Дорнод аймгийн Баянтүмэн сумын Адуун чулууны нүүрсний ордыг түшиглэж МАК компани бас нэгэн нүүрс шингэрүүлэх Мега төсөл хэрэгжүүлэх гэж байна. МАК гэснээс эдний байгууллага Монголдоо л томоохон бүтээн байгуулалтууд нэлээд хийдэг боловч хүнд хүрч сайн муу нэр сонсох нь бага. МАК гэхээр л санаанд Н.Номтойбаяр ороод ирнэ. Н.Номтойбаяр гэхээр л хүн ер нь хийж чаддаг зүйлээ эрт олохгүй бол эцэст нь чаддаггүй зүйлээ чаддаг юм шиг харагдах гэж зүдэрдэг тухай бодол хөвөрнө. За тэр ч яахав. Гэхдээ мөнгө гэдэг хүчтэй эд шүү. Олон арван бүтээн байгуулалтаас өгсүүлээд УИХ-ын гишүүн, дэд сайд хүртэл мөнгөний хүчээр болж болдог гэхээр “Капитализм” мандтугай хэмээн орилмоор. “Капитализм”-ын гол хөдөлгөгч хүч нь аж үйлдвэр. Аж үйлдвэржилт л баялаг буй болгодог. Монголчуудын аж үйлдвэржих хүсэл нь Мега төслүүд юм. Зах зээл багатай, Хятад гэх асар том өрсөлдөгчтэй бид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухайд нэг их хол явахгүй. Тиймдээ ч уул уурхайн Мега төслүүд хэрэгжүүлэх гэж байна. Капитализмыг алгасаад коммунизмд дэвшин орох гэж байсан Монголчууд капитал бүтээхийн тулд хөнгөн үйлдвэрээ алгасаад хүнд үйлдвэрт тэмүүлцгээж байна. Сайхан тэмүүлэл, болохгүй бүтэхгүй юу байх билээ. Зүтгээд л үзэх хэрэгтэй. Макийн үйлдвэрт үйлдвэрлэсэн Монгол шатахуун, хий хэрэглэх цагийг ойртуулж буй төслийн тухай танилцуулъя.
Адуунчулуунаас 1955 оноос эхлэн үлгэн салган хэдэн шуудай нүүрс хүрздэж байсан байдаг. Харин 1960-аад оноос Дорнод аймгийн нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдсэнээр Адуунчулууны нүүрсний ордын нөөцийг нэмэгдүүлэх асуудал тавигдав. Уг нь бол нөөцийг нэмэгдүүлэх судалгааг л хийе гэсэн үг. Түүнээс биш нөөц “Тушаалаар” нэмэгдэхгүй л дээ. 1962 онд ЗХУ-ын геологичид тус уурхайн ордын баруун урд хэсэгт 1.75 км² талбайд нарийвчилсан хайгуулын ажлыг явуулснаар, ордын нөөцийг 29.3 сая тонноор тогтоож байв. 1988 онд ордын нүүрсний нийт нөөцийг 423.8 сая тонн бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар /балансын нөөц/ 241.4 сая тонн, үүнээс А зэргээр 37.9 тонн, В зэргээр 77.7 сая тонн, С1 зэргээр 125.6 сая тонн тус тус тогтоогдсон байна. Нөөцийн энэ тоон үзүүлэлтийг БНМАУ-ын Хүнд Үйлдвэрийн Яамны Геологийн Салбарын Шинжлэх Ухаан, Техникийн зөвлөлөөр 1990.06.16-нд баталсан байдаг. Адуунчулууны ордод түшиглэн баригдах нүүрс шингэрүүлэх үйлдвэр нь харьцангуй дэд бүтэц сайтай гэж хэлж болохоор. Чойбалсан-Баруун урт-Өндөрхааны 110 кВ-ын шугамтай, Чойбалсан-Өндөрхаан-Багануурын чиглэлийн өндөр хүчдэлийн 220кВ-ын агаарын шугам ирээдүйд баригдана. Баян түмэнгийн төмөр зам нь Транс-Сибирийн төмөр замтай холбогдсон, “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд : Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан (640км), Хөөт-Бичигт (200 км), Хөөт-Нөмрөг (380 км) гэсэн маршрутын төмөр зам баригдана хэмээн яригдаж байгаа. Шинэ төмөр зам нь урт хугацаандаа л баригдаж магадгүй, өнөө маргаашдаа бол юу л бол тэр тусмаа баригдахгүй ч байх магадлалтай. Манай улс төрийн шийдвэр, эдийн засгийн нөхцөл хоёр хэзээ л хоорондоо нийцэж байлаа даа. Улаанбаатар-Чойбалсангийн хатуу хучилттай авто зам 2015 онд баригдаж дуусна хэмээн яригдаж байсан боловч өнөөг хүртэл бүрэн хатуу хучилттай болж чадаагүй л байна. Гэхдээ энэ зам бол харин арай хурдан ашиглалтад орох байхаа. Орж чадахгүй удаад байвал МАК-ынхан өөрсдөө ч дутууг нь гүйцээгээд зам тавьчих хангалттай “УХААЛАГ”, “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА” өндөртэй байгууллага л даа. Энэ жилдээ орохгүй бол ирэх жилдээ “МАК”, Дорнодын сонгогч нарын итгэлийг нь хүлээсэн ч юм уу, яаж ийгээд сонгогдсон Н.Номтойбаяр зам тавьчих байлгүй. Н.Номтойбаяр гэхээр л хүн ер нь хийж чаддаг зүйлээ эрт олох... За за болъё. Мак бол Н.Номтойбаяр биш. Адуунчулуун бол Адуунчулууны нүүрс шингэрүүлэх үйлдвэр бол Н.Номтойбаяртай хамаагүй, түүний ухаанд багтахгүй том бүтээн байгуулалт.
Говийн бүтээн байгуулалтуудыг бодвол эдний бас нэгэн давуу тал нь усны асуудалгүй юм. Хэрлэн гол ба уурхайн шүүрлийн ус нь найдвартай эх үүсвэрийг бүрдүүлж байна. Гэхдээ найдвартай эх үүсвэрээ найдваргүй болгох буюу “Бохирдуулахгүй” байх нь эдний үүрэг. Найдвартай эх үүсвэр аятайхан ашиглана шүү “НӨХӨӨД!!!”. Ер нь усны тухай тэр “Андриц”-ийн алдартай хаягдал ус цэвэршүүлэх технологи ч юм уу, өөр бусад технологийн дэвшил ашиглаж усыг сайтар олон дахин ашиглах нь говь гэлтгүй Монголын цаашид дэлхийн асуудал болсон. Наад Хэрлэн мөрөн чинь дэлхийн эко системийн томоохон бүрдэл гэдгийг умартав даа.
Энэ мега төсөл нь Улаанбаатар хотоос алслагдсан мэт санагдавч харин ч тун аятайхан байршилтай нь Эрээнцав боомтоос 285 км, Хавирга боомтоос 100 км, Сүмбэрийн боомтоос 300 км зайтай зэргээс харагдана. Боомтуудтай ойр байхыг хүсэхгүй бизнес хаа байх вэ. Төслийн ТЭЗҮ-г 2013 оны 11-р сард УУЯ-ны эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан. Нүүрснээс бензин гаргах үйлдвэр ба цахилгаан станцын ТЭЗҮ ба Тойм зураг төслийг АНУ-ын Флуор компаниар 2012 онд гүйцэтгүүлсэн гэнэ. Хэчнээн цаасны үнэ өртөг төлөн хийсэн ТЭЗҮ, хэр зэрэг сайн муу ТЭЗҮ болсон тухай мэдээлэл олдсонгүй. Өнөөг хүртэл элдэв хэл ам гараагүй нь сайн болсны шинж юм байх л даа. Эсвэл нөгөө талаар нэг компани бие дааж хийж байгаа ажлын ТЭЗҮ муу сайн байх нь бусад хүнд төдийлөн хамаатай биш гэж үзэж бас болно. Тэртэй тэргүй эрсдэлээ тэд өөрсдөө үүрнэ. Энэ бол төрийн оролцоогүй, ашиг сонирхлын сүүдэр тусаагүй