...
...

Төрд төлөөлөх гүүр, төгөл болох мод чинь хаана байна, Г.Баярсайхан гишүүн ээ!

Саяхан мэт санагдавч дөрвөн оныг үджээ, 2012 оны сонгууль болоод...        Улс төрчдийн хуурамч амлалт, хулхи яриа ч эхнээсээ батлагдах болов. Гэвч дөрвөн жилийн өмнө юу ярьж, хэрхэн сонгогдсоноо мартсан эрхэм гишүүд хийсэн юмгүй атлаа дахиад сонгуульд өрсөлдөх тухай сэрүүн зүүдэлж явна. Тиймээс манай Breakingnews.mn сайт гишүүдийн амласныг нь сануулж, амыг нь асуухаар “76 юу хийв” булангаа нээж байна. Эхний тойрог бол УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог. Чингэлтэй дүүргээс сонгогдсон Г.Баярсайхан гишүүн юм.

2012 оны 6 дугаар сарын 9-ний өдөр. Одоогоос яг 3 жил 9 сар 1 хоногийн өмнө Г.Баярсайхан гишүүн “Чингэлтэйн иргэдээ төрд төлөөлөх гүүр нь байна” хэмээн амалж, сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байжээ. Тэгвэл тэрбээр өнгөрсөн хугацаанд сонгогчдынхоо төрд төлөөлөх гүүр байж чадав уу. Асуултын хариултыг авахаар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа. Нам эвсэл үл хамааран хамгийн түрүүнд таарсан гурван хүнээс Г.Баярсайхан гишүүний талаар ийм үг сонслоо.    

Д.Отгонтуяа: Сэтгэл дутаад байх шиг

-Танай дүүргээс УИХ-д суусан Г.Баярсайхан гишүүн өнгөрөгч дөрвөн жилд юу хийсэн бэ. Танд түүний хийсэн ажлуудаас нэрлэх зүйл байна уу?

-Уг нь манай тойргоос хоёр ч удаа сонгогдсон гишүүн шүү дээ. Гэвч энэ дөрвөн жилд тийм, ийм ажил хийлээ гэж тодорхой ярьчих зүйл алга. Магадгүй би мэдэхгүй ч байж болох юм. Ямартай ч бидний төлөө тийм юм хийчихлээ гээд хэлчихмээр зүйл алга даа.

-Түүнийг энэ жил сонгуульд нэр дэвшвэл дахиад сонгох уу, таны хувьд...?

-Би ард олноо гэсэн сэтгэлтэй хүнийг л сонгоно. Г.Баярсайхан гишүүний хувьд сонгогчдынхоо төлөө сэтгэл гаргаж ажилладаггүй хүн шиг санагдсан.

Яагаад...

-Үгүй яахав дээ, жишээ нь Долоон буудлаас Чингэлтэй рүү өгсдөг замыг хар л даа. Онхол донхол ихтэйгээс гадна нарийхан. Энэ зам дээр болгоомжтой л явахгүй бол аваарь осол гарах магадлалтай. Бодит байдал ийм байхад бидний төлөө ажил хийнэ гэж төрд сонгогдсон төрийн түшээ хүн байж ямар ч санаачлага байхгүй. Сонгогчид бид ямар хоол өг, хувцас өг гээд байгаа биш дээ. Бидний төлөө амьдрах орчин, дэд бүтцийн асуудлыг л шийдэж өгөх хэрэгтэй шүү дээ. Сонгогчдынхоо төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байсан бол Г.Баярсайхан гишүүн энэ замыг засахад дөрвөн жилийн хугацаа хангалттай биз дээ. Сэтгэл л дутаад байх шиг санагддаг юм.

С.Гүндэгмаа: Юу хийснийг нь өөрөөс нь асуу

-Та Чингэлтэй дүүргийн хэддүгээр хороонд амьдардаг вэ?

-Би 19 дүгээр хороонд амьдардаг.

-Тойргоос чинь сонгогдсон Г.Баярсайхан гишүүнийг өнгөрөгч дөрвөн жил хэр ажилласан гэж бодож байна вэ?

-Мэдэхгүй, лав л сонгогч бидэнд харагдах ажил хийснийг нь санахгүй юм. Юу хийснийг нь өөрөөс нь асуу, иргэд бид мэдэхгүй.

.  С.Лхам: Нэг удаа нүүрс тараасан гэсэн

-Та Г.Баярсайхан гишүүнийг тойрогтоо хэр ажил хийсэн гэж бодож байна?

-Манай дүүрэгт нэр дэвшиж байсныг нь л санах юм байна. Түүнээс биш тийм ийм ажил хийсэн гэдгийг нь мэдэхгүй. Аан нээрээ, саяхан нэг нүүрс тараасан сураг байсан. Манайх олж авч чадаагүй. Хороонд танилтай нь авсан дуулдсан. Өөр ёстой мэдэхгүй юм байна гэв.

