...
...

Хятад шаахайтай нударга зөрүүлсэн Монголчууд

БНМАУ- ын Ерөнхий сайд Ю. Цэдэнбал Манж Чин Улсын үеээс Монголд 150 жилийн турш буюу, 1963 он хүртэл суурин амьдарсан Хятад иргэдийг
 1963 онд анхлан бөөнөөр нь нийслэл Улаанбаатараас албадан гаргаж байсан бол  1966 онд " Энэ Монгол чинь одоо Хятадын арми байна уу? Хятад ажилчид байна уу? -дахин арга хэмжээ авах хэрэгтэй болж" хэмээн СНЗ- ийн хурал дээр ширүүнээр хэлээд (ХЯТАДУУД) ыг албадан гаргах тушаал Сайд нарын зөвлөлөөр батлуулсан байдаг.  Тухайн үеийн НАХЯ, арми, цагдаа нарийн нэгдсэн хүчээр олон мянган Хятад иргэдийг өмссөн хувцастайн Төмөр зам Вокзал дээр бөөнөөр нь ачин нутаг буцаах үеэр Хятадууд эсэргүүцэн гартаа байгаа бүхнээрээ зэвсэглэн Төмөр замын Вокзал дээр том хэмжээний цуст зодооныг өрнүүлсэн ч цэрэг цагдаа нарын дайралтанд дарагдан нутаг буцсан билээ. Хятадын удирдлага болох Мао Зедун, Жоу Энь Лай нар "Нөхөр Цэдэнбал дипломат ёсыг уландаа гишгэж байна." гэх мэтээр шүүмжилсэн өнгөтэй захиа илгээсэнд манай орны удирдагч Ю.Цэдэнбал: "Бид өөрсдийн тусгаар тогтнол, бие даасан байдал, үндэсний эрх чөлөөгөө ямагт хамгаалах болно"гэсэн хариу илгээсэн талаар түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Зодооны хэргийг эргэн сөхвөл, 1966 оны 5-р сарын 21-нд Улаанбаатарын галт тэрэгний буудал дээр болсон гэдэг.

Хэдэн арван хятад хүн, монгол цагдаа нар шархдаж бэртэн олныг хамарсан томоохон хэмжээний зодоон гарсан нь Монголын түүхэнд гарсан цуутай зодоонуудын нэг юм. Цагтаа хөдөлж чадаагүй галт тэрэгний хагархай цонхнууд, цусаа савируулан ёолох монгол цагдаа, хятад хүмүүс, энд тэндгүй унасан чулуу, шилний хагархай яг л эх орны дайны фронтын талбар мэт үзэгдэж байжээ. Эхэндээ дугуйтай, явган цувран ирсээр вокзалын өмнөх талбайг пиг дүүргэсэн хятадууд ачааны гурван “ЗИЛ-130” машинаар дүүрэн ирж десантаараа буусан нөхдөө хараад улам зоригжин хашгиралджээ. Тухайн үед Улаанбаатар хотод цэцэглэн хөгжиж байсан “Пэйцай” хэмээн хятад сургуулийн анги бүрээс хамгийн сайн сурлагатай, биеэрхүү гэж шилэгдсэн өсвөрийн дайчид ч дээрх ачааны машинаар ирсэн аж.  Зодоонд хүргэсэн шалтгааныг тодруулбал, тухайн цагт Хятадын удирдагч Маогийн дэвшүүлсэн Зөвлөлтийн ревизионизмыг устгах уриалга гарч хоёр их коммунист гүрний хооронд ан цав гарсантай холбоотой байв. Аль ч цагт Зөвлөлтийн ахаа дагадаг байсан Монгол улс Хятадын үзэл суртлын эсрэг аянд ийнхүү мордсоноор хөрш орнуудын хагарал эцстээ вокзалын зодоонд хүргэсэн гэдэг. “Пэйцай” сургуулийн сурагчдыг БНМАУ-ын эсрэг өдөөн турхирсан учир багш Ван Зы Хань, Чень Лу, Зуо Гуй И нарыг Монголоос хөөн гаргах болсон тул тэднийг дэмжих гэж олон хятад цугларчээ. Тэр гурван багш сургуулийнхаа дөчөөд хүүхдийг удирдаж тухайн үед гардаг байсан “Монголын мэдээ” сонины хаалгыг эвдэн орохоор завдаж, самбарт хадаатай Монголын удирдагчдын гэрэл зураг руу нулимж, доромжлон өдөөн хатгажээ. Ингэж байсаар тэд хамгийн эхэнд галт тэргийг саатуулсан байна. Хөөгдсөн гурвыг үдэхээр цугларсан хятадуудын дотор Хятадын элчин сайдыг түр хамаарагч Лэо Зи гэгч дипломат ажилтнуудынхаа хамт очжээ. “Засварлах үзэлтэй Монголчууд Хятадын ард түмний шар үсийг ч гэмтээж чадахгүй” гэсэн хятад ажилчдын даргын үг гал дээр тос нэмжээ. Яг тэр үед Ардчилсан Солонгосын нэгэн томоохон сайд галт тэргээр нутаг буцахаар Монголын 20 гаруй цагдаагаар хамгаалуулан купенд орох үед хятадууд хашгиралдан дайрчээ.

