Хэнтий аймгийг хэзээнээсээ ухаант хатад, хурдан морьдын өлгий нутаг хэмээдэг билээ. Энэ удаагийнхаа "Түүхт хүмүүс" буландаа шашин төрийг хослон баригч, Богд хааны их хатан, одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Улсын эх дагина Ц.Дондогдулам хатны цадиг түүхийг өгүүлье.

Тэртээ 1874 он буюу намрын адаг сарын 15-ны өдөр Халхын Хөвчийн Жонон бэйс Цанлигдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд нэгэн охин мэндэлсэн нь хожмын Монгол Улсын төрийн хатан болох хувь ерөөлтэй байжээ.
Эрхэт төр, эр нөхөртөө хатан зөвлөх-халамжит хань нь болсоор ирсэн нэгэн бүсгүй бол Монгол улсын сүүлчийн эзэн хаан- Монголын шашин, төрийн эрхийг хослон барьсан YIII Богд Жэбзүндамба хутагтын их хатан, Улсын Эх дагина Цэндийн Дондогдулам юм. Тэрээр хаантны шашин-төрийн үйл ажиллагааг дэмжигч, дотны зөвлөгч, ар талд найдвартай туслагч нь байгаад зогсоогүй эх орон, зон олныхоо Эх Дагина хэмээн өргөмжлөгдсөн нэгэн юм.
Монгол түмэн VIII Богд Жэбзүндамба хутагтыг Амилсан бурхан хэмээн бишрэн хүндэлж байжээ. Богд гэгээнийг 25-ны сүүдэр зооглосны ойн бэлэгт 1894 онд Сэцэн хан аймгийн Жонон вангийн хошуунаас (Бадаргуулт төрийн хорьдугаар он –Д.Э.) онд манай хошуу засаг ноён Богд Агваанлувсанд үнэнч гэргийг хошуунаасаа тодруулж барихаар шийджээ. Тэгээд 18-30 насны царайлаг 50 бүсгүйг сонгон түүнээс шалгасан арвыг нь Хүрээний газраа бараа бологч хиа дагалдуулан “Оёдолчин” нэрээр одуулжээ. Тэдний дунд нуруу цогцос гоо бөгөөд зан ааш ялдам, эрүүл чийрэг, ухаан гойд сэргэлэн, амны хишиг буянтай төрх бүхий Дондогдулам байв. Түүнийг гэгээнтэн таалжээ.

Сэцэн хан аймгийн Хөвчийн жонон бэйс Цанлигдоржийн хошууны нутагт Цэндийн гэр бүлд мэндэлжээ. Эцэг Юмаагийн Цэнд, эхийнх нь нэрийг хожим “Далай ижий” хэмээн өргөмжлөн хүндэлдэг байжээ. Түүний эгч Жаал (Загал) Зоригт Дарь жонон бэйс Цанлигдоржийн бага хатан, хожим дүү Дэндэвдулам нь Сэцэн ван Цогбадрах (1878-1937) жононгийн хатан байжээ.
Цэндийн охидууд царайлаг, заяа буянтай бүсгүйчүүд байжээ. Тиймээс ч түүний дунд охиныг Монголын шарын шашны тэргүүн буюу тухайн үедээ Монголдоо хамгийн нэр хүндтэй, олон хамжлага ардтай, баян чинээлэг хүн болох Богд гэгээн таалсан болов уу.
Дондогдуламыг Богд хатан болгоход /1902 он/ Ачлалт ялгасан дагина, эрх цагаан дара цол өргөмжилсөн байна. Бас Бээжингийн Монгол журганаас Дондогдуламд Эрдэнэ сэцэн цол шагнаж, тэмдэгт бичиг олгон хадгалуулжээ. Улмаар 1911 онд Богд Жибзундамба хутагтыг Монгол Улсын хаан ширээнд залрахад хатан Дондогдуламд Улсын эх дагина цол өргөмжилсөн бөлгөө.
