Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газраас цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 11.40 цагт мөн газрын жагсаалын талбайд зохион байгуулагдлаа.
2017 онд цагдаагийн байгууллагын түүхт 97 жилийн ой тохиож байгаа бөгөөд Цагдаагийн төв байгууллагын удирдлагаас гавьяаныхаа амралтад гарч байгаа алба хаагчдаа хүндэтгэж, ёслол төгөлдөр үдэн гаргах төдийгүй тэдэндээ бүх талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг зорьж байгаа билээ.
Энэ арга хэмжээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болон Хамгаалалтын газрын удирдлага, бие бүрэлдэхүүн, цэргийн байнгын тэтгэвэрт гарч буй алба хаагчдын ар гэрийнхэн оролцсон юм.
Арга хэмжээг нээж, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном хэлсэн үгэндээ“... Өнөөдөр цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч байгаа алба хаагчид та бүхэн Монгол төрийн цагдаагийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, төр, ард түмнийхээ амгалан тайван байдлыг сахиулах үйлсэд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулсан, хүндэтгэл хүлээх гавьяатай хүмүүс” гэдгийг онцлон тэмдэглэж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, удирдлагуудын мэндчилгээг уламжлан, цаашдын ажил, амьдралд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
Энэ үеэр Хамгаалалтын газрын алба хаагчдын зэвсэгтэй жагсаалын үзүүлэх тоглолтыг сонирхуулж, дуучин Б.Базардорж “Сүлдэт цагдаа” дуугаар мэндчилгээ дэвшүүлж, цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч буй алба хаагчдыг Цагдаагийн ерөнхий газрын даргын мэндчилгээ, бэлэг дурсгалын зүйлсийг гардуулсан байна.
Н.Норжоо
Эх сурвалж:ЦЕГ
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250