...
...

Алина Загитова: Би бусад тамирчдын адил үнэхээр мухар сүсэгтэй

Пёнчаны Олимпийн аварга Алина Загитова, мөнгөн медальт Евгения Медведева нарын хэвлэлийн хурал хоёр хэсгээс бүрджээ. Эхнийх нь нэлээн албархаг маягтай, хоёр дахь нь сэтгүүлчдийн асуултуудад хариулах маягаар чөлөөт байдлаар явагдсан аж.

Ингээд Пёнчаны Олимпийн мөсөн талбайг эзэгнэн, үзэгчдийг байлдан дагуулсан гайхалтай хоёр охины ярилцлагаас түүвэрлэн сонирхуулъя.

-Та нарын хувьд, энэ Олимпийн үеэр ямар нэгэн сандармаар зүйлс тохиолдсон уу?
Медведева:
-Магадгүй, би тиймэрхүү амар амгалан байдалд бэлэн бус байсан байх. Спортоор хичээллэж буй он жилүүдийн хугацаанд Олимпийн наадамд хэд хэдэн удаа оролцож байсан туршлагатай хүмүүсийн амнаас янз бүрийн зүйлс сонсож байсан. Ингээд, Олимп гэдэг бол баяр баясгалантай наадам боловч маш их дарамттай зүйл гэсэн ойлголт авсан. Харин саяын Олимп миний хувьд, Европын болон Дэлхийн аваргын тэмцээнээс ч илүүтэй нам тайван, амар амгалан өнгөрсөн гэж болно.
Загитова:
-Миний хувьд ч гэсэн, энэ удаагийн Олимпийн наадам маш тайван, амжилттай болж өндөрлөсөн.


-Та нарт амжилт дагуулдаг ямар нэгэн шүтээн, сахиус байдаг уу?
Медведева:
-Миний хувьд, сахиустай холбоотой сэдэв маш хувийн чанартай зүйлд тооцогдоно. Би нууцлаг зүйлст итгэдэг. Надад нэг мууртай сальфетканы гэр байдаг хэдий ч Олимпийн үеэр гэртээ орхисон байсан.
Загитова:
-Би бусад тамирчдын адил үнэхээр мухар сүсэгтэй. Жишээ нь, би мөсөн талбай руу гарахдаа үргэлж баруун хөлөөрөө эхэлдэг.
-Өөрсдийгөө олны танил одод гэж мэдрэхэд хүндрэлтэй байна уу?


Медведева:
 -Олимпийн үеэр миний  инстаграмд 200 мянга орчим дагагчид нэмэгдсэн байсан. Би иймэрхүү тохиолдолд бэлтгэлгүй байсан болохоор одоо өөрийн олон нийтийн сүлжээ хуудсанд юунаас эхэлж өөрийгөө илэрхийлбэл зүгээр бол хэмээн бодолхийлэх боллоо. Ямар зурагаа тавиад, дор нь ямар тайлбар бичвэл зүгээр бол гэж хоёр дахь өдрөө бодож байна.
Загитова:


 -Намайг ийм олон хүн сонирхдог болсонд би их баяртай байгаа. Гэвч өөрийн рейтинг болон "од" хэмээн тооцогдох болсондоо төдийлөн их анхаарал хандуулахгүйг хичээж байна. Цаашид улам их амжилт гаргахын төлөө үргэлжлүүлэн хичээх болно.
-Евгения, дараагийн Олимпод өөрийг тань юу хүлээж байгаа талаар бодож байна уу?
-Тийм ээ, би дараагийн Олимпийн циклд үлдэн, 2022 онд Бээжинд үзүүлбэрээ гүйцэтгэхийг хүсч байна.
-Та нарын дасгалжуулагч Этери Тутберидзегийн онцлог юу вэ?

 Медведева:
 -Этери Георгиевна бол намайг өсгөж, хөгжүүлсэн хүн. Би удирдлага дор нь 11 жилийн турш дасгал сургуулилт хийж байгаа учраас түүний олон зан чанар надад өвлөгдсөн гэж болохоор. Тэр биднийг урагшаа цөхрөлтгүй явж, ямар ч тохиолдолд бууж өгөхгүй байхад сургадаг. Энэ хүнийг юу ч, хэзээ ч нугалж чадахгүй. Амьдралд нь юу ч тохиолдож байсан тэрээр мөсөн талбай дээр гарч, биднийг урам зоригоор хөглөж байдаг юм.
-Евгения, өөрийн тань чөлөөт үзүүлбэр “Анна Каренина” гэсэн сэдвээр дэглэгдсэн байсан. Өөрөө энэ зохиолыг уншсан уу, гол дүрийн баатар ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?


 -“Анна Каренина”-г би уншсан, мөн дэлгэцийн хэд хэдэн бүтээлийг нь үзсэн. Миний чөлөөт үзүүлбэр бол Кира Найтлигийн тоглосон орчин үеийн хувилбараар нь бүтээгдсэн юм. Анна Каренинагийн дүр намайг машид сэргээн урам зориг хайрлаж, бид гадна төрхөөрөө ч гэсэн ямар нэгэн байдлаар төстэй мэт санагдаж байсан.

-Та нар ямар зохиолын баатарт дуртай вэ? Магадгүй, тэдний хэн нэгийг мөсөн дээр дүрслэхийг хүсдэг үү?
Медведева:
-Ямар номын баатрыг мөсөн дээр дүрсэлж чадахаа одоо хэлж чадахгүй нь. Ямартай ч, миний хамгийн дуртай ном бол Рэй Брэдберигийн өгүүллэгүүдийн түүвэр. Эдгээр өгүүллэгүүдээс хамгийн таалагдсан нь – “Марсианин” /Марсын иргэн/. Би түүнээс сэдэвлэн бүтээсэн киног үзээд үнэхээр бахдан биширсэн. Би энэ зохиолыг хэд дахин уншиж байгаа боловч тухай бүрд л надад шинэ шинэ мэдрэмжүүд төрсөөр байгаа.
Загитова:
-Би одоогоор сурах бичгүүдээс өөр ямар ч ном уншихгүй байгаа. Учир нь, би энэ онд улсын шалгалтууд өгөх учраас түүндээ бэлдэх нь хамгийн чухал юм.
-Үзүүлэх тоглолт дээрээ ямар номер толилуулах вэ?
Загитова:
-Би “Галын тахилч”-ыг үзүүлэх болно. Энэ бол маш сонирхолтой үзүүлэх номер.
Медведева:
-Би өөрийгөө илэрхийлэн дүрслэх болно. Өөрийнхөө ямар нэгэн зүйлийн төлөө санаа зовнин, сэтгэл түгшүүрлэн байх тэр дотоод мэдрэмжийг илэрхийлнэ. Бид заримдаа хаашаа хөдлөх, биеэ хэрхэн авч явахаа сайн мэдэхгүй эргэлзэх тохиолдол хүн бүхэнд таардаг. Ингээд эцэст нь бид дотоод зөрчилдөөнөө ялан, ямар нэгэн шийдвэр гаргадаг. Магадгүй, энэ талаар ч миний үзүүлбэрт дүрслэгдэх байх. Би өөрийн оюун санаа, дотоод ертөнцөө илэрхийлж чадна гэж бодож байна.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