Тэд цөөхөн цагдааг бүчиж аваад нүүр лүү нь нулимж, малгайг нь авч шидсэнээ шууд цохиж эхэлсэн байна. Цагдаа нар тэдэнтэй улаан гараараа ач тач үзэлцсэн ч хүний олонд аргагүй л дийлджээ. Тиймээс хятадууд энд тэндгүй үсдүүлж, чирүүлж унасан цагдаа нарыг орилолдон өшгичиж, дэвсэж гарчээ. Тэд бүр зүүгээр шивж, хадаасаар хатгасан тул цагдаа нарын албаны хувцас нь дорхноо салбайн урагдаж, цус нөжтэйгөө хутгалдаж хүнд хөнгөн шархадсан байна.

Ингэснээр Монголын жижигхэн вокзал дайны цагийн гардан тулааны талбар мэт болсон бөгөөд гар хоосон цагдаа нар хятадуудад зүгээр зогсч байгаад зодуулсангүй. Тэд мод, чулуу, зүү, хадаасаар зэвсэглэсэн хэдэн зуун хятадын өөдөөс ан мана үзэлцсэн гэдэг. Ардчилсан Солонгосын сайдыг гаргаж өгсөн 20 орчим цагдаа аюулаас хамгаалахын цөөхөн ажилтан нэгэнт дийлдэх нь тодорхой болсон тул нэмэгдэл хүч дуудуулсан байна. Тиймээс арми болон цагдаагийн том дарга нар яаралтай зөвлөлдөж хотод байрладаг бүх анги нэгтгэлийг түгшүүрийн дохиогоор байлдааны бэлэн байдалд оруулжээ. Төдөлгүй вокзалын зүг хэдэн машин дүүрэн цагдаа, аюулаас хамгаалахынхан, Ардын армийн цэргүүд хүрэлцэн ирсэнээс гадна гал командын машинууд хүртэл дохиогоо хангинуулан ирж ус цацахад бэлэн болжээ. Ингээд хятад, монголчуудын хоорондох жинхэнэ гардан тулаан эхэлжээ.

Гал командын машинаас цацсан усанд шалба норсон Хятадууд давшихаа болиод ухрахад тэдний ар талд байсан Хятадын элчингийн ажилтнууд “Та нар нэгэнт л зодоон үүсгэсэн бол хэзээ ч ухарч болохгүй” гэж турхирсан гэдэг.