Дондогдулам бол шашин номын хэрэгт зохих ёсоор боловсорсон, бичиг ном ойлгодог, нийгмийн идэвх сайтай, олны хүндэтгэл хүлээсэн тухайн үеийн сор болсон эмэгтэйчүүдийн төлөөлөл байв. Бүгд Ерөнхийлөн Захирах сайд Т.Намнансүрэнгийн тушаалаар 1913 оны долдугаар сард хотлыг баясгагч дагина Дондогдуламд 100 лан мөнгөний шагнал олгох болж "Богдын ордны дэргэдэх Сангай аймаг гэж нэрлэдэг уран хатгамалчин, барималчин, гуталчин, дархан зэрэг 120 урчуудын хэргийг эрхлэн ажиллуулах болов" гэсэн мэдээ бий.

Дондогдулам Цагаан дарьд өргөмжлөгдсөнөөс эхлэн Богдын Ногоон ордон, Хайстай лавиран хэмээх зуны орднууд үлэмж хөгжиж эхэлсэн гэж үздэг. Түүнээс өмнө Богдын ордон хааны орд харш гэхээс шашны сүм дуганын хэмжээнд байжээ. Тэрээр уран хатгамалч, гар урчуудыг цуглуулан Сангай аймгийг байгуулж, өөрөө улааны шашны лүйжин хурдаг байлаа. “Эх дагина их сайхан хоолойгоор лүйжин татаж байсан” гэж хожим Лувсандондов гавьж дурссан нь бий. Богд хатныхаа нэр алдрыг олон түмний дундаа нэмэгдүүлэхийн тулд 1908 онд Эх дагины аймгийг байгуулан, шавь олноос нь 4700 лан мөнгө татварлан дуган бариулсан юм. Халхын Сайн ноён хан Намнансүрэн Эх дагины сүм барихад зуун лангийн алтан ембүү өргөж байв. Сүсэгтэн олны дунд түүний нэр нөлөөг үлэмж болгох гэж Богд Агваанлувсан хөдөөгүүр явахдаа “Монгол охин Дондогдулам болбоос бага наснаас ном үзэж, нэвтэрсэн хувилгааны байдалтай. Цагаан дар болбоос энгийн эгэл бус. Зарим орон нутагт өвчин тахал, ган зуд тохиолдох тусам түүнийг аргалан арилгагч, олонд тусыг илтээр үзүүлсэн” хэмээн магтаж, зуд турхантай газарт зориуд дагуулж очдог байжээ. Богд гэгээн Эх дагинад “Эрдэнэ сэцэн ноён” цол шагнан, тэмдэгт бичиг олгосноор Дондогдулам өөрийнхөө нэр дээр хурдан морь уралдуулж, бөх барилдуулах болсон юм. 1907 оны долоон хошуу даншиг наадмын хязаалан насанд үзүүрт давхисан хул алаг, жороо морины түрүү авсан бор морь “Эрдэнэ сэцэн ноён” нэрээр уралдуулсан эзэн нь Дондогдулам хатан байжээ. Ах дүү Намхай, Лувсанжамбаа аварга Эх дагины бөхчүүд байсан гэдэг. Богд хатандаа шагнасан цолоо 1905 онд Бээжин дэх Монгол журганаар батламжлуулахдаа зуун мянган лан мөнгө зарцуулж байв.
