...
...

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК Тэргүүний хөрөнгө оруулагчаар шалгарлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс уул уурхайн салбарын шилдгүүдээ шалгарууллаа. Тус салбарын “Тэргүүний хөрөнгө оруулагч” аж ахуйн нэгжээр Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг шалгаруулсан байна. Тус компани нь сүүлийн жилүүдэд улс болон орон нутгийн төсөвт 423,1 тэрбум төгрөгийн татвар, ноогдол ашиг төвлөрүүлж, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг дангаараа бүрдүүлж, аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тул уул уурхайн салбарын 2016 оны “Тэргүүний хөрөнгө оруулагч” аж ахуйн нэгжээр батламжилжээ.

Компанийн захирал Р.Сэддорж “Монгол Улсын эдийн засаг хямарч, томоохон уул уурхайн компаниуд хүнд байдалд орж байхад 50 жилийн түүхтэй “Тавантолгой” ХК нь нэг ч удаа үйл ажиллагаагаа зогсоолгүй өр зээлгүй, амжилттай ажиллаж ирлээ. Энэхүү шагнал нь манай компанийн нийт ажилчдын хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн явдал юм. Нийт хувьцаа эзэмшигчид, ажилчид, Төлөөлөн удирдах зөвлөл, хамтран ажилладаг түншүүдийн минь хөдөлмөрийн үр шим байлаа” гэсэн юм.

“Тавантолгой” ХК нь аймагтаа хөрөнгө оруулалт, төсвийн ихэнх хувийг бүрдүүлээд зогсохгүй орон нутгийн иргэдэд нэг тонн нүүрсээ өөрийн өртгөөс нь 50-70 хувь хөнгөлөлттэй үнээр 8000 – 15000 төгрөгөөр өгч, нийгмийн хариуцлагатай ажиллаж иржээ. Компанийн үйл ажиллагаа тасралтгүй сайн ажиллаж ирсэн нь нэг тонн нүүрснээс авах татвар хамгийн өндөр, бага зардлаар сайн менежменттэй ажиллаж ирсэнтэй холбоотой гэж уул уурхайн салбарынхан онцолж буй юм. “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймаг эзэмшдэг ба өндөр ашигтай ажиллах үедээ аймгийн төсвийн 70 хүртэлх хувийг бүрдүүлж байжээ.

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