...
...

Бутач хүү харгис алуурчин болсон нь...

20-р зууны сүүлийн түүхэн дэх хамгийн зартай цуврал алуурчдын нэг Тэд Банди 1946 оны 11-р сарын 24-нд Вермонт хотын Бурлингтон мужид төржээ. Тухайн үед гүн шашинтай гэр бүлээс гаралтай  нөхөргүй эмэгтэй хүүхэд гаргах нь маш ичгүүртэй зүйл байснаас ээж нь төрсөн эцэг эхдээ Тэд Банди хүүг үрчлүүлсэн байна.

Хэдэн жилийн дараа Тэд ээжтэйгээ Вашингтон руу нүүж ээж нь тэнд Жонни Бандитай гэрлэн хэд хэдэн хүүхэдтэй болжээ. Банди хүүг ажилчин ангийн энгийн нэгэн хүүхэд болж өснө гэж бүгд найдаж байв.

Түүний хүүхэд нас нь бүхэлдээ худал хуурмагаар дүүрэн байсан нь сэтгэцэд нь нөлөөлсөн гэж болох ч тэр 3 настайдаа л хутга, хурц мэсэнд дуртай байсан тухай эмэг эх нь тэмдэглэж үлдээсэн байдаг. Хүүхэд байхдаа маш ичимхий, сурлага сайтай хүүхэд байсан боловч бусадтай тийм ч нийцтэй биш байжээ. Өсвөр наснаасаа эхлэн Тэд хулгайн сэдэлгүйгээр бусдыг цонхоор нууцаар харах гэх мэт хачирхалтай авир гаргаж эхэлсэн юм.

Вашингтоны их сургуульд байхдаа Тэд, Калифорниагийн хөрөнгөтэй гэр бүлээс гаралтай үзэсгэлэнт бүсгүйд дурлажээ. Эмэгтэйд түүнд хэрэгтэй бүх зүйлс (мөнгө, гарал үүсэл, нөлөө) байв. Харин тэдний салалт Тэдэд хүндээр туссан ба түүний ихэнх хохирогчид салсан найз охиныг нь санагдуулам урт бараан үстэй, сэтгэл татам оюутан охид байлаа. Бас түүний аллага ихэвчлэн хүчингээр эхлээд үхтэл нь зодох эсвэл тарчлаах байж.

Бандигийн хохирогчдын тоог нарийн гаргах боломжгүй ба түүний цуврал аллагаа эхлүүлсэн хугацааг 1974 он болов уу гэж таамаглаж байна. Энэ үеэс л тэрээр гадаад ертөнцөд арай нээлттэй болж, олон нийтийн болон улс төрийн ажилд хамрагдаж эхэлжээ. 1972 онд Вашингтоны их сургуулиа сэтгэл зүйч мэргэжлээр төгсч Ута-д байдаг хуулийн сургуульд тэнцэв. Бүр Вашингтоны мужийн захирагчаас түүний компанит ажилд ажилласныхаа төлөө түүнийг санал болгосон захиа хүртэл авч байжээ.

Яг энэ үеэс л Сийтлийн бүс нутагт эмэгтэйчүүд алга болж эхэлсэн аж. Зарим хохирогчдыг хар-бараан үстэй “Тэд” гэгч этгээдтэй хамгийн сүүлд харагдсан гэх яриа гарсан байна. Тэд хохирогчдоо ихэвчлэн өөрөө өвдсөн эсвэл машинаа гэмтсэн гэж хуураад суулган авч оддог байсан гэнэ. Гэвч тэдгээр бүсгүйчүүдийн сайхан сэтгэл эмгэнэлээр төгсч байсан нь харамсалтай.

Банди 1974 оны намар хуулийн сургуульд элсэхээр Ута руу нүүсэн бөгөөд тэнд бас л эмэгтэйчүүд алга болж эхэлсэн байна. Энэ үеэс цагдаа нар түүнийг сэжиглэж эхлэн машиныг нь нэгжихэд олс, гав, нүүрний баг, лоом гарч иржээ.

1975 онд Банди Карол Дарончийг хулгайлсан хэргээр баривчлагдсан ба энэхүү эмэгтэй нь түүнээс зугтаж чадсан цөөхөн азтай эмэгтэйн нэг юм. Энэхүү хэргээрээ 1-15 жилийн ял авсан ба хоёр жилийн дараа түүнийг Коларода дахь эмэгтэйн үхэлтэй холбоотой ял тулгах үеэр өөрийгөө өмгөөлж байсан Тэд цонхоор үсэрч оргожээ.

Эхний орголт нь наймхан өдрийн хугацаатай байсан бол хоёр дахь орголт нь 1978 онд болсон юм. Тэрээр хоригдож байсан өрөөнөөсөө нүх ухаж гараад цагдаагийн хувцас өмссөнөөр өнгөлөн далдлалт хийж чаджээ. Алга болсноос нь хойш 15 цагийн дараа түүний оргосныг мэдэх үед Тэд аль хэдийн Флорида руу зугтсан байлаа.

1978 онд Флоридагийн улсын сургуулийн охидын байрлуу орж 2 охиныг, сарын дараа 12 настай охиныг хулгайлж бас аллага үйлдсэнийхээ дараа тухайн сардаа баригдсан юм.

1979 оны 7-р сард Банди Чи Омега дахь хэргээрээ ял тулгуулсан ба энэ хэрэг дээрх хамгийн гол нотолгоо нь хохирогчдын биен дээрх түүний шүдний ором байжээ. Мөн Кимберли Лийчийн хэргээр хоёр дахь цаазын ялаа сонсов.

Амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл Банди болон ээж нь түүнийг буруугүй хэмээн АНУ-ын дээд шүүхэд өргөдөл хүртэл гаргаж байсан боловч буцаагдсан юм. Мөн тайлагдаагүй хэргүүдийн нууцыг задлах нэрийдлээр цаазын ялаа хойшлуулсаар байсан ч мөнхөд түүний ялыг хойшлуулна гэж байхгүй шүү дээ.

1989 оны 1-р сарын 24-ний өдөр өглөөний 7 цагт түүнийг цахилгаан сандал дээр цаазаар авчээ. Флорида мужийн шоронгийн гадаа хүмүүс Бандиг цаазаар авах ял гүйцэтгэх үед  түүний үхлийг солют буудуулж тэмдэглэж байжээ. Эцэст нь тэрээр өөрийнхөө 36 хэргийг хүлээн зөвшөөрсөн боловч ойролцоогоор 100 хэрэг лав байгаа гэж судлаачид үздэг аж.

Тэд Банди: “Эхний аллага дээр чи маш болгоомжтой байх болно... Харин 30 дахиасаа эхлээд чи юу хийж байгаагаа анзаарахаа болино... ”

Түүний үхэл олон нийтийн сонирхлыг түүнээс хөндийрүүлж чадаагүй юм. Түүний тухай кино, баримтат кино, номнууд өнөөг хүртэл гарсаар л байгаа билээ.

Орчуулсан: Энхбаяр.Х

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