...
...

Олимпийн гудамж дахь моднуудыг тайрсан талаарх мэдээлэлд тайлбар өглөө

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй "Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих" төсөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлсэн. Засгийн газар хоорондын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу төслийн газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг захиалагч буюу Монголын тал хариуцахаар заасан. Энэ хүрээнд цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил эхлэхтэй холбогдуулан трасст орсон мод, бут, ногоон байгууламжийг зайлуулж, шилжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны даргын 2017 оны А/147 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.

Тус Ажлын хэсгээс олон нийтийн сүлжээгээр тархсан “Олимпийн гудамжны бүх модыг тайрчээ” гэсэн ташаа мэдээлэлд хариу тайлбар өглөө.

Гүүрэн гарц нь үндсэн гүүр, 2 эгнээ зам, туслах замаас бүрдэх бөгөөд туслах замын трасст Олимпийн гудамж дахь 157 мод орсон байна.  Үүнээс 107  модыг 10 дугаар сараас эхлэн зөөж,  Бээжингийн гудамж, Хот тохижилтын газрын Мод үржүүлгийн газарт шилжүүлэн суулгасан бөгөөд насжилт өндөртэй, үндэс нь гүн суусан, шилжүүлэн суулгах боломжгүй 50 модыг энэ сарын 16-17–ны өдөр тайрч авсан талаар  “Хот тохижилтын газар” ОНӨҮГ-ын орлогч дарга Н.Пүрэвжав мэдээлэл өгөв.

"Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц" барих төслийн ажил 2019 онд бүрэн хэрэгжиж, ашиглалтад орох бөгөөд дээрх ажлын хүрээнд гүүрийн орчимд иж бүрэн ногоон байгууламж, мод тарих, тохижилт, тоноглолын ажил бүрэн хийгдэхээр төлөвлөгдсөн гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.

Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц нь дараах зургаан хэсгээс бүрдэнэ.

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр,

Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны замруу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,

Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамжруу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай,

Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамжруу буух “А” рампын гүүр нь 8.5м ергөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай,

Төмөр зам дээгүүр явган хүний гүүр

Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барина гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