...
...

Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсооно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 он хүртэл зогсооно

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01 хүртэл түр зогсооно.  

Хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоогоод байсан юм. Хотын дарга энэ хугацааг 2020 он хүртэл сунгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг зарчмын хувьд дэмжлээ.

Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон нэг жилийн хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар 9567 хүн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11552-оор цөөн байна. Дээрх хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутагт шилжиж, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарчээ.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэв

Тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан хоёр хувь байхаар тогтов.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний жилийн шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоолоо.

Шимтгэлийн хэмжээг шинэчилснээр тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүй иргэний сард төлөх хэмжээ буурч байна. Мөн эрүүл мэндийн даатгалд даатгуулах иргэдийн тоо өсч, даатгалын сангийн чадавхи нэмэгдэн, даатгуулагч иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзжээ.

Товч мэдээ

-  Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 онд төрсөн бүх хүүхдэд төрсөн сараас нь эхлэн тооцож, төсвийн жил, батлагдсан төсөвт багтаан нөхөн олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгав. Үүнд нийт 4.5 тэрбум төгрөг зарцуулах юм байна.

-  “Сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын Албан даалгаврын заалт бүрт нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, бодит үр дүнд хүргэхийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад даалгав. 

-  Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайдад даалгав. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулан санхүүжүүлэх боллоо.

-  Олон улсын хөрөнгө оруулалтын банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээр болон дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколын дагуу тус банкны дүрмийн сан дахь Монгол Улсын эзлэх хувь хэмжээг 5.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний еврогоор нэмэхээр болов.

-  Ирэх онд энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын хамтарсан сургалт, дадлагад Зэвсэгт хүчний цэргийн баг оролцуулах арга хэмжээний жагсаалтыг батлав. Өнөөдрийн байдлаар манай улсын 1000 гаруй цэргийн албан хаагч зургаан улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.  

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