Ийнхүү Сангай аймгийг тэргүүлэн, Богдын ордны дэргэд бурхан шүтээн урлаачдыг цуглуулж ногоон, шар, ордон, Хайстай лавирангийн хэргээр хөөцөлдөж ихэвчлэн шашны үйл эрхлэхээс хэтрэхгүй байсан Цагаан дар Дондогдуламыг 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал төр, шашны үйл явдлын төвд гаргаж ирсэн юм. Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 он оны 12-р сарын 29-ний баасан гаригт наймдугаар Жавзандамба хутагтыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч хаан ширээнд залахад Цагаан дар, Эрдэнэ цэцэн Дондогдуламыг “Улсын эх дагина” хэмээн өргөмжилсөн юм. Эх дагины эрх мэдэл, эд хөрөнгө нь улам зузаарсаар шавийн дөрвөн ч отогтой болж, 1918 оны мэдээгээр 1073 хуварга айл, харц өрх 352, тэмээ 1330, адуу 2535, үхэр 1603, хонь 28475 хэмээн тэмдэглэснээс үзвэл нийт гучин гурван мянга 943 малтай, Бээжин, Энэтхэгт үл хөдлөх хөрөнгөтэй байжээ. Эх дагинад улсаас ч цалин пүнлүү олгож байсныг үзвэл Олноо өргөгдсөний гуравдугаар он буюу 1914 онд сангийн яамнаас тушаасан бичигт Богдын зарлигаар “Хотлыг баясгагч Эх дагинад сар бүр мянган лангийн пүнлүү“ олгохоор шийдвэрлэж байв. 1919 он гэхэд түүний шавь отгууд 61964 лан мөнгө Эх дагинадаа өргөж байсны дээр Хүрээнд байсан Тянь дэхао пүүсийн томоохон хувь нийлүүлэгч байсан тухай мэдээ байдаг. Богд, Эх дагина хоёр өдөр бүр онцгой сонин содон зүйл худалдан авдаг байсан гэдэг. Богд, Эх дагина хоёрт Хүрээний томоохон пүүсүүд барааныхаа катологийг авчирч өгөхөд, эгшигт хайрцаг, лимузин машин, янз бүрийн тансаг европ хувцас, үнэртэн гоо сайхны хэрэглэл зэрэг зүйлс байнга худалдан авдаг байсан тухай гүн Ларсон тэмдэглэжээ.
Харамсалтай нь 1921 оны хувьсгалын дараа хоорондоо ганцхан жилийн зайтай учир битүүлгээр бурхны оронд цуван одсон хаан, хатан хоёрын хувцас, үнэт эрдэнэс, эд өлгийн зүйлсийн ихэнх нь үрэгдэж алга болсноос Дондогдуламын алт шүр сувдан чимэгтэй шаргал додиг, үзүүртээ ягаан болор унжуулсан, 5 эгнээ лавай цагаан сувдан унжуурга, тогосны хөөмийн элгэвчит ханжаар, сувдан хээтэй алтан шар хүрэм, барын нүдэн шигтгээтэй сувдан тоорцог зэрэг зургаан иж бүрдэл 14 хувцас л өнөөдрийн биднийг хүртэл үлдэж хоцорсныг түүх соёлын хосгүй үнэт зүйлд бүртгэжээ.




Ийнхүү мянга мянган мал сүрэг, шүтээний сүм, шавийн аймаг, шандаст хурдан хүлэг, гадаадад үл хөдлөх хөрөнгө, Хүрээнд байсан худалдааны том пүүсийн хувьцааг эзэмшин, алт эрдэнэд умбаж байсан ч үнэрлэх үр хүүхэдгүй Эх дагина үнэн хэрэгтээ хэр аз жаргалтай эмэгтэй байсныг хэн ч мэдэхгүй. Гэтэл төрсөн дүү Дэндэвдулам нь дөрвөн хүүхэд төрүүлсэн юм. Оройн дээд Очирдарь Богд эзэнтэй 1896 онд Амарбаясгалантад танилцан Хүрээнд ирж, хатанд өргөмжлөгдөөд 21 жил, нууцгай ханилсантайгаа нийт 27 жил “амьд бурхан”-тай дэр хуваалцсан Эх дагиныг “хөл хүндэрчээ” гэсэн цуу Хүрээнд хэд хэдэн удаа дэгдэж байсан нь нэн сонирхолтой. Ам дамжсан дам