“Монгол газар” болон түүний охин компани болох “Эм Жи Эйч” компанийн туслан гүйцэтгэгч компаниудын балгаар Орхон гол бохирдож, улаанаараа эргэж байгаа тухай сурвалжлагыг бид цувралаар хүргэсэн билээ.
Өнгөрсөн оны буюу 2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан “Монгол газар” компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурсаныг нь улсын хэмжээнд зарласан компани Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулж, Монголын төрд молиго үмхүүлж байгааг холбогдох эрх бүхий яам, тамгын газрынхан мэдэж байгаа эсэх нь сонин байна.
“Монгол газар” ХХК-ийн дампуурлыг эргэн сануулбал, тус компани нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гадны улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхэлсэн. Эдгээрийг төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдсэн юм.
Улмаар дампуурлын хэрэг үүсгүүлэхээр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс 2015 оны нэгдүгээр сарын 20-нд “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг тогтоосон. Үүний дараа тус компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд “Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн юм. Ингэснээр өнөөг хүртэл тус компанийг үйл ажиллагаа явуулах эрхээ эрх зүйн хүрээнд үргэлжүүлж байгаа гэх мздээлэл тодорхойгүй байгааг дурдах хэрэгтэй.
ТЭД ЯМАР МОЛИГО ҮМХҮҮЛСЭН БЭ
Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгвэл “Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээх гэсэн башир арга гэлтэй.
Өнгөрсөн онд өөрийн эзэмшлийн талбайдаа туслан гүйцэтгэгч 24 компани оруулан, алт олборлуулж байсан бол энэ онд 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эзэмшиж буй талбайгаа 14 компанид хуваан өгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд “Эдгээр туслан гуйцэтгэгч компаниуд өөрсдийн ашиглаж байгаа талбайгаа нөхөн сэргээнэ” хэмээж байна. Тус талбайд олборлолт хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэг ам.метр талбайд ч нөхөн сэргээлт хийгээгүйг МХЕГ-ын Уул уурхай, албаны дарга Н.Батбаяр онцолж байсан. Энэ нь “Монгол газар” компани ашиглалтын талбайдаа тогтоогдсон алтны нөөцийн үлдэгдлээ аваад, нөхөн сэргээлт, бусад хариуцлагыг туслан гүйцэтгэгчдэд үлдээхээр санаархаж буйн тод жишээ. Үүнээс гадна МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй Монголын төр засаг Орхон голын бохирдол, хөрсний эвдрэл, элдэв хорт бодис тархах гэх мэт зүйлсийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй, дампуурсан “Монгол газар”-аас нэхэх үү, гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус туслан гүйцэтгэгчдээс шаардах уу. Одоогоор тодорхой байгаагаар “Монгол газар” компани Монголын төрд туслан гүйцэтгэгч гэсэн нэрээр молиго үмхүүлчихээд байна.
Б.ГАНБОЛД: ДАМПУУРСАН КОМПАНИТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БИШ
Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Б.Ганболдтой холбогдож дампуурлаа зарласан компани бусад компаниар ажлаа гүйцэтгүүлэх эрхтэй байдаг эсэх талаар тодрууллаа.
-Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцсон шийдвэр гарсан компанийг дампуурсан гэж ойлгох нь зөв үү?
-Өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг нь тухайн компани, аж ахуйн нэгж дампуурсан гэсэн үг.
-Төлбөрийн чадваргүйд тооцсон тухай шүүхийн шийдвэр нь гарсан аж ахуйн нэгж, байгууллага бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ажлаа гүйцэтгүүлж болох уу?
-Эрх зүйн хувьд чадамжгүй болсон, дампуурсан компанитай байгуулсап гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Асуудал үүслээ гэхэд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хариуцлага нэхэх боломжгүй болно.
-Дампуурлаа зарласан нэг компани ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө талбайд 14 туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ гэрээ хүчин төгөлдөр бус уу?
-Дампуурлаа зарласан компанитай байгуулсан бүх гэрээ хүчин төгөлдөр бус. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд энэ талаар тодорхой заасан байгаа. Тодруулбал, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж, хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус.
