...
...

“НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ”-ийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ-ын ерөнхий захирал Б.Сүхбаатар болон мэргэжилтнүүдтэй уулзаж, 2018 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, энэ жилдээ эхлүүлэх түрээсийн орон сууцны асуудлаар уулзаж, ярилцлаа. Энэ үеэр тэрбээр хэлсэн үгэндээ “Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе. 2017 он бол бидний хувьд бэлтгэл ажлыг хангах, бодлого тодорхойлох зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлсэн жил байлаа. Өнгөрсөн онд Нийслэлийн Гэр хороолол дэд бүтцийн газартай хамтраад дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ жилийн хувьд түрээсийн орон сууцны ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Одоо бид өөрсдөөс хамаарах ажлыг хийж хэрэгжүүлэх нь чухал байна.

Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын удирдлагын түвшинд уялдаа холбоотой ажиллаж байгаа. Засгийн газар, Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар 2020 он гэхэд нийслэлд 16 мянган айлын түрээсийн орон сууц барих ёстой. Үүний эхлэл нь 1002 айлын орон сууцны хөтөлбөр. Хэрвээ энэ төсөл амжилттай хэрэгжвэл БНХАУ-ын Хөгжлийн банкнаас дахиад 10 мянган айлын орон сууц барих санхүүжилт татах боломжтой болно.  Түрээсээ төлөөд өмчлөх боломжтой. Эсвэл сарын түрээсээ төлөөд амьдарч болно. Түрээсийн орон сууц төслийг хэрэгжүүлэх явцад НОСК өөрийн гэсэн тодорхой хөрөнгийг өөртөө бий болгох юм. Үүнийгээ дараа дараагийн түрээсийн орон сууц барихад зарцуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Азийн ихэнх улс яг ийм жишгээр дахин төлөвлөлтийг хийдэг” гэв.

“Нийслэлийн орон сууцны корпораци” ОНӨААТҮГ нь Нийслэлээс иргэдийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, стратеги, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, Улаанбаатар хотын газрын нөөцийг үр ашигтай төлөвлөн эргэлтэд оруулах замаар хотын суурьшлын бүсийг хөгжүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, орон сууцны нөхцөлийг сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