...
...

Харийн шоронд Монгол бүсгүйчүүд тарчилж байна

 “Санаж байна би санаж байна
Сэтгэл зүрхээ бэтгэртэл ээжийгээ санаж байна
Уйлж байна би уйлж байна
Ухаан суутлаа би уйлж байна”.
..
 

"Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар" /2010 оны 6 дугаар сарын 19-ний өдөр/ Ц-ийн захианы хэсгээс...
 

Хятад улсын “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар”-т Монгол эмэгтэйчүүд ял эдэлж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө эгч дүүс болох Ц, М гэгч хоёр эмэгтэй хар тамхины хэрэгт холбогдон харийн нутгийн шоронд хар тамаа эдэлж эхэлжээ. Энэ хоёр бүсгүйтэй хамт хоригдож байгаад ялын хугацаагаа дуусгаад ирсэн Монгол Улсын иргэн Т гэгч эмэгтэй бидэнд хандсан юм. Тэрээр шоронд орхиод ирсэн элэг нэгт дүү нарынхаа эмгэнэлт байдлыг ийн өгүүлж байна.

-Та Ц, М хоёрыг төрсөн эгч дүүс гэлээ. Яагаад ийм хэрэгт хоёул, хоёулаа холбогдсон юм бол. Энэ талаар тодорхой ярихгүй юу?
-Ц-ийн эгч М нь анх 2006 онд Бээжин хотыг зорьсон юм билээ. Тэнд нэг Өвөрмонгол найз залуутай байсан гэсэн. Тэгээд дүүгээ мөн оны 11 дүгээр сард Бээжин рүү татаж ажил хийлгэхээр аваачсан гэсэн. Тэр хоёрыг ажилд оруулсан хүмүүс эхлээд эмийн худалдаа хийлгэнэ гэж байсан ч эцэст нь хар тамхи зөөлгөхөд хүрсэн гэнэ лээ. Буруу санаатны атганд орсон эгч, дүү хоёр аргагүйн эрхэнд хар тамхи биеэрээ зөөвөрлөхөд хүрчээ. Ингээд л явж байгаад Хятадын онгоцны буудал дээр баригдаж Хятад улсын хуулийн дагуу ял авсан юм байна билээ. 

Эгч нь насаараа хоригдох, дүү нь 15 жилийн ялыг шүүхээс сонсож, тус улсын Юнань хотын Күмэн мужийн шоронд хоригдож байгаад хоёр жилийн өмнөөс “Хөх хотын эмэгтэйчүүдийн хорих газар” шилжин ирсэн юм. Тэнд л би энэ хоёр охинтой танилцсан даа. Эгч, дүү хоёр энд ирэхдээ эх орон, ээж, аав дээрээ амьд мэнд очих эрмэлзэлтэй байсан. Гэвч жил зургаан сарын өмнөөс эгч нь хоолноос гарч, одоо бүр гуурсаар амь зогоож байгаа. Дүү нь эгчийгээ асарч, илүү дутуу ажил хийж мөнгө олох гэж явсаар байгаад бас л бие нь муудаж эхэлсэн. Энэ хоёр эмэгтэй үнэхээр хүнд байдалтай үлдсэн.

-Эгч дүү хоёр хэд орчим насны хүмүүс вэ. Хүнд байдалтай үлдсэн гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Дүү нь 24 настай, эгч нь хоёр гурван насны л зөрүүтэй. Эгч нь хоолоо идэхээ больж, өлссөнөөс хойш эгч, дүү хоёрын амьдрал хүндэрсэн. Нэг л өглөө эгч нь дуугаа хураан, хоол идэхээ больж, бүр сүүлдээ ухаан санаа нь балартсан. Шоронд хоригдол нас барах ёсгүй, тэр тусмаа гадаадын иргэд дээр ийм асуудал гаргаж болохгүй болохоор эгчийг нь гуурсаар хооллох болсон гэсэн. Хамарт нь хоёр метрийн урттай гуурс шургуулж, 300 грамм шүүс, 3 грамм эм нэг удаад шахдаг. 

Амьд үлдээхийн тулд хийж байгаа энэ арга маш их өвтгөх нь мэдээж юм. Төрсөн эгчийгээ зовж байгааг хараад дүүгийнх нь сэтгэл ямар байх билээ. Бид шоронд хоорондоо ярих эрхгүй учраас дүү Ц нь надад нууцаар захиа бичиж сэтгэлээ онгойлгодог байсан юм.

