Монгол Улстай адил нөхцөл байдалтай тулгарсан улсын нэг бол Өмнөд Африкийн бүгд найрамдах улс юм. Тус улс саяхан хүртэл “Дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж байгаа улс” гэж нэрлэгдэж байлаа. Бүхэл бүтэн тивийн №1 нь гэдэг утгаараа дэлхийн хүчирхэг улсын тоонд ч мөн адил орж, Ерөнхийлөгч Ж.Зума нь АНУ-тай зиндаархан харьцаж, Их Британийг “доош нь хийсэн” мэдэгдлийг хийж байв. Дэлхийн ихэнх улсууд мөрөөдөж ч чаддаггүй хөлбөмбөгийн ДАШТ-ийг ч эх орондоо зохион байгуулсан. Шинэ мянганы босгон дээр ирэхэд ӨАБНУ Сахарын цаадах 48 улсын үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 40 хувийг дангаараа гаргадаг болсон байлаа. Дэлхийд хүн амын тоогоороо гуравдугаарт ордог Нигери 14 хувийг гаргадаг, үлдсэн 46 хувь нь “Хар тив”-ийн бусад 46 улсад ногдоно гээд бодохоор тус улс тивдээ ямархан байр суурьтай вэ гэдэг нь ойлгогдоно.
Апартейдийн дэглэмийн үед байсан бурангуй бүхнийг 1994 онд ялсан ардчилал төгсгөл болгосон билээ. Хувьсгалын үр дүнд Парламентын засаглал бүрэлдэж, сонгуулийн шударга тогтолцоо, боловсронгуй хууль эрхзүй, боловсролын систем ч бий болсон. Сайн үндсэн хууль, хараат бус шүүх эрх мэдэл, чөлөөт хэвлэл, хөрөнгийн бирж гээд л хэрэгтэй болгон бий болсон билээ. Бас мэдээж хэрэг, Нельсон Мандела Ерөнхийлөгч байсан учраас арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг үгүй хийх талаар их ажил хийсэн нь ойлгомжтой. Дээрээс нь, Хар тивийн хамаг баялгийн яг үүцэн дээр нь байрлалтай байсныг яана. Энэ бүхний дүнд Өмнөд Африкийн бүгд найрамдах улс африктаа л мөрөөдлийн улсыг байгуулж чаджээ.
Африк тив нь хэзээнээс л “Найдваргүй тив” гэсэн тодотголтой байсан. Харин ӨАБНУ энэ ойлголтыг анх эвдэж, ашигт малтмалын баялаг нөөцдөө тулгуурласан эдийн засгийн оновчтой бодлого явуулж чадсанаар дэлхийн хамгийн хөгжингүй улсын нэгд тооцогдох болсон юм.
Нигери улс хэрвээ яг тэдэн шиг замаар явсан бол өдийг ӨАБНУ-ын оронд байх ёстой байлаа. Гэвч чадаагүй. Нигери шиг улс төр, эдийн засгийн байдлаа бохирдуулчихгүй шиг хөгжихийн тулд яах ёстой вэ. Сайнтай муутай байж, сав дүүрдэг гэлцдэг. Өмнөд Африкт ч гэсэн өөрийн гэсэн асуудал бий.
Лимпопо голын хойд биед орших ӨАБНУ-ын эдийн засаг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд жилд ойролцоогоор зургаа орчим хувийн өсөлттэй явж байсан. Харин одоо хоёр хувиар буураад байна. Аварга том уурхайнуудын нөөц дуусч, гадны хөрөнгө оруулагчид гарч явахад ойртжээ. Цалингаа чамласан уурхайчдын бослого нэг талаас, оруулсан, оруулах гэж байгаа хөрөнгө оруулалтаа татчихна шүү гэх хөрөнгө оруулагчдын тулгалт нөгөө талаас эрх баригчдыг шаналгаж байна.
