...
...

МЕГА ТӨСӨЛ-10 буюу 11-н баримт

1. Эгийн голын усан цахилгаан станцын эхний ТЭЗҮ-г 1991 онд Азийн хөгжлийн банкны 5.5 сая ам.долларын санхүүжилтээр хийсэн байдаг.  Энэ 5.5 сая ам.долларын өртөгтэй ТЭЗҮ огт ашиглагдаагүй бөгөөд,  сүүлд дахин шинэ ТЭЗҮ хийгдсэн байдаг. Эхний ТЭЗҮ-гийн 5.5 сая ам.долларыг тухайн үеийн ороо бусгаа байдлыг далимдуулан “шамшигдуулсан” гэж хардах боломжтой. Учир нь Швейцарь, Итали, Монголын компаниудын хийсэн гэх уг ТЭЗҮ сүүлд 95 хувь өөрчлөгдсөн бөгөөд, 1997 онд энэ ТЭЗҮ-г ашиглаж “Эгийн голын усан цахилгаан станц” төслийг эхлүүлэх гэж оролдсон боловч олон шалтгааны улмаас хойшилсоор байсан.

2.Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн баригдах ТАВАНТОЛГОЙ цахилгаан станцын төсөл дээр ажиллаж буй 21 хүн 2015 онд 969.080.000 төгрөгийн цалин авчээ.

3. Оюутолгойн  баяжуулах үйлдвэр барихад 6 сая 68 мянга 286 шоо метр газар шорооны ажил хийж, 171,055 шоо метр бетон цутгажээ. Үйлдвэрт нийтдээ 20,927 тонн ган төмөр ашиглаж, 688,727 метр цахилгааны утас хэрэглэжээ. Баяжуулах үйлдвэр хоногт 100,000 тонн хүртэл хүдэр боловсруулах хүчин чадалтай, Монголд баригдсан хамгийн том үйлдвэр юм. Тус үйлдвэрийг барьж босгоход гурван Эйфелийн цамхаг барих ган төмөр орж 15.7 сая хүн/цагийн хөдөлмөр зарцуулсан байна.

4. Анхлан 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй байсан Тавдугаар цахилгаан станцын төсөл хоёр жилийн дотор 100 сая доллараар нэмэгдсэн. Өртөг бүхэл бүтэн 100 сая доллараар нэмэгдсэн шалтгаан нь “Хөлийн гол” цэвдэгтэй тул барилгын ажилд хүндрэл учирсан гэнэ.

5. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл хэрэгжих явц дундын үйл ажиллагааны үеэр буюу 2013-2021 оны үед дотоодын нийт бүтээгдэхүүнийг 15.8 хувиар өсгөх тооцоотой байсан. 2021 оноос төслийн үр дүнд 12 мянган ажлын байр шинээр бий болгох, цогцолбор түшиглэсэн шинэ суурьшлын бүс бий болох, жилд таван сая тонн ган үйлдвэрлэх төсөөлөлтэй байсан

6. Монгол Улс нь хэдийгээр 2.4 тэрбум тонн газрын тосны батлагдсан нөөцтэй гэж тогтоогдсон ч цаашдаа тогтоогдсон ордуудыг олборлоход ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардагдах нь тодорхой болоод байгаа тул нүүрс шингэрүүлж бензин, түлш, хий үйлдвэрлэх Багануур, Адуунчулуун, Цайдам нуур, Төгрөг нууруудад тус бүр 1-2.5 тэрбум ам долларын өртөгтэй үйлдвэрийн мега төсөл эхнээсээ хэрэгжүүлж эхлээд байна

7. Хэд хэдэн мега төсөл хэрэгжүүлж буй “Монголын алт” компанийн “Цагаан суварга”-ын зэс молибденийн одыг ашиглах төсөлд зориулж ЗГ 745 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байдаг. ХБНГУ-тай байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд дээрх 745 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Германы ЗГ-ийн баталгаатай зээлээр санхүүжүүлэхээр болсон байдаг.

8. Жилд 1.5 их наяд орчим төгрөгийн нэмүү өртөг бүтээж, улсын төсөвт 500 гаруй тэрбум төгрөгийн татвар төлөх тооцоотой Дарханы нефть боловсруулах үйлдвэрийн 51 хувийг батлан даалт гаргах нэрээр төрийн мэдэлд авна хэмээн үүрэгдсэн Н.Алтанхуяг гэнэт хэлснээсээ буцаж “Манай засгийн газар энэ төсөлд оролцохгүй” хэмээн мэдэгдэж томоохон төслийг царцааж орхисон.

9. ОУ-ын зах зээлийн үнэлгээний “Мүүдис” агентлаг энэ оны эхээр Энержи Ресурс компанийн зээлжих зэрэглэлийг ССС болгон бууруулсан. Үүнээс улбаалан тус компани нэг өдрийн дотор зах зээлийн үнэлгээнийхээ талыг алдсан юм. Нэгдүгээр сарын сүүлээр “Монголиан майнинг корпорэйшн” компанийн хувьцаа 37 хувиар унаж, 3 хонг конг цент болсон байна. Энэ нь тус компанийн зах зээлийн үнэлгээ 38 хан сая ам.долларт хүрсэн бөгөөд бондын төлбөрөө өнөөгийн нөхцлөөр барагдуулахад хүндрэлтэй болжээ.

10. Тавантолгойн ордыг Энержи Ресурст өгөх гэж зүтгэж байсан ерөнхийлөгч асан П.Очирбат тус компанийн ТУЗ-аас 24000 ам.долларын цалин авдаг байжээ.

11.“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хуучин удирдлага 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байхдаа гадаадад оргон зайлж, интерполоор эрэн сурвалжлагдаж байна.

С.Амаржаргал

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