-Дампуурсан ч өмнө нь авсан байсан тусгай эрхийнхээ талбайд ашиглалт явуулж байгаа тохиолдолд төр, холбогдох яам, тамгын газар тус компаниас хариуцлага нэхэх боломжтой юу. Тодруулбал, байгаль орчны нөхөн сэргээлт хийхийг шаардах, нөхөн төлүүлэх гэх мэт?
-Эрх зүйн хувьд боломжгүй. Шүүхээс төлбөрийн чадваргүйг нь тогтоосон, эрхээ дахин сэргээгүй тохиолдолд эрх зүйн ямар нэг хариуцлага хүлээлгэх боломжгүй.
"МОНГОЛ ГАЗАР" КОМПАНИ ГАНЦХАН ОРХОН ГОЛЫГ БОХИРДУУЛААГҮЙ
“Монгол газар” компанийн эзэн Ц.Мянганбаяр нь алтны ордын 10 лиценз эзэмшигч байсан бөгөөд үүнийхээ тавыг “Хадгаламж” банкинд алдсан гэдэг. Олон-Овоотод зургаан орд эзэмшдэг байснаас тавыг нь өрөндөө өгч өөртөө 82 га талбайтай ганц ордоо авч үлдсэн. Түүний “Олон овоот гоулд” ХХК нь Өмнөговийн Мандал-Овоод 2051 га талбайд лицензтэй. Сүүлчийн лицензийн хугацаа нь 2039 оны 7-р сарын 20-нд дуусах ба жилийн төлбөр нь 30768 ам.доллар гэнэ. Үлдсэн дөрвөн лиценз нь “Монгол газар” ХХК-ийн Архангайн Булган, Цэнхэр, Баянхонгорын Гурванбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг нийтдээ 1142 га талбай бүхий алтны орд. 2033 оны хоёрдугаар сарын 13-нд сүүлчийн лицензийн хугацаа дуусах эдгээр алтны орд дөрвүүлээ "Голдман Сакс Интернэшил"-ийн барьцаанд байдаг гэгддэг. МХЕГ болоод бусад албаны байгууллагынхан тус компани байгалиас алт олборлож, хөлждөг ч нөхөн сэргээлт, нийгмийн хариуцлагын тал дээр нойл заадаг хэмээж буй. Ашиглалтын лиценз авсан газар бүртээ нөхөн сэргээлт хийдэггүй, овоолсон шороо, ухаж, онгичсон газар үлдээдэг байна.
Эцэст нь, Орхон голын эхийг бохирдуулагчдыг Засгийн газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд хэчнээн зарлаад яаж ч чадалгүй өнөөдрийг хүргээд байна. Зарим жишээ дурдъя. Урсгал ус улаан шороогоо хэчнээн километр урсаад ч цэвэрлэж дийлэхгүй бохирдож, загас жараахай нь үй олноороо устаж, ургамал, хөрс нь бохирдож, гэмтээд байгааг мэргэжлийн байгууллагынхан шүүхийн өмнө хэчнээн батлаад ч “Монгол газар”, “Алтандорнод Монгол” зэрэг компанитай холбоотой хэрэг хэрэгсэхгүй болж байв. Үүний дараа дээр компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын захирамж хүртэл гаргаж, холбогдох яамныхан дээрх компанийнхныг учирлаж аргадаад ч тусыг эс олсон. Өнөөдөр ч тэд зөвхөн Орхон голыг бус тухайн орон нутгийн байгаль орчин, хөрс, ургамлыг хамтад нь бохирдуулсаар байна. Шулуухан хэлбэл, ашигт малтмалаар хөлжигч “Монгол газар” тэргүүтэй компаниуд хэтэрхий даварч байна. Тэдэвд хариуцлага хүлээлгэх, шударга төр үгүйлэгдэж байна. Орхон гол, уснаас үнэтэй алтны компанийн эрх ашиг гэж байдаг гэж үү, эрхэм түшээд ээ.
Б.ЭНХМАРТ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"
Дампуурчихаад яагаад үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