...
...

МЕГА ТӨСӨЛ-5 буюу "САЙНШАНД АҮЦ" мөрөөдөлд үлдэх үү?

Төрийн өмчийн оролцоотой хаалттай хувьцаат компани гэдэг сүржин нэршил хэр сонсогдож байна. Энэ бол “САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР” ХК-ын тодорхойлолт. Төр бол хамгийн муу менежер гэсэн үг байдаг. Манай популистуудын их дургүй үг. Хувийн бизнес л өөрсдөөс нь илүү идчих гээд сандаргаад байдаг бололтой. Үнэндээ энэ үг нийгмийн харилцааны хоёр мянга гаран жилийн түүхэнд амьдрал дээр батлагдсан ойлголтын л томьёолол нь юм. Аж үйлдвэр хөгжүүлэх, хүнд үйлдвэр, металлурги, ган хайлах хэрэгтэй. Дан ганц үйлчилгээ, жижиг дунд цех завод, түүхий эд зарах зэргээр улс орон хөгждөггүй гэдгийг Монголчууд, Монголын улс төрчид эрт ойлгосон. Гэхдээ социалист сэтгэлгээнээсээ салж чадаагүй, хардамхай санаагаар бүх зүйлд хуруугаа дүрэх гэдэг нь МЕГА ТӨСЛҮҮД дээр их сайн харагддаг. Тиймэрхүү хардамхай зангаар “САЙНШАНД АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР”-ыг “Монгол мөрөөдөл” болгон хувиргасан. Монгол мөрөөдөл уг нь биелэх боломжтой. Бүс нутгийн эдийн засгийн үйл явцад хүчтэй нөлөө үзүүлэх жинхэнэ олон улсын мега төсөл байлаа. Мега төсөл нэг бол баялаг устгагч нөгөө бол баялаг бий болгогч болдог жамтай. Тэр тусмаа олон салангид нэгжээс бүрдэх цогцолбор төсөл бол эрсдэл өндөртэй. “Жинхэнэ утгаараа долоо хэмжиж нэг огтлох” ёстой. Харин манайхан хурдхан шиг аж үйлдвэрийн цогцолбортой болох гээд хэтэрхий яаруу хандсан. “Яарвал даардаг”, одоо бид даарч байна. Хэзээ хэрэгжиж амьдрал хөрсөн дээр буух, хэзээ аж үйлдвэрийн цогцолбортой болж, элдэв янзын ган хайлсан тухай үндэсний бүтээн байгуулалтын мэдээ зурагтаараа үзэж суух цаг тодорхойгүй болсон. Аж үйлдвэрийн цогцолборт цементийн үйлдвэр, үрлэн (хорголжин) төмрийн үйлдвэр, коксын үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, зэс боловсруулах үйлдвэр, нүүрс холих үйлдвэр, ангижруулсан төмрийн үйлдвэр, нүүрс хийжүүлэх үйлдвэр,  цогцолбор түшиглэсэн хөнгөн үйлдвэрүүд, Төмөр замын засварын байгууламж, цахилгаан станц, ханган нийлүүлэлт гэх олон арван үйлдвэр үйлчилгээ багтсан байдаг. Эрдэнэт, Оюутолгойн зэсийн баяжмалаа, бусад олон арван тооны ордуудаас төмрийн хүдэр, цайр, шохойн чулуу, шатамхай занар, гангийн болон эрчим хүчний нүүрс зэргийг боловсруулж нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд хүргэх гэсэн санаачлагатай. Гэвч дэд бүтэц нь тахир дутуу. Тэр нь ор тас дэд бүтэцгүй гэсэн үг бас биш. Босоо тэнхлэгийн төмөр зам буюу Эрдэнэт-Замын Үүд чиглэлд Сайншандаар дайрсан төмөр зам байгаа. Гэхдээ дутагдалтай төмөр зам. Бас дээр нь усны асуудал анхны эмзэг сэдэв байсан. Сүүлд дахин санхүүжилт хийж усны томоохон нөөц илрүүлсэн гэж байгаа. Технологийн хувьд дулааны цахилгаан станцаасаа эхлээд сайтар бодож тооцоолох ёстой. Учир нь нүүрсээр ажиллах олон төсөлд дэлхийн банк санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийхээ больсон тул түүнийгээ дагаад томоохон хөрөнгө оруулагчид ч дүрвэж одсон.  Харин шинэ төмөр зам нь өргөн царигт хайр зарлагсад хийгээд, нарийн царигт дурлагсад, Монголын эдийн засгийн хямрал, хятадын эдийн засгийн уналт зэрэгт “Нокаутанд” ортлоо зодуулчихсан, цаасан дээрх бичиг, овоолсон шороо, цахим дэх хэрүүл төдий дүртэй сэхээн амьдруулахад байгаа. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх Монголчуудын хүсэл улс төр эдийн засгийн бүлэглэлүүдийн овоо хараан дор бага багаар унтарч байх шиг

            Дорнын их говийн элсэн дээр баригдах байсан энэ төсөл 2013 онд хэрэгжиж эхлээд 2017 оноос эхний ээлжийн бүтээн байгуулалтууд дуусаж 2021 онд бүрэн ашиглалтад орох байсан. Нийт хөрөнгө оруулалт нь 11 тэрбум ам.доллар бөгөөд төсөл хэрэгжих явц дундын үйл ажиллагааны үеэр буюу 2013-2021 оны үед дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15.8 хувиар өсгөх тооцоотой байсан. 2021 оноос төслийн үр дүнд 12 мянган ажлын байр шинээр бий болгох, цогцолбор түшиглэсэн шинэ суурьшлын бүс бий болох, жилд таван сая тонн ган үйлдвэрлэх сайхан зураг зурагдсан. Юун хямрал, юун бүсээ чангалах, улс орон гаднын хөрөнгө оруулалтаар халгиж, элдэвтэй доллар нь 1500-аас доош буух нөхцөл бүрдүүлэх байжээ. Одоо доллар нь 2000 гараад, хөрөнгө оруулагч нар нь ямар ч үлгэр сонсоод мөд дөө эргэж ирэхгүйгээр нүүр буруулсан. Бидний санаачилсан төсөл ашиггүй дээ биш. Бид өөрсдөө итгэлгүйгээ гадаадын хөрөнгө оруулагч нараа алдаж дууслаа. Тэрбумын ТЭЗҮ ингэж хийгддэг юм аа хө гээд олон арван сая доллар зарлагдаад ч юм уу, идэж уугаад ч юм уу сураг алдрах, хожмын засгийн газрууд нэг босгож, нэг дардаг асуудал төдийхөн л болох хувь заяа “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт” нүүрлэх вий дээ...

МЕГА ТӨСӨЛ-1 буюу Эгийн голын усан цахилгаан станц

http://www.breakingnews.mn/c/r/23695

МЕГА ТӨСӨЛ-2 буюу ТАВАНТОЛГОЙ цахилгаан станц

http://www.breakingnews.mn/c/r/23808

МЕГАТӨСӨЛ-3 буюу ОЮУТОЛГОЙ

http://www.breakingnews.mn/c/r/24031

МЕГА-ТӨСӨЛ-4 буюу ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ

http://www.breakingnews.mn/c/r/24172

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