...
...

Тост, Тосонбумбын нурууг уул уурхайнхнаар сүйтгүүлэхгүй

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд уул уурхайн олборлолт явуулснаас үүдэж орон нутгийн малчид, хүнсний ногоо тариалагч иргэдийн амьдрал ахуй, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулж байгаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд “Сауд гоби коэл транс” компани уул уурхайн олборлолт явуулахаар зэхэж байгааг тэд эсэргүүцэж байгаа аж. Газар ашиглах тусгай зөвшөөрөл, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ огт аваагүй атлаа шууд үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаад нутгийн иргэд бухимдалтай хандаж байна. Нүүрс олборлох шангаа хэдийнэ татаж, техник хэрэгсэл, хүн хүчээ тус нутагт байршуулсан тус компанийн эсрэг Гурвантэс сумынхан 20 сая төгрөгөөр өмгөөлөгч хүртэл хөлслөн тэмцэж байгаа ажээ. Тэд Хөвд, Хуршуудын баянбүрдээ уул уурхайнханд сүйтгүүлэхгүй гэдгээ илэрхийллээ. 

Тост тосон бумбын нурууны зүүн үзүүр, Хөхөлзөхийн говийн Хөвд Хуршуудын гол усаа аварч үлдэхийн төлөөх тэмцэл ийнхүү хурцадлаа.

Гурвантэс сумын байгаль орчны байцаагчаас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар 38 лиценз байгаагаас 25 нь ашиглалтын, 13 нь хайгуулынх аж. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь “Эс жи эс”, “Чинхуа мак-Нарийн сухайт”, “МАК”, “Өсөх зоос” , “Жавхлант орд” компаниуд юм. Ашиглалтын зөвшөөрлөө авчихсан ухаж зөөхөөр зэхэж байгаа уурхайнууд олон байна. Үүнд “Хайрхан толгой”, “Сауд гоби коэл транс”, “Монгол чадал” зэрэг компаниудыг нэрлэж болно. Ингээд нутгийнхаа уул ус, байгаль орчинг хамгаалахаар Улаанбаатарыг зорин ирж, хэвлэлийн бага хурал зохион байгуулж буй иргэдийн байр суурийг хүргэе.  

Гурвантэс сумын малчин Эрдэнэжаргал: Төр засаг бидний үгийг яагаад сонсохгүй байгаа юм бэ

Манай Гурвантэс сумын гурав, дөрөвдүгээр баг болох Хөвд хуршуудын голд “Сауд гоби коэл транс” компани 2017 оны гуравдугаар сард ирсэн. Үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд нь нутгийн малчин ардууд хориг тавьж тэмцсэн л дээ. Одоо харин тэд сүүлдээ хүч хэрэглэж, түрэмгийлж эхэллээ. Нутгийн ард иргэдийн үгийг үл тоож, басамжилж үйл ажиллагаагаа явуулж байна. УИХ-д өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 880 хүний гарын үсэгтэй өргөдөл хүргэж өгсөн. Өргөдлийг хүлээн авч Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид танилцуулж хариу хэлнэ гэсэн боловч одоо хүртэл хариу нь ирээгүй байна. Яагаад бидний үгийг сонсохгүй байгаа юм бэ. Бид Монгол Улсын нутаг дэвсгэр дээр суугаа Монгол Улсын иргэд. Биднийг энэ компаниудтай зөвшилц гээд зөнд нь орхиж байна. Бид эх орондоо аюулгүй амьдармаар байна. Тост, Тосон бумбын нурууг ухаж эхэлвэл манай сум усгүй болно. Олборлолт хийх гээд байгаа газар нь усны ундрага болсон газар шүү дээ. Бид бүгдийг авраач ээ.

Гурвантэс сумын ногоочин С.Сүрэнхүү: Уул уурхай олборлож байгаа газар 14 гол горхи ширгэсэн

Нөлөөллийн бүсэд 30 гаруй өрх өвөлжиж, хаваржиж, зусдаг. Хушаатайн Баянбүрд эртнээсээ газар тариалангийн  зориулалттай. 20 гаруй га талбайд 20 гаруй өрх ногоо тариалж байна. Гэтэл уул уурхайн компанийн зүгээс нөлөөллийн бүсэд байгаа айл өрхүүдтэй уулзаагүй. Сумын удирдлагууд ч мэдэхгүй. Манай нутагт долоон уурхай ажиллаж байна. Бүгд нүүрс олборлодог. Гэтэл нүүрс олборлолтын явцад байгаль орчин хамгийн их сүйддэг сөрөг нөлөөтэй.  Малчид усгүй, бэлчээргүй болж эхэлж байна. Уул уурхай олборлож байгаа газар 14 гол горхи ширгэсэн. Тиймээс бид Хөхөлцөгийн говьд үлдсэн хоёрхон Баянбүрдээ авч үлдэхийн төлөө тэмцэж байна 

Өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл: Гурвантэс сумын иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. “Сауд гоби коэл транс” компанийн хувьд ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус компанийн нэр дээр 2013 онд 8000 гаруй га газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Харин нутгийн иргэд энэхүү тусгай зөвшөөрөл нь холбогдох хууль тогтоомж, журмыг ноцтойгоор зөрчсөн гэдгийг баталж байгаа юм.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд уул уурхайн компаниудтай хатуу тэмцэл өрнүүлнэ гэдгээ ийнхүү мэдэгдсэн юм. Үнэхээр ч Монголын говийн хамгийн үржил шимт, ховор ан амьтан бүхий Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн олборлолт явуулахыг хориглож, түүгээр ч зогсохгүй улсын тусгай хамгаалалттай бүс болгон хил хязгаар тогтоосон билээ. Гэтэл томоохон эзэдтэй уул уурхайн компаниуд хүч түрэн олборлолт явуулахаар зэхэж байгаа нь эсэргүүцэлтэй тулгарсан нь энэ аж. Уул уурхайн компаниуд тухайн нутагт үйл ажиллагаа явуулах болсноос хойш ан амьтдыг дайрч хөнөөх, ус горхийг ширгээх, ухсан нүхэнд нь хүн унаж нас барах зэрэг тохиолдол олон гарах болжээ. Тийм ч учраас нутгийн иргэд алс холоос төр засаг, түмэн олноосоо аврал хүсч, зорин ирсэн байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • шууд техникүүдийг нь бензин цацаж шатаа хүмүүсийг нь зодож хөө нутгаа өвгөдөөс өвдөж хайрлаж ирсэн байгалийа хамгаалсан хармалсан хүмүүсийг энэ засаг авилгач шүүх нь яахыг хар 880 хүнийг яахын хар би нэгдэхэд бэлэн байна эрдэнэтээс 99553904

  • Энэ компани УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийнх. Энэ компаний залуучуудтай өнгөрсөн жилийн 5-р сард хэдхэн хоног хамт байх завшаан тохиолдсон юм. Зхаирал залуу болон ажилчдын ихэнх нь Увсынх Бараг Чойжоотой ах дүүс юм билээ

Онцлох мэдээ