яриагаар бол Богд, Эх дагина хоёр үр хүүхэдтэй болчихвол Далай лам, хутагт хувилгаадын сүнс шилжин тодордог шарын шашны уламжлалт тогтолцоо мухардмал байдалд орж, мах цусны угсаа залгамжлагчтай болохоос айсан томоохон лам нар Дондогдуламыг үргүй болгох хар дом хийж, Зайсан уулыг тахисан гэдэг аман яриа үлджээ. Ямар ч гэсэн хүний л ёсоор үрийн мөрөөсөл болсон хаан, хатан хоёр Эрхэмийн аймгийн харц ард үхэр нүдэн Лувсандондог гэдэг хүний дүү хүүхнээс Ламьяа гэдэг хүү үрчилж авчээ. Хааны өргөмөл хүүд зориулан Хайлаастад хивсэн гэр бариулж, Сономжамц гүн, Ононжамц лам хоёрыг багшаар томилж байсан гэдэг. Хожим нь эрдэмт гэгээн лам болсон Ламьяагийн дараа Богдынх хэд хэдэн хүүхэд өргөж авсны хоёр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы хадам эцэг Эрэнжав, алдарт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсан нар юм. Өргөмөл хүүхдүүд нь Богдыг Онио, Эх дагиныг Алиа гэж авгайлдаг байв. Дондогдулам хатан гар буугаар мэргэн бууддаг, бага залуудаа моринд эрэмгий “уургач” Дунгаа нэртэй явжээ. Эх дагина чин ван Ханддоржтой их л дотны харилцаатай байсан тул вангийн хатан Сэвжидмаа эр нөхрөө түүнтэй битүүхэн хардаж, одоогийн нэгдүгээр сургуулийн урд байдаг өргөөнийхөө сэрүүн тагтан дээрээсээ Богдын ногоон ордныг саравчлан харж зогсдог байсан гэдэг.

.jpg)
Эх дагины тухай Оросын эрдэмтэн И.Майский, Шведийн гүн Ларсон, Хаант Оросын бүрэн эрхт төлөөлөгч И.Я.Коростовец, Польшийн аялагч Ф.Оссендовски, Германы монголч эрдэмтэн Ута Шьёне нар сонирхолтой олон дурсамж бичиж үлдээсэн ч энэ гайхалтай эмэгтэйн шавь нар, ордны шадар хүмүүсээс хэн ч ам нээлгүй байсаар бурханы оронд одоцгоосон нь түүнийг үзэл суртлын төмөр хөшигний цаана оньсого мэт учир битүүлэг үлдэхэд хүргэжээ. Дондогдулам хатан Барон Унгернд дургүй байсан, 1922 онд Хүрээнд хэт хувьсгалчид хүүхнүүдийн гэзгийг хоморголон тайрахад эсэргүүцэл үзүүлсэн тухай ам яриа үлджээ. Мөн Сандо амбаныг Богдод бараалхахад Эх дагина хамт байсан атал ёсолж хүндэтгэл үзүүлээгүй гэдэг. Богдын хатан өөрт нь ёсолсонгүйд Сандо амбан ихэд дургүйцэхэд Богд хаан “Энэ хүн миний хатан учраас ёслохгүй байж болно” хэмээн Манжийн эзэн хааны бие төлөөлөгчийг эгнэгт хилэгнүүлсэн нь 1911 оны хувьсгалыг хүртэл тэр хоёрын харилцаа хүйтэн хэвээр үлдэхэд хүргэсэн зэргээс үзэхэд энэ эмэгтэй эх оронч үзэлтэй хүн байсан нь илт.
Богд хааны зарлигаар гүн цол хэргэм хүртэж "Эрдэнийн очир" одонгоор шагнуулж явсан швед гаралтай, Америкийн иргэн Франс Август Ларсон "Шашин номоор Богд эхнэр авах учиргүй. Гэсэн ч тэрбээр үзэсгэлэнт охинд дурлаж, тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ... Энэ эмэгтэй туйлын ухаалаг, маш сайн эзэгтэй байв. Монголчууд түүнийг бас бурханчлан өргөмжилжээ. Үнэндээ тэрбээр морь унахдаа гарамгай, бас гайхалтай буудагч байв. Амьд будда /Жибзундамба-Д.Г/ эхнэрээрээ онцгой бахархдаг байлаа.
