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй байсан төсөл хоёр жилийн дотор 100 сая доллараар нэмэгдсэн.  Өртөг нэмэгдсэн шалтгааныг Консорциум хоёр хүчин зүйлтэй холбон тайлбарласан. Шинээр сонгосон талбай гол дагасан хөндий учир цэвдэгтэй, барилгын ажил ихтэй. Хоёрт, Засгийн газартай тохиролцсоны үндсэн дээр дэд станц, дулааны нэмэлт усны байгууламжийн ажлуудыг Консорциумд шилжүүлсэнтэй холбоотойгоор анхны хөрөнгө оруулалт нэмэгджээ.  Хөрөнгө оруулалтын 25 хувийг консорциум, үлдсэн 75 хувийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгоно. Өнөөгийн байдлаар консорциумын 25 хувийн хөрөнгө оруулалтыг Ньюком групп 10 хувь, GDF SUEZ, Сожицу, Поско нар тус бүр гучин хувь байхаар урьдчилсан тохирсон гэх мэдээлэл байна. Үлдсэн 75 хувийг гаргах Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг олон улсын томоохон санхүүгийн байгууллагууд байгаль орчны асуудал дээр маш нарийн хандаж байгаа юм. Жилд 820 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож буй тавдугаар цахилгаан станц жилдээ 2.5 сая тонн нүүрс хэрэглэж, одоогийнхоос даруй хоёр дахин илүү цахилгаан, дулаан үйлдвэрлэх тооцоолол байгаа аж. Технологийн хувьд хамгийн сүүлийн үеийн буюу одоогийн станцуудтай харьцуулахад тоосонцрын түвшин 1,000 дахин бага, 1 кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэхийн тулд одоо хэрэглэж байгаагаас 2 дахин бага нүүрс хэрэглэнэ, нүүрсийг шохойн чулуутай хольдог учраас азотын исэл бага зэрэг эерэг тоон үзүүлэлтүүдийг өгч байгаа.  Нүүрснээс гарах утааг 100% цэвэршүүлж, үнсний 99 хувийг шүүн барилгын материалд ашиглах боломжтой юм. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа үед жилд 450 мватт цахилгаан, 500 гкал дулаан үйлдвэрлэнэ. Энэ станц ашиглалтад орсон цагт Улаанбаатар төдийгүй төвийн бүсийг эрчим хүчний найдвартай шугаманд холбох юм.

Гэсэн хэдий ч ОХУ-аас авдаг эрчим хүчний хэрэглээг бүрэн зогсоож чадахгүй бололтой. Одоогоор Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ 500 гаруй мватт байна. Судалгаагаар жилээс жилд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ арван таван жилийн дараа бараг тав дахин буюу 2300 гаран мватт болох тооцоог эрчим хүчний газраас гаргасан байдаг. Тэгэхээр 5-р цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц баригдаад баригдаад ОХУ-ын цахилгааны хамаарлаас бүрмөсөн гарах боломжтой гэсэн үг биш юм. Цаашдаа эрчим хүчний тусгаар тогтнол олж авахад өөр бас бус мега төслүүд хэрэгтэй болох шинжтэй. Бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч хамгийн том станц болох Тавдугаар цахилгаан станцыг Концессын гэрээгээр 25 жил ашиглаад, улсад хүлээлгэж өгөх юм. Барилгын явцад 600-700 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын эх үүсвэрээс хэрэглэх буюу оролцуулна.