Сүүлийн гурван жилийн дотор олон том уурхай хаагдаж, үлдсэн хэд нь ажлын байрыг хэдэн мянгаар цомхотгожээ. Цалинг нь хасч, хугацаандаа өгөлгүй “унжих”-ыг тэвчиж байсан үйлдвэрчний эвлэлүүд ажилчдыг мянга мянгаар нь халж эхлэхэд тэвчиж чадалгүй бослого, жагсаал хийх нь олшров. 2012 оны намар Йоханнесбургээс холгүй орших Марикана уурхайд цагдаа ажилчдын хооронд мөргөлдөөн болж 34 хүн амь үрэгдсэн явдал уул уурхайг хөгжлийн гарц гэж сонгосон улсуудад том сургамж өгсөн юм. Үүнээс хойш хаалтаа хийх уурхайн тоо эрс олширч, уул уурхайн салбар нь уналтад оржээ. Тогтмол 6-9 хувиар өсдөг байсан эдийн засаг нь 2014 онд 5.1, өнгөрсөн жил 4.2 хувьтай гарчээ. Олон улсын агентлагууд зээлжих зэрэглэлийг нь бууруулж байна. Гадны хөрөнгө оруулалт хумигдаж эхэллээ. Нэгэнт маш ихээр орсон, тэгэхдээ уул уурхайд орсон учир ашигт малтмал дуусахтай зэрэгцээд хөрөнгө оруулалт буурсан нь зүй ёсных. Төр засаг чадамжгүй байна хэмээн шүүмжлэгчид, эсэргүүцлийн хөдөлгөөн өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Боловсролын салбар бүр ч эрсдэлтэй байдлын босгон дээр иржээ: Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан илтгэлд анхан шатны боловсролоороо дэлхийн 144 орноос 130, математик, шинжлэх ухааны боловсролын төвшингээрээ 143 дугаарт бичигдсэн байна. Ажилгүйдэл 25 хувь байгаа бөгөөд энэ нь цаашдаа асар хурдацтайгаар нэмэгдэх төлөвтэй. Уурхай хаагдлаа л бол ажилгүйчүүдийн эгнээнд мянга, мянгаараа нэгдээд байхаас өөр яах вэ. Өнөөдөр 24 хүртэлх насны өмнөд африкчуудын 40 гаруй хувь нь гудамжинд лааз өшиглөж байгаа гэсэн харуусам тоо байгаа юм. Хямралд гүн нэрвэгдсэн Испанитай бараг ижил гэсэн үг. Хүн амын 1/3 нь өдөрт хоёр ам.доллараас бага орлогоор амь зууж байна. Ардчилал ганц л зүйлийг, тухайлбал, баян хоосны зөрүүг л арилгаж чадсангүй. Апартейдийн дэглэмийн үед “зөрүүтэй” байсан бол одоо “дэндүү зөрүүтэй” болж, энэ үзүүлэлтээр дэлхийд толгой цохих хэмжээнд хүрчээ. Энэ бүх таагүй үр дүнд төрийн эрх барих дээд байгууллага Африкийн үндэсний конгрессийг дангаар нь буруутгах аргагүй. Баян улсын зовлонг тэд байтугай бусад нь тойрч чадаагүй юм чинь. Тогтсон “онол”-оор бол эрх баригчид уул уурхайгаас орж ирсэн баялгийг боловсролын салбартаа зарцуулах ёстой. ӨАБНУ энэ жишгээр улсынхаа нийт орлогын зургааны нэг хувийг тогтмол боловсролын салбартаа цацсаар ирж.
Гэвч боловсрол олно гэдэг мөнгө хаяад болчихдог зүйл биш ажээ. Хяналт, хариуцлага гол нь байдаг байна. Гэтэл өмнөд африкчууд хянаж чадсангүй. Ингэснээрээ ирээдүйгээ асар том эрсдэлд оруулж орхижээ.
Салбарын яам нь 12 хүртэлх насныхан буюу ЕБС-ийн бага дунд ангийнхнаас хэлний хичээлээр төвшин тогтоох шалгалт авахад 15 хувь нь л дунд болон дундаас дээш дүн авчээ. Математикийн хичээлээр энэ үзүүлэлт 12 хувь болж буурсан байна.
Багш нарын хүрэлцээ, чадвар ч муу. Хүн амын өсөлттэй харьцуулбал жилд 25 мянган багш хэрэгтэй ч жилд 10 мянгыг л бэлддэг байна. Энд бас “сэтгэл”-ийн тухай ч ярихгүй байхын аргагүй. Багш нарын ихэнх нь өглөө ажилдаа оройтож ирж, орой эрт тардаг байна. Товчхондоо ЕБС-иудад эхний болон сүүлийн цаг “цонхлох” явдал шөнийн адил олон аж. Тэр ч байтугай баасан гарагт хичээл орохоосоо орохгүй нь их байдаг аж.
Дээр хэлсэнчлэн, ӨАБНУ 1995 оноос хойш төсвийнхөө 5-7 хувийг боловсролын салбартаа зарцуулж ирсэн нь тийм ч бага мөнгө биш юм. Өмнөд Америкийн тэргүүлэгч гүрэн Бразил ч ийм хэмжээний мөнгийг боловсролынхоо салбарт оруулж чаддаггүй. Гэтэл амьдрал дээр тэр их мөнгөний үр шим гарсангүй. Ажилгүйдэл албан ёсоор 25 хувь, албан бусаар 40 хувьд хүрчээ. Хар арьст иргэдийн 29 хувь нь ажилгүй байгаа бол цагаан иргэдийн ажилгүйдлийн төвшин зургаан хувьтай байдаг гэсэн “арсны өнгөний үзэл” ханхалсан статистик гарч ирж байх шиг. 24 хүртэлх насны залуучуудын 50 хувь нь ажилгүй гэсэн харамсалтай статистик байх бөгөөд залуухан африк боловсон хүчин 24 нас хүртлээ тогтвортой ажлын байртай болж чадахгүй л бол насан туршдаа цагийн ажил хийх гунигтай хувь тавилантай учирдаг ажээ.
С.Алдар
Breakingnews.mn
тэгээд нөөц нь дуусаад ирэхээр Европ руу цагаачлаад байж дээ Угаасаа Европыхон л ирж алт алмааз нефть зэрэг баялгийг авах уурхай барьсан биз дээ Европ руу урагшаа Харин манайх руу зүглэвэл хөлдөж үхнэ шүү Гэхдээ бид 2 том хамгаалагчтай учир ирэх чинь гонжийн жоо биз
Manaih ch adilhan bur doloon dor.