Эх дагина бид буудлагын дадлага хийхээр Богд ууланд хоёр долоо хоногийн турш өглөө бүр очдог байсан юм. Нэгэн удаа Богд "Та нарын хэн нь сайн буудахыг үзье" гэж хэлээд бай тавихыг тушааж, бидэнд нэг нэг буу өгөв. Энэ буу бол маш үнэтэй, Францынх гэдгийг ч сануулахаа мартсангүй. Богдын хатан буудах бүрдээ байгаа онож байв. Би болохоор гурван ч удаа алдаж орхисон нь Богдын таалалд их л нийцэв. Тэгээд буугаа анхааралтай шалгаад, овоог нь хөдөлгөсөн болохыг мэдсэн юм. Богд чангаар удаан инээгээд, хэрэв чи сайн буудагч бол энэ байдлыг урьд нь тооцоолох байсан гэж хэлэв" хэмээн дурсамждаа бичсэн байдаг билээ.

Хөвчийн жонон вангийн хошуу бол хадам төдийгүй тус хошууны сүүлчийн Засаг ноён Эрдэнэ дайчин чин ван Намсрайжавын Цогбадрах нь Ц.Дондогдуламын төрсөн дүү Ц.Дэндэвдуламыг хатан болгон авчээ. Энэ утгаараа Богд Жибзундамба хаан, Хөвчийн жонон ван Н.Цогбадрах нар баз хүргэн бөлгөө.
Ц.Дэндэвдуламын талаар мэдээ сэлт ховор. Тэрбээр 1893 оны үед төрөөд 1930-аад оны дундуур бие баржээ. Хошой хатан эрх дара цолтой Ц.Дэндэвдулам олон хүүхэд төрүүлснээс том охин Ашидшийтэр /1914/, хөвүүн Лувсаншийтэр /1922/, бага охин Шийтэр /1924/ нар нь эсэн мэнд бойжиж, хожим өнөр өтгөн айл гэр болцгоожээ.
Жонон ван Цогбадрахыг Дотоодыг хамгаалах газраас цуурхал тараасан хэрэгт холбогдуулан 1931 оны аравдугаар сард баривчилж, 10 жил хорих ялаар шийтгэсэн юм. Эл хугацаанд эхнэр Дэндэвдуламаас аж төрөх аргагүй болсон учрыг гарган Төв засан хүмүүжих газар хүмүүжиж бүхий нөхөр Цогбадрахыг суллаж тавихыг гуйсан өргөдөл гаргасны дагуу БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1932 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 18 дугаар хурлын тогтоолоор түүнийг сулласан байдаг.
Эх дагина Дондогдуламын Сангайн аймгийн ажил үйлсийг хөгжүүлэхэд тусалсан хүний нэг нь дүү Дэндэвдулам нь байсан гэдэг. Тэрбээр Эх дагиныг өөд болоход,
Нарт ертөнцөөс халилаа даа эгч минь
Найман шаргыг хөлөглөөд одлоо доо
Зуны дунд сардаа хөө
Жуузан дундаа халтирваа хөө
Залагдаж ирсэн Дондогдулам эгчдээ
Даншиг мандал өргөе дөө хэмээсэн үгтэй дуу зохиосон гэдэг юм.
Улсын Эх дагина Ц.Дондогдулам Богд хаантай 21 жил ханилаад 1923 оны нэгдүгээр сарын 02-ноос бие нь чилээрхэж эхлэхэд Богдын оточ, маарамба, цорж лам нар аврал гүрэм айлдан, эм тан хүртээсэн ч илаар болсонгүй ердөө 11 хоногийн дараа тахиа цагт 49 насандаа таалал төгсжээ. Түүний шарилыг найман шарга морь хөллөсөн тэргэнд залж, амьд ахуйдаа ууж, сууж байсан Рашаант уулын аманд шар тосонд хайлуулж чандарлаад оршуулсан аж. Найман шарга морийг нь онголж тавьснаас эдүгээ Шарга морьтын ам хэмээн нэрлэсэн гэх домогтой.
Ц.Дондогдулам болон Гэнэнпил хатанд зориулсан "Их хатдын өргөө" Баян-Адрага сумын Дуурлиг багийн төв Баян Дуурлигийн дэнж дээр 2012 онд сүндэрлэн боссон билээ.

Б.Энх-Уянга
Эх сурвалж: www.breakingnews.mn