Үүнтэй уялдаад Монголын офицерууд цэрэг, цагдаагаа өндөр дуугаар командлах нь нэн сүртэй байжээ. Гэвч Маогийн үзэл сурталд гүн автсан, их Хятадыг Монгол байтугай нь хөндөж чадахгүй гэж бүрэн итгэж зоригжсон хятадууд няцаж зугтах шинж ер байсангүй. Тиймээс ахлах офицерын “Давшаад” гэсэн огцом дуугаар цэрэг, цагдаа нар бүслэлтээ хумин дайрчээ. Монголчууд нь үүрч тонгороод, хятадууд мөргөн ноцолдож, зодолдож эхэлсэн бөгөөд сэлэм, жадгүй л болохоос биш тэдний тулалдаан Чингис хааны Сүн улсыг дайлаар мордсонтой нэн төстэй байж. Үүний улмаас жижигхэн талбай чих дөжрөм орилолдох ёолох, тас няс хийсэн их дуу чимээ, цус нөж, энд тэндгүй гулдайн хэвтэх бэртсэн хүмүүсээр дүүрчээ. Улаанбаатарын түргэн тусламжийн бүх машинууд шархдагсдыг эмнэлэг рүү зөөж байсан бөгөөд цэргийн зохион байгуулалттай, өндөр сахилга баттай Монголын цагдаа, армийнхан эрээвэр хураавар энгийн хятад иргэдийн эгнээг саринулан бутаргаж чадсан байна. Чулуугаар шидэж хэд хэдэн цагдаагийн тархийг хагалсан “Пэйцай” сургуулийн сурагчид хамгийн түрүүнд бууж өгчээ. Тэд “Өршөө” хэмээн хятадаар хашгирч гараа өргөн өвдөг сөхөрсөн бөгөөд баривчлагдагсдыг бүхээгтэй машин руу чихэж, автомат буутай цэргүүд харгалзаж байсан байна.   Дийлдэх нь гарцаагүй болмогц хятадууд тал тал тийшээ бутран зугтсан хэдий ч цэрэг, цагдаа нар тэднийг хөөн барьж, гарыг нь мушгин номхотгожээ.

Уг зодооныг удирдан санаачилсан Хятадын элчин сайдын яамны таван ажилтан ч баривчлагдсан байна. Хятадын элчингийн нарийн бичгийн дарга Гу Шу, цэргийн аташе Жан Дэ Линь, Син Цай Пин нарыг цагдан сэргийлэхийн дарга С.Рэнцэнхорлоо удалгүй суллажээ.

Баривчлагдсан бусад хятадууд нь жирийн ажилчид, сурагчид байсан бөгөөд ихэнх нь 15-21 насны залуучууд байж. Тэд уг хэрэг явдлын гол жанжин нь Монголд суугаа цэргийн атташе Жан Дэ Линь гэж мэдүүлжээ. Мөн Маогийн үзэлд үнэнч, хэт зүүний улаан хамгаалагчдын бүлгийг “Пэйцай” сургуулийн сурагчдаар бүрдүүлэн өдөөн хатгах явуулга зохион байгуулсаныг ч өчицгөөсөн байна. Жан Дэ Линь нар нь уг зодооны тактикийг боловсруулахдаа бослогод оролцсон хүүхдүүдийг элчингийн байранд хүлээн авч цайллага хийсэн нь тогтоогджээ. Монголын эрх баригчид уруу татагдсан хүүхдүүдийг сулласан бөгөөд хамгийн идэвхтэй зодолдож, цөөнгүй цагдааг шархдуулсан Жо Шу Вэнь, У Фу хэмээх хоёр хятадад таван жил хорих, нэг жил засан хүмүүжүүлэх ял оногдуулсан гэдэг.  Дайны сорви, ул мөр шингээсэн фронтын талбар мэт үлдсэн вокзалыг засч сэргээхэд багагүй хөрөнгө зарцуулсан байна. Харин цагаасаа хоцорч хөдөлсөн галт тэргийг Бээжинд баатруудаа угтан авч байгаа юм шиг л ёслол төгөлдөр угтжээ. Гэвч Бээжинд очсон тэр галт тэргээр ирсэн Солонгосын гадаад явдлын яамны орлогч сайдыг угтахаар очсон Монголын элчингийхнийг хятадууд элдвээр давшилсан байгаа юм.

