“Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Цэндсүрэнээс НӨАТ-ын шинэ хууль иргэдийн амьдрал, бизнест ямар дарамт учруулж байгаа болон тэд юу хүсээд байгаа талаар тодрууллаа.
-Танай холбоонд жижиг, дунд бизнес эрхлэгчид НӨАТ-ын хуулийг өөрчлөхөд туслалцаа хүсчээ. Тэдний эрх үнэхээр зөрчигдөж байгаа юм уу. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Манай “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-нд зургаан дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгч нийт 5000 орчим иргэд хандаад байна. Энэ хүмүүсийн эрх ашиг их хөндөгдөж байгаа юм. Өнөөдөр тэд ард түмэнтэй ойлголцолд хүрэхгүй байна. Яагаад гэвэл 1200 төгрөгөөр үнэлэгдсэн талх эцсийн хэрэглэгчдэд очихдоо НӨАТ-ын хуулиар 1400, 1500 төгрөг болж байна. Эндээс харахад бараа, хүнсний үнэ өсөөд байна. Бизнес эрхэлж байгаа хүн тухайн бараандаа татварын мөнгийг шингээж зарж байгаа. Хамгийн эцсийн хэрэглэгч ард түмэнд энэ нь тодорхой хэмжээгээр нэмэгдэл үнээр хүрч байна. Одоогийн байдлаар бүх бараа 100-200 төгрөгөөр нэмэгдсэн байна гэж иргэд ярьсан. Монголын нийгэмд өнөөдөр ажилгүйдэл их, амьдрал хэцүү, ядуу байна гэж хүн бүхэн ярьж байгаа шүү дээ. Гэтэл энэ хууль хэрэгжиж эхэлснээр тэр тусмаа гэр хорооллын хүнсний дэлгүүрүүд өрийн дэвтэрт өр тэмдэглэдэг болжээ. Нэг ёсондоо өрийн наймаа хийдэг гэж ярьж байгаа. Биднийг гэр хорооллын дэлгүүрүүдтэй танилцаж, иргэдтэй уулзаад явж байхад талхыг хувааж, төмсийг ширхэглэж, тосыг граммаар авдаг нь тэр өрийн дэвтрээс харагдсан.
-Иргэдэд худалдаа хийгээд баримт өгөөгүйн улмаас торгууль оногдуулж эхэлсэн. Хэчнээн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид торгууль төлөх болж байгаа талаар мэдээлэл байна уу?
-Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд Татварын газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын байцаагчдын бүрэлдэхүүнтэй баг очиж, “Танайх кассын машинаа ав. Авахгүй бол танай барааг хурааж авна. Дэлгүүрийг чинь хаана” гэсэн дарамт шахалт байгааг бидэнд мэдэгдсэн. Зарим иргэд маань кассын машин үнэтэй ч байсан, хямдхан ч байсан худалдаж авахгүй гэж байр сууриа илэрхийлсэн. НӨАТ-ын хуулинд өөрчлөлт оруулахад танай холбоо бидэнд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа өгөөч гэж хүсч хандлаа.
-НӨАТ-ын тухай хуулинд гол нь ямар өөрчлөлт оруулахыг иргэд, бизнес эрхлэгчид хүсч байгаа юм бэ?
-Тус хуулиудад “хувь иргэн хүн” гэсэн заалт бий. Тэр заалтыг өөрчлөх хэрэгтэй гэж шаардаж байгаа юм. Энэ тухай манай хуулийн зөвлөх дэлгэрэнгүй тайлбар өгнө. Ер нь энэ хуулиар жишээ нь, үсчинд үсээ засуулаад гарахдаа, гуталчинд гутлаа янзлуулаад татвар төлөх болсон. Энэ заалт нь ард түмэн ядуурал, ажилгүйдэлтэй байгаа энэ үед улам дарамт үүсгээд байгаа юм. НӨАТ-ын хууль хэрэгжсэнээр сугалаагаар хүмүүсийн тархийг угааж байна. 480 сая төгрөгний сугалааг нэг хүн хожих нь дээр байна уу, эсвэл Монголын ард түмэн тэр чигээрээ ядуураад, өртэй амьдралтай байх нь зөв үү. Тус хууль хэрэгжээд нэг жилийн дараа Монголын бүх иргэн татвараа нуун дарагдуулсан заалтаар эрүүгийн хэрэгт шалгагдаж магадгүй. Одоогийн энэ байдал шүүхийн хаалга татахад бэлэн болгож байна. Энэ асуудалд бид гол анхаарлаа хандуулна.
-Сугалааны азтаныг шударгаар тодруулах боломжтой гэж үзэж байна уу?
-Бид сугалааны учрыг ерөөсөө ойлгохгүй байгаа. Тэгээд ч энэ асуудлыг дэмжихгүй. Яагаад гэхээр татварын хуримтлуулсан мөнгө тухайн төрийн албан хаагчийн цалин, хүүхдийн цэцэрлэг, сургууль барихад зарцуулагдах ёстой. Гэтэл хэн нэгэн хүнд сугалаа маягаар хэт их мөнгө өгөх шаардлага байгаа юм уу, үгүй юу гэдэгт эргэлздэг. Түүнчлэн НӨАТ-ын тухай хууль чинь ард иргэддээ яагаад хэт их ачаа, дарамтыг үүсгээд байна вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм
Б.Баярмаа
Эх сурвалж: www.breakingnews.mn