Хойд хөршийн хэвлэл мэдээлэл манай сонгуулийг анхааралтай ажиглаж байна. Сайныг нь, саарыг нь ч. Мэдээллийн asiarussia.ru сайтын сэтгүүлч Максим Бакулев эвлүүлгийн эрдэмд гаршсан нэгэн нэр дэвшигчийн штабаас ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг сурталчилгаандаа хэрхэн ашиглаж байгаа тухай егөөтэйхэн нийтлэл бичжээ. Энэ нийтлэлийг NewsBabr.com зэрэг хэд хэдэн онлайн хэвлэл дамжуулан нийтэлсэн нь өдрийн онцлох сэдэв болжээ. В.Путиныг Монголд хэн, хэрхэн “ашиглаж” байгааг Оросын хэвлэлээс орчуулан хүргэж байна.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин бол өвөрмөц, хатуу чанд хүн. Оросын ерөнхийлөгчийг санасан зоргоороо “ашиглаж”, бас түүгээрээ гайхуулж чадах хүн тийм ч олонгүй биз. Харин Монголын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн нэгэн эрхэм ингэж зүрхэлсэн л байгаа юм.
Монголын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Халтмаагийн Баттулга сурталчилгааны ажилдаа Оросын ерөнхийлөгч В.Путинтай авахуулсан гэх эвлүүлсэн зураг ашиглажээ.
Х.Баттулгын сурталчилгааны “гэрэл зураг”.
Үнэн биз? Ардчилагч гэж үү?
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Х.Баттулга Оростой ойр дотно гэсэн ойлголт төрүүлж, Ерөнхийлөгч Владимир Путинтай хувийн харилцаатай мэтээр сурталчилгаа хийж байна. Ер нь бол Дон Корлеоны хам Жэнко Аббандондогийн нэрээр овгоо сольсон Монголын энэ улс төрч хүчтэй хүн, бяртай улс төрчийн дүрд тоглож байгаа юм. Тийм ч учраас Оросын Ерөнхийлөгчтэй ижилсэх сонирхол асар их.
Жишээ нь, долоо хоногийн өмнө Ардчилсан намын гол хэвлэл “Ардчилал” сонинд (Зохиогч энэ сонин Х.Баттулгын хувийн хэвлэл гэдгийг мэдсэнгүй. Орч.) нийтлүүлсэн “Ардчилалд үнэнч бизнесмен” хэмээх өгүүлэлд Х.Баттулгын улс төрийн замналыг танилцуулжээ. Монголын төрд өндөр алба хашиж байсан бизнесийн төлөөлөл гэдгийг нь ч дурдсан байна.
Х.Баттулгын тухай энэ өгүүллийг Монголын ерөнхийлөгчид нэр дэвшигчийн Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай гар барихаар дөхөж яваа гэрэл зургаар чимэглэсэн байх юм. Тэр хоёрын хооронд хэн ч үгүй. Харин зургийн тайлбар нь “ОХУ-д хийсэн айлчлалын үеэр” гэжээ. Айлчлалын он цаг болоод Х.Баттулгын хувьд тун чухал (Путинтай гар барилцсан) үйл явдлын нөхцөл байдлын талаар үг үсэг алга.
“Ардчилал” сонинд гарсан Х.Баттулгын сурталчилгааны нийтлэл.
Бид Х.Баттулга, В.Путин нарын уулзалтын нөхцөл байдлыг судлаж үзээд “Ардчилал” сонинд гарсан сурталчилгааны нийтлэлд фото эвлүүлэг ашиглажээ гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Х.Баттулга нь В.Путинтай албан ёсоор ганцаарчлан уулзаж байгаагүй
2010 оны 12 дугаар сарын 14-нд буюу 7 жилийн өмнө тухайн үеийн Оросын ерөнхий сайд Владимир Путин, Монголын ерөнхий сайд С.Батболд нарын Москвад болсон уулзалтын үеэр энэ явдал болж л дээ.
Орос, Монголын ерөнхий сайд нарын тэрхүү уулзалтын үеэр Засгийн газар хооронд гэрээ, санамж бичиг, хамтын ажиллагааны төлөвлөгөө гээд чамгүй өргөн хүрээний асуудлаар бүхэл бүтэн 11 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тэгэхээр энэ бол сурталчилгааны өгүүллээс уншигчдын ойлгож байгаачлан Х.Баттулга, В.Путин нарын хувийн уулзалт биш болж байна.
Монголын Засгийн газрын үнэхээр өнөр бүрэлдхүүнтэй төлөөлөл В.Путинтай түүхэн гэмээр чухал уулзалт хийсэн тухай энд өгүүлэх нь зүйтэй.
Тухайн үед ЗТХБХ-ийн сайд байсан Халтмаагийн Баттулга ч энэ уулзалтад оролцсон юм. ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин болон Х.Баттулга нар тэр үеэр "ОХУ, Монгол улсын хооронд ачаа тээврийн транзитын тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурцгаажээ.
Уулзалтын эвлүүлэггүй эх зураг дээр юу байна?
