...
...

Оросын супер уран гулгагч охид Олимпийн бахархал боллоо

“Гэртээ хариад, унтахыг хүсч байна” – энэ бол Олимпийн аварга Алина Загитовагийн алтан медалиа гардаж авсны дараа хэлсэн хамгийн анхны үгс. Мэдээж, 15-хан настай түүний хувьд, Дэлхийн спортын хамгийн том наадмаас алтан медаль хүртэнэ гэдэг амаргүй даваа байсан байж таарна.

Алина Загитовагийн гарын хээг Лозанна дахь Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны төв байранд дамжуулж өгөхөөр болжээ. Охин эхлээд юу болоод байгаагийн нарийн учрыг сайн ойлголгүй орчуулж өгөхийг хүссэн байна. Тэд үнэхээр түүний гарын хээг авахыг хүсч байна гэж үү?! хэмээн эргэлзсэн бололтой.

Энэ удаагийн Өвлийн Олимпийн үеэр Оросын анхны алтан медалийг авчирсан 15 настай уран гулгагч Алина Загитовагийн гарын хээг дурсгал болгон авч, Олимпийн музейд хадгалахаар болсон аж.

Гарааны өмнөх сүүлчийн минут. Алина Загитова мөсөн дээр гарч ирлээ. Түүний чихэнд уламжлал ёсоор дасгалжуулагч нь ямар нэг зүйл шивнэнэ. Ялалтад найдах л үлдлээ.

Алина үзүүлбэрээ гүйцэтгэхээр мөсөн талбайд гарч ирэнгүүт хөгжөөн дэмжигчдийн индэр бараг л амьсгаа дарах мэт болов.

Тэд үзүүлбэрийн 4 минутын турш зөвхөн нам гүм болоод зогсохгүй, гараа атган,  зүрхээ булиглуулж, мөсөн талбайд түүнтэй хамт гулгах мэт догдолсоор...

Дэлхийн хамгийн техник сайтай уран гулгагч охин анхны үсрэлтээрээ л индэрийг валидол олоход туслав. “Миний зүрх бараг л зогсох дөхсөн” гэж Алина дараа нь өөрөө өгүүлсэн байна.

Алинагийн дүү охин мөн уран гулгагч бөгөөд Олимпийн үзүүлбэрийг Ижевск дэх мөсөн талбай дээр компьютерээр үзсэн аж. Тухайн үед 10 настай Сабина Загитоваг хуваарьт дасгал сургуулилтыг нь хийлгэхээр хоккейн дасгалжуулагч аав нь мөсөн талбай дээр авчирсан байж.

“Үзүүлбэртэй өдөр бид хоорондоо холбоо бариагүй байсан. Тэр гарахынхаа өмнөхөн над руу зурвас бичсэн байсан ч би хариулж амжаагүй байсан” хэмээн Алинагийн эцэг Ильнас Загитов өгүүлсэн аж.

Ийм ган төмөр мэт шаргуу дайчин зан чанар түүнд хаанаас бий болсон юм бол хэмээн аав нь гайхширсан маягтай ярьсан байна. Тэрээр охиныхоо үзүүлбэрийг шууд эфирт үзэж чадаагүй бөгөөд харин ялалтынх нь тухай сонсоод уйлсан гэнэ.

Олимпийн супер аварга охин зөвхөн гулгахаар мөсөн талбай дээр гарсангүй, тэр бараг л тулаанд орохоор гарсан гэж болно.

Дэлхий дээрх бүхий л шагналыг хамсан домогт Женя Медведева хөлийн бэртлээ эдгээсний дараа ялалт байгуулахаар Пёнчаныг зорьсон билээ. Олон нийт ч түүнийг аварга болно хэмээн таамаглаж байлаа. Гэвч чөлөөт үзүүлбэрт өчүүхэн ч алдаа гаргаагүй, хамгийн шилдэг уран гулгагч болох Женя мөсөн талбай дээр анх удаагаа уйлжээ.

Хүмүүс мөсөн талбай руу тоглоом чулуудна. Медведева үзүүлбэрээ дуусгаж, чин үнэний чимээгүй агшин эхлэв. Үзэгчид зогссон хэвээр алга ташсаар. Женя дасгалжуулагчаа тэвэрсэн чигтээ нулимс нь зогсоо зайгүй урсана. Тэр ялах ёстой байлаа. Мөнгөн медаль гэдэг түүний хувьд сүйрэл гэсэн үг.

Шүүгчид тэдэнд бууж өгчээ: Чөлөөт үзүүлбэрт Алина, Женя хоёулаа адил оноо авсан байна. Гэвч Алина богино үзүүлбэрт авсан оноогоороо ялимгүй түрүүлж чаджээ. Ингээд Алина Загитова 1-р байр, Евгения Медведева 2-р байранд орлоо. Гэвч Орос орны хувьд, хоёулаа алтан медаль авчээ! 

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (16)

Онцлох мэдээ