Барилга угсралтын үед 3,000, ашиглалтад орсон үед 400 хүн ажиллахаар төлөвлөжээ. 570 МВт хүчин чадалтай Дөрөвдүгээр цахилгаан станцад одоо 1,500 хүн ажилладаг гэх мэдээлэлтэй харьцуулахад энэ бол технологийн хувьд харьцангуй бүрэн автомат дамжлагатай нь харагдана. Төслийн өмнө цахилгаан, дулаан, нүүрс, усны үндсэн гэрээнүүдээ байгуулах том ажлууд хүлээгдэж байгаагаас гадна санхүүжүүлэгч, зээл олгогч байгууллагууд эрхээ шилжүүлэх асуудал манай хууль эрхзүйн системд бүдэг, төлбөр тооцооны  асуудал гарахад 1 тэрбум долларыг хөрвүүлэх, шилжүүлэх эрх, хууль эрхзүйн тогтолцоо бий юу гээд асуудал, бэрхшээл цөөнгүй байгаа юм. Асуудалгүй “Мега төсөл” гэж хаана байхав. Тэр тусмаа Монголын улс төр, иргэний хөдөлгөөний бохир тоглолтууд дунд “Мега төсөл” хэрэгжих бүр ч хүндрэлтэй. Хаа очиж энэ төсөлд Монголчуудын үүрэх эрсдэл бага, тэр хэрээрээ элдэв улс төрийн “царцаагч” нарын сэдэв болдоггүй давуу талтай. Өөрийн онцлог нөхцөл бүхий том том гэрээнүүдээс хамаарч төслийн процесс удааширч байгаа ч төслийн санхүүжүүлэгчид мега төслийн онцлог, цаг хугацааны хүндрэлийг ойлгож, хүлээцтэй хандаж байгаа. Гэхдээ хүлээц гэдэг үг сайхан ч удаан хүлээхэд Монгол хүн дургүй. Тэр тусмаа олон оронтой тоо агуулж буй асуудал удаан хүлээгдвэл хардах үндэсгүй асуудлыг ч хардаж сэрдээд гацаанд оруулж мэднэ. Эрчим хүчний дулаан, цахилгаан нийлүүлэхээс гадна Монголд эрчим хүчний салбарыг либеральчлах, энэ салбарыг өөр өнцгөөр харах боломж олгож буй гэдэг үүднээсээ, техник технологийн шинэ түвшинд гаргах, Концессын хэлбэрээр дараа дараагийн мега төслүүд явах сайн суурь болох учиртай гэдэг үүднээсээ энэ төсөл царцаагч нарын нүдэнд өртөхгүй хэрэгжиж дуусах ёстой. Дууссан цагт нь Монголын ард түмний хорин нэгдүгээр зууны бүтээн байгуулалтын жишиг хэмээгдэж, цаашдын хөгжилд итгэл төгс байх бахархал нь тэр болно.

МЕГА ТӨСӨЛ-1 буюу 25 жил дуншсан эгийн гол

http://www.breakingnews.mn/c/r/23695

МЕГА ТӨСӨЛ-2 буюу Тавантолгой цахилган станц

http://www.breakingnews.mn/c/r/23808

МЕГА ТӨСӨЛ-3 буюу ОЮУТОЛГОЙ

http://www.breakingnews.mn/c/r/24031

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • ОДОО ЭНЭ ТӨСӨЛ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛСОН БАЙХ. ЭНЭ ТӨСӨЛ ЦАХИЛГААН ГЭХЭЭСЭЭ БАРАГ ДУЛААН ХАНГАМЖИНД ХЭРЭГТЭЙ БАЙСАН БАЙХ, ГЭТЭЛ 300МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ АМГАЛАНГИЙН ДУЛААНЫ СТАНЦ БАРИГДАЖ АШИГЛАЛТАНД ОРСОНООР ЦАХИЛГААН СТАНЦЫН СУРАГ АЛДАРСАН. МӨН ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН АСУУДАЛ ХҮЧТЭЙ ЯРИГДАЖ ПАРИСЫН ТУНХАГЛАЛ БАТЛАГДСАНААР ЕВРОПЫН БАНКУУД НҮҮРСЭЭР АЖИЛЛАДАГ ДУЛААНЫ СТАНЦУУДАД ЗЭЭЛ ОЛГОЛТЫГ ЗОГСООГООД БАЙГАА. МӨН ДЭЭР НЬ ЭНЭ СТАНЦААС ГАРАХ ҮНСИЙГ ХААШ НЬ ЗӨӨХ, УСНЫ ХАНГАМЖИЙГ ХЭРХЭН ШИЙДЭХ ГЭХ МЭТ БАЙГАЛЬ ОРЧИНТОЙ ХОЛБООТОЙ ХҮНДРЭЛТЭЙ АСУУДАЛ БИЙ. БАС ЭНЭ СТАНЦЫН УРДХАН ТАЛД НЬ БОГД УУЛЫН НОГООН БҮС БАЙГАА.

Онцлох мэдээ