"РИА Новости" агенилагийн гэрэл зурагчин Алексей Дружининын сурвалжлага дээр Х.Баттулга, Владимир Путин нарын гар барилт байдаггүй. “Орос-Монголын хооронд баримт бичгүүд зурав” гэдэг сурвалжлагад Х.Баттулгын гарсан гурван гэрэл зураг бий. Эхнийх дээр нь мань эр Игорь Левитинтэй санамж бичигт гарын үсэг зурж байна. Удаах зураг дээр тэд хоорондоо гар барьж байдаг. Хоёр зургийн аль алин дээр Орос, Монголын ерөнхий сайд нар ард нь зогсож байв.
Ингээд, эцэст нь Монголын сайд Х.Баттулга Монголын ерөнхий сайд С.Батболдтой гар бариад, цаашаа В.Путин руу гараа дөхүүлж байгаа гурав дахь зураг. Гачлантай нь, Монголын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн энэ зангасан гар Путинтай атгалцсан (хэрвээ үнэхээр гар барилцсан бол) зураг алга. Сурвалжлагын 17 ширхэг гэрэл зураг дотор В.Путин Монголын сайдуудын хэнтэй нь ч гар барьсан кадр алга. Өөртэйгээ адил тэгш зиндааны албан тушаалтан болох С.Батболдтой гар барилцаж байгаа зураг л байна.
Ер нь бол В.Путин, Х.Баттулга нар үнэхээр гар барилцсан байхыг үгүйсгэхгүй. Тэр мөчийг Монголын гэрэл зурагчид амжиж дарсан байж ч магад. Гэхдээ бидэнд байгаа гэрэл зургуудыг дүгнэж үзвэл, “Ардчилал” сонинд гарсан Х.Баттулгын сурталчилгааны өгүүлэл нь яалт ч үгүй “фотошоп” гэж үзэх шалтгаан байна.
Яагаад ийм дүгнэлтэд хүрэв?
Хуурсаар хуурсаар худалч?
Нэгдүгээрт, Гар сунгаж байгаа“Ардчилалд үнэнч бизнесмен”, Путин хоёрын хооронд хэн ч алга. Тэгтэл үлдсэн бүх зураг дээр Путины баруун талд С.Батболд ерөнхий сайд зэрэгцээд зогсож байдаг шүү дээ. Монголын ардчилагчдын сонин дээрх гэрэл зураг дээр (эвлүүлэг дээр?) ерөнхий сайд нь хааччихав? Эсвэл ерөнхий сайд нарын уулзалтын дэг ёсыг зөрчин байж, Х.Баттулгыг Путинтай гар бариулах гэж хүндэтгэн зай тавьж өгсөн хэрэг үү?
Ийм явдал болсон байх учиргүй. Яагаад гэвэл хоёр талын тээврийн сайд нар санамж бичигт гарын үсэг зурснаар арга хэмжээ дуусаагүй. Хоёр талын дахиад долоон баримт бичигт гарын үсэг зурсан байдаг. Тэгэхээр С.Батболд хаашаа ч зай тавиад яваад өгсөн байж таарахгүй. Түүнийг эвлүүлгээр аваад хаячихаж.
Хоёрдугаарт, уулзалтын бүх зургууд дээр ерөнхий сайд нарын ард байгаа хоёр улсын далбаанууд бүгд ижил хэмжээтэй харагдана. Х.Баттулгын сурталчилгааны “фотошоп” дээрх ОХУ-ын хоёр далбааны нэг нь (зүүн талаас хоёр дахь нь) эвлүүлэггүй бусад эх зургуудаасаа илэрхий том байна. Эвлүүлнэ эвлүүлнэ гэхэд арай л бүдүүлэг алдаа болжээ. Тэгээд ч эх зурган дээр Монголын ерөнхий сайд С.Батболдын ар дахь Оросын далбааны оронд огт ондоо зургаас өөр далбаа авчирч “наасан” нь илт. Мөн уулзалтын сурвалжлагын эх зургууд дээрх далбааны нугалаас “фотошоп” хувилбараасаа хамаагүй тод ч байна.
Гуравдугаарт, хулхи зураг дээр Орос, Монголын зэрэгцээ далбаануунуудын хоёр ба гурав дахь далбааны ард үргэлжилсэн хэвтээ шугам алга болжээ. Үлдсэн бүх эх зургууд дээр танхимын заслын нэг хэсэг болсон хөндлөн, хэвтээ шугам бий. Ганцхан Х.Баттулгын сурталчилгаан дээр энэ шугам тасарчихдаг… Бас арын том толин дээрх далбаануудын тусгал ч ор тас үгүй болжээ.
Энэ бүхний эцэст ямар дүгнэлт хийж болох вэ?
Хэрвээ гэрэл зураг эвлүүлэг юм бол эвгүй нэг асуулт босч ирнэ. Хэрвээ нэр дэвшигч сонгогчдоо ингэж хуурч чадаж байгаа юм бол төрийн тэргүүнээр сонгогдчихвол яах болж байна?
Нөгөө талаар, ОХУ бол иргэний төрх, царайг ашиглахыг хуулиар зохицуулсан улс. Царай төрхийг нь ашиглах, ашигласанаа түгээх бол тухайн иргэнээс заавал зөвшөөрөл авах ёстой. (ОХУ-ын Иргэний хуулийн 152.1.)
Сонгуулийн сурталчилгаандаа өөр улсын төрийн тэргүүнийг ур муутай фотошоп ашиглан дур зоргоороо ашигласан явдал ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхаарал татах нь дамжиггүй юм.