...
...

Риогийн хамгийн ил луйврыг Г.Мандахнаран дээр хийлээ

Зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний сүүлчийн өдөр 65, 97 кг-ын жингүүдийн бөхчүүдийн барилдаан болж дууслаа. 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Ёгишвар Дуттыг хөлд нь орж 3:1 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт хятадын бөх Катай Ерланбиекег 3:1 онооны харьцаагаар өвдөг шороодуулж гуравдугаар тойрогт оросын бөх Сослан Романовтай хүч үзэж баруун хөлдөө алдаж торгуулж дэвжээнээс шахуулж 0:6 онооны харьцаагаар ялагджээ. Оросын бөх оноогоо илт хамгаалаад байхад шүүгч торгохгүй байсан нь тод харагдаж байлаа. Түүгээр ч барахгүй манай бөхийг мэх хийх лав барьц авахад нь шүүгч барилдааныг зориуд зогсоож байлаа. Хагас шигшээ барилдаанд оросын бөх нь узбекийн бөх Ихтияр Наврузовыг 18:7 онооны харьцаагаар дийлснээр Г.Мандахнаран дагах барилдаанд канадын бөх Хейслан Антонио Веранес Гарсиатай хүч үзэж дэвжээнээс түрж гаргаж 1 оноо, торгуулуулж 1 оноо, хөл авч дэвжээнээс зугтаалгаж 3 оноогоор хожсон. Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө узбекийн бөх Ихтияр Наврузовтой өрсөлдөж зүүнд хөлд нь явж дамжиж ард нь гарч 2 оноо авч хөлдөө хоёр удаа алдаж 4 оноо алдаж хөлд нь явж 2 оноо авч тооны харьцаа 6:6 болсон үед орооцолдсон барилдааны явцад дэвжээний захад ард нь гарч 1 оноо авч тооны харьцаа 7:6 болж манай бөх оноогоор ялж байх үед барилдааны хугацаа дуусахад 18 секунд үлдсэн байв. Өрсөлдөгч нь ухаангүй дайрч манай бөх хамгаалсаар барилдааны хугацаа дууссан. Гэтэл шүүгчид манай бөхийг зугтаасан гэж 1 оноогоор торгож манай дасгалжуулагчид челленж шидэхэд бичлэгийг үзэж узбекийн бөхөд 1 оноо нэмж өгч манай бөхийг 7:8 оноогоор ялагдуулж хүрэл медалийг нь улайм цайм луйвардлаа. Булхайтай шүүлтэд дургүйцсэн манай дасгалжуулагчид дэвжээн дээр гарч эсэргүүцлээ илэрхийлсэн. МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын шүүгч О.Баянмөнх энэ барилдаан эхлэхийн өмнө “Узбекийг шуугчтэй нь хамт хожих тулаан болно.” гэж бичсэн байв. Гавьяат тамирчин Г.Мандахнаран олимпийн наадамд урамтай зоримог сайхан барилдлаа. Оросын бөх Сослан Романов нэгдүгээр тойрогт канадын бөх Хайслан Антонио Веранес Гарсиаг 7:1 онооны харьцаагаар хожиж хоёрдугаар тойрогт кубын бөх Алехандро Вальдес Тобьег 11:3, гуравдугаар тойрогт монголын бөх Г.Мандахнаранг 0:4 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд узбекийн бөх Ихтияр Наврузовыг 18:7 онооны харьцаагаар дийлж алтан медалийн төлөө азербайжаны бөх Тогрул Аскеровтай барилдаж 11:0 онооны харьцаагаар дийлж олимпийн аварга болов. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд Б.Батзориг ганц, 2012 оны олимпийн наадамд ганц Ж.Чулуунбаатар ганц ялалт байгуулж байсан бол энэ олимпийн наадамд манай бөхчүүд 3 ялалт авч медалийн төлөө барилдаж амжилттай оролцлоо.

 

Эх сурвалж:МЧБХ

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