Улмаар Бээжин дэх Монголын Элчин сайдын яамны үүдэнд олон мянган хүн цугларч, хүн нэвтрүүлэхгүй бүслэн хааж чулуу модоор шидлэн доромжилсон гэдэг.

Мөн Маогийн үзэл суртлыг гадаад Монголд баатарлагаар нэвтрүүлж тэмцсэн гурван хятадыг Бээжингийн нэг бүдүүн дарга хүлээн авч уулзаад магтан сайшааж шагнасан гэдэг. МОНЦАМЭ, Синьхуа агентлагууд ч өөр өөрсдийн үзэл суртлыг хэт дөвийлгөн магтаж нэг нь нөгөөгөө муулсан мэдээлэл цацжээ. Тухайн үед уг зодоонд оролцож явсан жар гаруй насны “Маахуурын” Зийдаа гуай өгүүлэхдээ “Өнөөгийн хүмүүс тэр зодооныг зөвхөн вокзал дээр болсон гэдэг ойлгоцтой байдаг юм билээ. Тийм биш. Энэ зодооны гол цөм нь вокзал дээр болсон юм.

Гэхдээ энэ хятад-монголчуудын зодоонд Улаанбаатарын хулигаанууд улсаа төлөөлж зодолдсон гэж хэлж болно.

Улс төрийн нарийн шалтгааныг нь мань мэтийн хулигаан яаж ч мэдэх билээ. Гэхдээ зориуд өдөөн турхирсан байж мэдэх янз бүрийн яриа зөндөөнийг сонсож байлаа. Тэр зодооны дараа Намын төв хороо хуралдаад хятадуудыг Монголоос албадан гаргаж нутаг буцаасан. Тийм болоод ч тэр үү, тухайн үед “Төр засгийн удирдлага хятадуудыг Монголоос гаргахын тулд вокзалын зодооныг зориуд өдөөсөн” гэдэг яриа гарч байлаа. Уг нь вокзалын зодооныг манай цагдаа, цэргийнхэн тэр даруйд нь таслан зогсоох бүрэн боломж байсан юм билээ. Гэтэл тэд зориуд хятадуудыг өдөж дэвэргээд зодолдсон байдаг. Яг л 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун шиг. Тэгээд зодоон болсоны маргааш “Хотын хулигаанууд зодооныг өдөөсөн” гэдэг яриа дэгдээж, цагдаа, цэргийнхэн өөрсдөө нэр цэвэр үлдэж байлаа. Муу нэртэй, луу данстай хотын хулигаанууд хамаг бурууг нь нуруун дээрээ үүрсэн. Тэгсэн хэрнээ төр засаг ганц ч хулигааныг яллаж шийтгээгүй. Ингээд бодоход хулигаануудыг ерөөсөө л халхавч маягаар ашигласан байгаа биз. Тэр үед хороон дарга хийж байсан манай нэг хамаатан хятад, монголчуудын зодооныг дээрээс зориуд зохион байгуулсан юм. Зодоон болохын урьд өдөр Сүхбаатарын районы намын хорооны дарга над руу утасдаад “Маргааш хороон дээрээ 18-30 насны тавь гаруй хүнийг цуглуулах хэрэгтэй. Нэг томоохон ажиллагаа болох байх” гэж үүрэгдэж байлаа. Би ч маргааш нь хэлсэн ёсоор нь гуч гаруй залууг цуглуулсан боловч шууд л зодоонд дайчлагдсан” гэж ярьдаг байлаа. Ер нь хятадуудын ямаан омгийг төр засгийн эрхэмүүд зориуд хөдөлгөсөн байж мэдэх юм шүү. Тэгээд ч тэр зодоон хятадуудыг Монголоос хөөж гаргах томоохон шалтаг болсон байх” гэсэн юм. Мөн тухайн үед хулигаан явсан “Шар” Мийгээ гэгч эр хүүрнэхдээ “Хотын хулигаанууд оролцсон зодоон ч яахав тэгсхийгээд намжсан. Харин вокзал дээр өрнөсөн цагдаа, цэргийнхэн оролцсон зодоон ёстой нүсэр юм болсон. Төв шуудангийн урд талд өрнөсөн зодоон дуусмагц хүмүүс “Вокзал дээр цэрэг, цагдаагийнхан ирчихсэн ёстой аймаар зодоон болж байна” гэж ярьцгаагаад бүгд л тэр зүг рүү хуйларцгаасан. Ер нь хүн гэдэг амьтан чинь зодоон нүдээн харж таашаал авах их дуртай байдаг шүү дээ. Биднийг вокзал дээр очиход үнэхээр аймаар юм болж байсан.