хувийн бизнесийн зарчим. Хамгийн том давуу тал нь хувийн бизнес өөртөө эрсдэл үүрэхгүйн тулд хамгийн сайн боловсруулалт, төлөвлөгөө хийдэг жамтай. Харин төр, “төрчид” оролцоод ирвэл л нөгөө муу ТЭЗҮ, “ХУЛХИ ТЭЗҮ”, хохиролтой гэрээ гэсэн асуудал босоод ирдэг. Ажил үргэлжлүүлэх зөвшөөрлүүд болох Нүүрс шингэрүүлэн газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх №74 тоот тусгай зөвшөөрлийг 2014 оны 5-р сард 3 жилийн хугацаатайгаар авсан. Монгол Улсад нүүрснээс шингэн түлш гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж ба тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон НӨАТ-аас 2018 оныг дуустал чөлөөлсөн. Төрөөс “Мега төсөл”-үүдээ дэмжиж байгаа дэмжлэг нь энэ юм даа. Төслийн хүрээнд Байр зүйн ба топо зураг, геотехникийн судалгаа, гидрогеологийн судалгаа, төслийн талбай хүртэл салаа төмөр замын зураг төслийн боловсруулах гэрээ зэрэг ажлууд хийгдэж дууссан байна. Ордод түшиглэсэн ил уурхайн ажил эхэлсэн (1 сая м3 хөрс хуулсан), Адуунчулууны нүүрсийг хатаах хагас үйлдвэрийн туршилтыг Австрали улсад 2008 болон 2010 онд 2 удаа хийсэн бол хийжүүлэх туршилтыг 200 кг дээж дээр ХБНГУ-д 2006, 2012 онуудад 2 удаа хийсэн байна. 2 удаагийн туршилтын үр дүн болон бусад зүйл нь “БИЗНЕС”-ийн нууц юм байлгүй мөн л олдсонгүй. Ямартай ч эдний байгууллага 10000 гаруй нүүрсний дээжинд шинжилгээ хийсэн тухай сайт дээрээ дурдаад өнгөрчээ. Төсөлд одоогоор хэчнээн хүн ажиллаж байгаа, үйл явц хэрхэн өрнөж байгаа, зэрэг нарийн мэдээлэл сайт дээр нь алга байна. МАК-ийн утсаар холбогдоход “МАРКЕТИНГ”-ийн албанаас мэдээлэл ав гэсэн боловч, тэр алба нь мэдээлэлгүй, мэддэггүй юм билээ. Дахин утас цохиж төслийн тухай мэдээлэл өгч чадах хүн сурагласан боловч тийм хүн олдсонгүй ээ. Мэдээлэл нь хаалттай гэдэг үүднээсээ биш мэддэг нөхдүүд нь оффис дээрээ байхгүйгээс үүдэлтэй бололтой. Санхүүжилтийн хувь хэмжээг нь “Хөдөлмөрийн судалгааны институт” гэх байгууллагын “Хүний нөөцийн хөгжил, сургалтын сектор”-ын эрдэм шинжилгээний ажилтан Т.Энхбаяр гэх хүний илтгэлд 2.5 тэрбум ам.доллар хэмээн бичжээ. Мөн ч ойгүй том тоо шүү. Ийм их хөрөнгөөр босох үйлдвэр жилд 400 мянган тонн бензин, 17 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 89 мянган тонн хүхрийн хүчил, 23 мянган тонн цэвэр хүхэр зах зээлд нийлүүлнэ. Манай улсын шатахууны хэрэглээний 5-ны нэгийг энэ үйлдвэрээс хангана гэсэн үг. Сайхан мэдээ шүү. “МАК”-ийг лунжгар баяны бизнес, баян аавын эрх хүү нь УИХ-д сууж байгаа гэх зэргээс өөрөөр харах цаг нь одоо болсон. Тэд алт олборлогчоос баялаг бүтээгч, үйлдвэрлэгч болох гэж зорьж байна.
С.Амаржаргал
Эх сурвалж: Breakingnews.mn
sn niitlel boljee amjilt husiy
Mash zuv bichjee
amjilt hiih yostoi shvv
Goy Goy