Өмнөд Солонгосын Пёнчан хотноо явагдаж буй Өвлийн Олимпийн наадам өндөрлөх шатандаа орж байна. Энэхүү наадмыг чимж байсан уран гулгалтын тамирчдын тэмцээн дуусчээ.
Оросын уран гулгагч Алина Загитова, Евгения Медведева нар богино үзүүлбэрийн эцэст тэмцээнийг тэргүүлэн, чөлөөт үзүүлбэрээр алт, мөнгөн медалийн эзэд боллоо.

Богино үзүүлбэрт тэд дэлхийн дээд амжилтыг ар араас нь шинэчилж байсан билээ. Харин хувийн амжилтаар хоорондоо өрсөлдсөн тэдний хувьд Загитова ялимгүй илүүрхэж чадсан байна.
Чөлөөт үзүүлбэрт Загитова түрүүлж гаран, гайхалтай амжилтыг үзүүлэв. Тэрээр чөлөөт үзүүлбэрт 156,65 оноо авч нийтдээ 239,57 үзүүлэлтээр тэргүүлсэн юм. Ийнхүү 15 настай Алина Загитова энэ удаагийн Олимпийн наадмын Оросын анхны алтан медалийг авчирлаа.
Түүний дараагаар канад уран гулгагч Кэтлин Осмонд үзүүлбэрээ гүйцэтгэсэн хэдий ч Алинагийн амжилтыг давж чадсангүй.

Дэлхийн хоёр удаагийн аварга Евгения Медведева чөлөөт үзүүлбэрт өөрийн бүхий л чадвараа дайчлан, Алинатай адил 156,65 оноо авсан хэдий ч нийлбэр дүнгээрээ мөнгөн медалийн болзол хангасан байна. Харин Канад бүсгүй Кэтлин Осмонд гуравт шалгаран хүрэл медаль хүртжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250