Г.Баярсайхан гишүүний сонгогдсон Чингэлтэй дүүргийн иргэдээс анх таарсан гурван хүний амыг сонсоход ийм байна. Эрхэм гишүүн Г.Баярсайханы хийсэн ажлыг нь хэлэх хүн олдсонгүй. Аргаа барахдаа л “өөрөөс нь асуу” гэх вэ дээ. Мэдээж иргэд сонгосон гишүүн нь хийсэн ажилтай байсан бол түүний талаар хэлэх үгтэй байх байлаа. Харамсалтай нь бодит үнэн ийм байна. Г.Баярсайхан хийгээд түүний сонгогчдын хоорон дахь харьцаа сонгуульд нэр дэвшиж, сонгогдсоноор цэг тавигдсан гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй санагдав. Юун төрд төлөөлөх гүүр. Тэр зам гүүрээр нь ганц алхсан хүн хэр байгаа бол... Олоход хэцүү л болов уу. Магадгүй мань хүн Чингэлтэй дүүрэгт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харъяа Нүүр ам судлалын сургуулийн өмнөх үерийн далангийн дээгүүр тавьсан гарцаа өөрийнх нь яриад байгаа “төрд төлөөлөх гүүр””-ээ хэмээн андуураагүй байлтай.      

 

Хоёр алдлаа, харин гурав дахиа...

Тиймээ, Чингэлтэйнхэн Г.Баярсайхан гишүүнд хоёр ч удаа боломж олгосон. Хүн нэг алдаж болно, хоёр алдаж болно, харин гурав дахиа хэзээ ч алдаж болохгүй гэдэг. Тэгвэл 2016 оны сонгуульд Г.Баярсайхан гишүүнийг сонгож, алдаа хийхгүйгээ мэдэж байгаа мэргэн Чингэлтэйчүүд.

 

Хэрэгжүүлж чадахгүй байж хий хоосон амлах Г.Баярсайханд итгэх иргэдийн цуваа цөөрсөн нь гарцаагүй. Эхнээс нь дүгнээд үзье л дээ. “Монголын улс төрд ногоон мод тарина” хэмээн 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин, Чингэлтэй дүүргээс гарч ирсэн түүний найман жилийн өмнө тарина гэсэн модноос хэд нь ургасныг Чингэлтэйнхэн төдийгүй нийслэлчүүд дүгнэж байгаа байх. Нийслэлийнхэнд ногоон мод цэвэр агаар шиг хэрэгтэй бас улстөрд эрүүл агаар оруулах нь түүнээс дутахааргүй чухал. Тиймдээ ч Чингэлтэйнхэн түүнд 2008 онд итгэл хүлээлгэн сонгосон. Чингэлтэйд эрхэм гишүүн тэрбум төгрөгөө хэрхэн үрснийг нь эргэн санавал халуун усны газраас өөр зүйл босгоогүй аж. Халуун усны газар ч гэхээсээ илүү сонгуулийн үеэр штабаа болгоод ажиллуулчих санаатай барьсан хэдэн объект нь гэвэл нэг их буруудахгүй биз.  Г.Баярсайханы амласнаар Чингэлтэйчүүд хаусанд амьдарч, улс төр ногоорч эхлэх байсан юм. Далан давхрын оршуулгын газрын хөрснөөс бусдыг нь сэргээж, жижиг хаустай жишиг хороолол босгоно гэж амласан улстөрч. Сонгогчдыг уяраасан гол амлалт нь “Монголын улс төрд мод тарина” гэсэн шаггүй хөөрхөн уриа, удаах нь хаус хороолол Чингэлтэйд босгоно гэсэн худлаа амлалт байлаа. 2008 онд Г.Баярсайханы ярьж байснаар бол Чингэлтэй дүүргийн 70 давхрын оршуулга орчмын айлууд бүгд л хаусанд орчихсон хаус хороолол аль хэдийнэ босчихсон баймаар. Гэвч  найман жил өнгөрчихөөд байхад бахь байдгаараа.

 

Г.Баярсайхан гэр хороололд  түлээ түлш бус цахилгаанаар дулааны систем нэвтрүүлнэ гэсэн бас нэгэн том амлалт өгсөн. Гэвч амлалтаа биелүүлээгүй. Биелүүлэх нь бүү хэл найман жилийн өмнөх тэрхүү амлалтаа мартаж орхиод шуудайтай нүүрс тарааж явах. Сонгогчдоос “Коко” авах гэсэн ядмагхан ажил, ядуухан энэ бодол нь иргэдийг улам л бухимдуулав. Энэ мэт амласан амлалтынх нь араас нэхээд байвал үргэлжлээд л байх. Биелүүлээгүй амлалтыг бичлээ гээд биелчих биш энэ хүрээд өндөрлөе. Харин Г.Баярсайхан гишүүн тойрогтоо хэрхэн ажилласан, амлалтаа хэр биелүүлсэн талаараа хувьдаа ямар бодолтой явдгийг нь асуухаар шийдлээ. Шууд өөртэй нь уулзах боломжгүй тул туслахаар нь дамжуулаад “Тойрогтоо хийсэн ажлуудаас нь нэрлээч” хэмээн хүссэн боловч “ Дараа хариу өгье” гээд таг чиг болох нь тэр. Бодвол хийсэн ажил, хэлэх үггүй болохоор тэр биз /хоёр хоног хариу хүлээж дээрх дүгнэлтийг хийв/. Төгсгөлд нь тэмдэглэе, Г.Баярсайхан гишүүн ээ! Таны дөрвөн жилийн өмнө сонгогчдодоо амласан төрд төлөөлөх гүүр, найман жилийн өмнө амласан төгөл болох мод чинь ХААНА БАЙНА, хариулаад өгөөч...!!!

С.Баяр

Эх сурвалж: breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (47)

Онцлох мэдээ