Толгойт, Чингэлтэй, Хайлаастын хужаанууд вокзал дээр зодоон болж байгааг сонсчихоод ачааны машины тэвшин дээр бөөн бөөнөөрөө сууж ирээд шууд зодоонд оролцож байлаа.

Гартаа бүгд л нэг нэг мод барьчихсан, зарим нь хөрөө, сүх барьчихсан ч байх шиг. Үүнийг харсан хотын хулигаанууд бас яаж зүгээр байх билээ дээ. Зүгээр байхдаа хоорондоо зодолдоод байдаг хүмүүс чинь бэлээхэн зодоон гараад ирэхээр ёстой алалцана биз дээ. Хэзээнээсээ муу нэртэй “Чийчаан” Лувсандорж, “Торгон” Түдэв, “Хогийн” Жамбал нарын бүлэг тэр чигээрээ зодоонд оролцсон. Тэр үеийн хотын хулигаанууд хэний ч шахалтгүйгээр үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн юм шүү. Шаардлагатай үед эх орныхоо төлөө амь хайргүй тулалдах л хүмүүс байлаа. Тухайн үед дал, наяад оны Дөчин мянгатын атаманууд сураггүй байлаа шүү дээ. Ер нь би дал, наяад оныхоныг нялцгар амьтад гэж боддог. Эдний дунд эрийнхээ чадлаар биш дуу хөгжмөөрөө, хувцас хунараараа, уран панаалаараа, сүр дуулианаараа, нүүр царайгаараа тодорсон хүн олон байдаг юм. Бидний үеийнхэн бол арслан шиг сүр дуулианаар биш бар шиг эр чадлаараа атаман болж байлаа. Тэр үед армийн генерал Батын Доржийн хамаатан Баянбулаг, нэг том багшийн хүү Хашхүү нар яг л бар шиг эр чадлаараа ид мандаж байлаа. Тэр үеийн цэргүүд “Улаанбаатар хотод дайн болж байгаа гэнэ. Тэгсэн мөртлөө дарга нар буу зэвсэг авахуулсангүй. Ямар сонин юм бэ” гэж ярьж байсан гэдэг. Буу зэвсэг авахуулах л юм бол жинхэнэ дайн болно шүү дээ. Оройхон хэрд Улаанбаатарын жижигхэн вокзал цэрэг, цагдаагаар дүүрсэн. Гал командын машинууд ус цацахад шалба норсон хятадууд аргагүйн эрхэнд ухарч байлаа. Тэгтэл цаанаас нь Хятадын элчингийн ажилтанууд “Та нар нэгэнт л зодоон үүсгэсэн бол ухарч болохгүй. Дайраад бай, дайраад бай” гэж тушааж байсан гэдэг. Зодоон болсоны дараа хүмүүс энэ тухай үлгэр домог шиг л юм ярьдаг байлаа. Ямар сайндаа л “Торгон” Түдэв гэдэг хулигаан зодоон болсоны дараа надтай тааралдаад “Хятадуудад булуу болтолоо цохиулсан нүд маань одоо л нэг юм харахтайгаа болж байна. Ингэж зодолдсоныхоо хүчинд би төр засгаас цусан гавъяаны одонгоор шагнуулсан шүү дээ” гэж дамшиглаж байлаа” гэж өгүүлсэн юм.

 

Ш.Аагий 

Эх сурвалж:Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