Монгол улсын эдийн засаг байгалийн баялаг дээр тогтож байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу. Эрдэнэт, Оюу толгой, Таван толгойн баялгийг гадагш гарган түүгээр олох ашгаар улс орны төсвийн орлогийн ихэнхи эх үүсвэрийг бүрдүүлж байна гэж хэлж болох юм.
Гэвч байгаа баялагтаа хэн эзэн нь байх, хэрхэн үнэлэх, яаж зөөвөрлөх гээд олон анхаарал татсан асуултууд бидний өмнө байсаар байна. Эрдэнэт, Оюу толгойн тухайд асуудал нь нэгэнт шийдэгдээд, улсад татвараа төлөөд ажиллаж байгаа бол их, бага Таван толгойн уурхайн тухайд асуудал өнөөдөр ч шийдлээ олж чадахгүй л байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийнхэн Хятадын “Шинхуа” группийнхэнтэй уулзаж Таван толгойн 49 хувийг зарах тухай яриа хэлцэл өрнөж эхэлсэн. Үүнд хэлэлцээрт олон хүн дургүйцэж байгаа. Монголын баялгийг өр дарах нэрээр үнэгүйдүүлж, Хятадын компаниад өгч, улмаар эдийн засгийн хараат байдалд шилжих вий гэсэн болгоомжлол үүсээд байна.
“Эрдэнэс Монгол” гэж төрийн нэрийн өмнөөс уул уурхайн бодлогыг хэрэгжүүлдэг компани байна. Тус компани нь Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны оновчтой хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилгоор 2007 онд байгуулагдсан юм. Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. http://www.erdenesmongol.mn/home.shtml
“Эрдэнэс Монгол” компанийн гол зорилго нь Улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах, мөн уул уурхайн бизнесийг хамгийн бага зардлаар удирдаж, дэд бүтэц, эрчим хүчний шинэ бизнесийг бий болгох явдал гэжээ.
Гэтэл “Эрдэнэс монгол” компанийн захирлаар томилогдсон Ц.Түмэнцогт гэдэг хүн байгууллынхаа зорилгын “эсрэг” ажиллаад байна гэж хэлж болох шийдвэр гаргасан нь нүүрс тээвэрлэгчдийн дургүйцлийг төрүүлээд байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэх зориулалттай 239 км авто замыг “Эрдэнэс монгол” компани хариуцдаг. Энэ замаар зөөгдөж байгаа тонн тутам нүүрсний ард Монгол улсын эдийн засаг, төсөвт оруулах орлого, гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа олон зун тээвэрчид, жолооч нарын эрх ашиг яригдана. Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд, хөр цасны зузаан цагт гэнэтхэн нүүрс тээвэрлэх зам ашиглалтын хураамжаа 1 тонн нүүрс тутамд 2000 төгрөг байсныг 3200 төгрөг болгон нэмсэн байна. “Эрдэнэс монгол” компанийн зүгээс үүнийгээ тайлбарлахдаа “Зам ашиглалтын хураамжаас олсон энэ орлого нь замын арчлалт, засвар, шалган нэвтрүүлэх үйлчилгээний зардлыг нөхөх хэмжээнд хүрэлцэхгүй, зам засварын ажлаа цагт нь хийж чаддаггүйтэй холбоотой” гэсэн байна. http://itoim.mn/index.php/site/news/7654
Тэгвэл бяцхан тоо бодож үзье. 2016 онд 14.000.000 /14 сая/ тонн нүүрсийг тус замаар тээвэрлэсэн байна. 2016 онд зам ашиглалтын хураамж болгон авч байсан 1 тонн тутамд 2000 төгрөгийг дээрх 14 сая тонн нүүрсний хэмжээгээр үржье.
14 сая тонн х 2000 төгрөг =28.0 тэрбум төгрөг гэсэн үг. Гэтэл “Эрдэнэс монгол” компани 2016 онд зам ашиглалтын зардалд 5.6 тэрбум төгрөг зарцуулсан гэж мэдээлэлд дурдсан байна. Тэгвэл үлдсэн 20 гаруй тэрбум төгрөг юунд зарцуулагдсан бэ гэж “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогтоос асуумаар санагдлаа.
Мөн замынхаа ажилд зарцуулагдалгүй албан болсон 20-оод тэрбум төгрөг баймаар байтал 2017 оны 1 сараас эхлэн зам ашигласны зардлаа 3200 төгрөг болгож нэмэгдүүлсэнийг юу гэж ойлгох вэ. Уг нь зам ашигласны зардлаа нэмэхгүйгээр зориулалтаар нь зарцуулахад хангалттай хэмжээний мөнгө байгаа юм шиг.
Тавантолгой-Гашуунсухайт замын чанар ямар түвшинд байгаа, жилдээ ямар засвар хийдэг вэ гэдгийг өдөр бүр тус замаар тээвэрлэлт хийж байгаа жолооч нар маш сайн мэднэ.
Ц.Түмэнцогт захирлын гаргасан судалгаа тооцоонд үндэслэгдээгүй дээрх шийдвэр нь Таван толгойн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, төсвийн орлого тасалдаж мэдэх хэмжээнд хүрч болзошгүй. Зам ашигласны төлбөр авдаг хирнээ замаа засч арчилдаггүй, тэгсэнээ дээр нь зам ашигласны төлбөрөө үндэслэлгүй нэмж байгаа нь улсын ачааг нуруундаа үүрч, тээвэрлэлт хийж байгаа 60 гаруй компанид хүнд дарам болж байна.
Иймээс “Эрдэнэс монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт та гаргасан шийдвэрээ эргэж нэг харсан дээр байх. Үгүй бол улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэх тогтвортой байр суурийг хадгалж чадаагүй шалтгаанаар Ц.Түмэнцогт та ажлаа өгөх шаардлагатай болох вий дээ.
А.Гал
Эх сурвалж: Мэдээл.мн