Тэрээр хамгийн сүүлд бичсэн захиандаа “Эгчийг минь хамрынх нь гуурсаар хооллож байхыг харлаа. Хацрыг нь дагаад хоёр нүднээс нь нулимс унаж байна. Яасан их өвдөж байгаа бол доо эгч минь. 
Яагаад өөрийгөө ингэж зовооно вэ". Зүгээр хоолоо идэж болохгүй л байсан юм байх даа. Эх нутаг, ээж аавыгаа санахын эрхэнд ийм зүйл хийсэн юм болов уу. Т эгчээ дүү нь маш их ганцаардаж байна. Ганцаардсандаа зүрх минь багтарлаа. Шоронд ямар ч хүн хог шаар болдог нь үнэн юм байна. Тэр тусмаа эх орон нь тоохгүй бол бүр хог новшноос ч долоон дор юм байна. Таны явах өдөр дөхөж байна. Одоо би яана даа.”
гэж захиа бичээд үлдсэн.
 

/Т түүний бичсэн захиаг уншаад, өөрийн эрхгүй хэсэг уйлав/
 

-Захианд эх орон тоохгүй байгаа тухай өгүүлжээ. Хөх хотод байгаа манай улсын консулын газраас та нартай холбогдсон уу?
-Уг нь гурван сард нэг удаа ирэх ёстой. Гэхдээ жилд нэгээс хоёр удаа ирдэг. 100 юань өгөх гэж л ирдэг юм шиг байгаа юм. Уг тэд ар гэрт нь бодит байдлыг дуул-гаж асуудал тавих ёстой. Гэвч тэгдэггүй. Ар гэрт нь хааяа нэг мэдээлэхдээ “Хүүхдүүд чинь хэвийн байгаа” гэж хэлдэг байсныг энд ирээд мэдлээ.   Шоронгоос сард зургаан юань таван мо өгдөг байсан. Тэр нь үнэндээ ариун цэврийн хэрэглэлээ ч авч хүрдэггүй. Тиймээс л бид бусдаас илүү хөдөлмөрлөж, илүү ажил хийж олсон мөнгөөрөө амиа зогоодог.

-Шоронд ажил хийж болдог хэрэг үү?
-Болдог. Ц-ийн хувьд бусад мөнгөтэй хоригдлуудынхаа ор хөнжлийн даавууг З0 юаниар угааж, хажуугаар нь алчуур оёдог ажил хийн эгчийгээ болон өөрийнхөө амийг борлуулдаг. Их ачаалалттай ажиллаж байгаад саяхан гэнэт ухаан алдаад уначихсан. Шорон-гийн Эмнэлгийн хороонд 10 хоночихоод ирсэн хойноо надад захиа бичихдээ

Дүүгийнх нь толгой дээр тэнгэр унах шиг л болж байна. Ээж, аав, эх орондоо эгчийгээ дагуулаад эсэн мэнд очих зорилго минь талаар өнгөрөх шиг боллоо. Намайг нь элэгний вирустэй гэсэн. 
Шоронгийн хоригдлуудаас тусгаарлах юм шиг байна. Эгчийгээ одоо яах билээ. Болдог бол эх нутагтаа л очмоор байна. Т эгч ээ халаасандаа ч болов дүүгээ хийгээд аваад гараач дээ
” гэж бичсэн.

Шоронгийн сараалжин хашааны завсраар захиагаа өгөөд үлдсэн дээ хөөрхий... гэж Т ярьсан юм.

Харийн шоронд хар тамхины хэргээр хоригдсон эгч, дүү хоёрын талаар хамт хоригдож байгаад суллагдсан Т-аас таван жилийн өмнө дээрх яриаг авч байжээ. Хил дамнан хар тамхины худалдаа хийдэг бүлэглэлийн золиос болсон хөөрхий эгч, дүүсийн эмгэнэлтэй хувь тавиланг давтах тохиолдол өнөөдөр ч байсаар байгаа юм.

2015 оны байдлаар манай улсын 152 иргэн гадаадад ял эдэлж байгаагийн 36 хувь нь хар тамхины хэрэгт   холбогдсон байна. Монгол Улс хар тамхи “дамжуулагч” орны тоонд ордог байсан бол одоо “хэрэглэгч” орон болжээ. “Цагаан тахал” хэмээн нэрлэгдсэн хар тамхи Монголыг маань, монгол залуусыг минь аалзны тор шиг хэрэн наалдаж байгаа энэ цаг дор сэрэмжлүүлэг, санамж болгох үүднээс дээрх ярилцлагыг нэхэн нийтлэв.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnws.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