Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд шинэ оны босгон дээр 152 хорооны засаг дарга нарт хандан захидал илгээлээ. Уг захидалдаа Нийслэлийн удирдлагын багаас хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг иргэдэд хүргэх гүүр, дөт зам нь болдог хорооны засаг дарга нарын нөр их хөдөлмөрийг үнэлдэгээ дурьдсан байна. Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд нэг баг болон ажиллахдаа чамгүй олон ажлыг хийж, Улаанбаатар хотынхоо иргэдээс магтаал, зэмлэл хоёрыг ч хамтдаа сонсож ирсэнийг бичжээ. Ирэх онд Улаанбаатар хотын ажлыг шинэ түвшинд гаргахад хорооны засаг дарга нарын үүрэг, зүтгэл их. Тиймээс оны өмнө Нийслэлийн засаг даргын тамгын газар, харьяа агентлагуудын удирдлагуудыг 152 хороонд ажиллах үүрэг даалгавар бүхий захирамжийг гаргаад байна. Ингэснээр хорооны засаг дарга иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлаа хотын даргын сонорт ямар нэгэн шат дамжлагагүйгээр шууд хүргэх боломжийг нээж байна. Түүнчлэн иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэж, хүнд суртлыг хална гэдгээ хотын дарга захидалдаа бичсэн байна. 152 хороо бүрт хотын дарга тухайн албан тушаалтаныг нэр заан бие төлөөлөгчөөр томилсон. Өнөөдрөөс нийслэлийн удирдлагын баг албан тасалгаанд биш хороонд ажиллах үүрэг даалгаварыг өгчээ.
Хороодод ажилласнаар Төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд хийгдэж буй томоохон ажил болж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Өнөөдрөөс нийслэлийн удирдлагын баг албан тасалгаанд биш хороонд ажиллах үүрэг даалгаварыг өгчээ.