...
...

Хотын дарга бүх нийтийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриаллаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр есөн дүүргийн Засаг даргын орлогч, хот тохижилт нийтийн аж ахуй хариуцсан мэргэжилтэн болон нийслэлд  үйл ажиллагаа явуулж буй 21 тохижилт үйлчилгээний компанийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар энэ сарын 14-нд нийслэлийн хэмжээнд өрнөх “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатайгаар бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах талаар ярилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өгөв.  

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотоо өнгө үзэмжтэй байлгахад иргэн, аж ахуйн нэгжийн оролцоо маш чухал. Хотыг цэвэрлэх нь хот тохижилтын газар хийдэг ажил гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Нийслэлд ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, оршин суугч иргэн бүхэн хотынхоо өнгө үзэмжийн төлөө өөрийнхөө амьдрах орчныг сайжруулхын тулд хөдөлмөрлөдөг байх хэрэгтэй. Энэ жилийн их цэвэрлэгээний гол зорилго үүнд  чиглэх байх гэдэгт найдаж байна. “Би энд хог тарих ёстой хэн нэгэн хүн ирээд үүнийг цэвэрлэж байх ёстой” гэсэн сэтгэлгээгээр хандаж болохгүй. Нийслэлчүүдийн дунд эерэг хандлагыг бий болгох үүднээс мэдээлэл сурталчилгааны зүйлийг сайн хийж байгаа. Иргэд ялангуяа хотын соёлыг нэвтрүүлэх, нийслэл хотод амьдрахын тулд ямар байх хэрэгтэй вэ гэдэг ухагдахууныг мэдсэн байх шаардлагатай шүү дээ. Ядаж л иргэд гудамжинд шүлсээ, хогоо хаяхгүй байх энгийн зуршлыг  өөртөө бий болгох нь зүйтэй юм. Энэ жилийн их цэвэрлэгээний ажилд бүх аж ахуйн нэгж байгууллага өөрийнхөө орчин тойрныг өнгө үзэмжтэй, хаяг аадарсыг солих, цонх хаалгаа угаах зэрэг энгийн зүйлээс эхэлж хамтран оролцоосой гэж бид хүсч байгаа юм. Мэдээж хот тохижилтын газрууд өөрийн гэсэн үүрэг даалгаврын дагуу ажиллана. Хотын тохижилт хог хаягдлын менежментийн хүрээнд хувийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийг хог хаягдлыг зөөх тээвэрлэх, устгах, хот тохижилтыгн ажилд зориулдаг. Энэ жилийн хот тохижилтын ажлын хүрээнд бичил цэцэрлэгүүдийг бий болгох талд гол анхаарлаа хандуулж байна. 12 байршилд бичил цэцэрлэг бий болгох төлөвлөгөөтэй байгаа. Энэ зун цаг агаарын хуурайшилттай холбогдуулан усан оргилууруудыг бүрэн хүчээр нь ажиллуулах болно. Хотын гудамжуудыг чийгшүүлэх зорилготойгоор усаар цэвэрлэх тоног төхөөрөмж ажиллуулахаар төлөвлөж байна. Ногоон байгууламжийн хувьд өнгөрсөн жилд Энхтайваны өргөн чөлөөг бүхэлд нь тохижуулсан. Энэ жил Бага тойрууд илүү анхаарлаа хандуулж ажиллана” хэмээн онцоллоо.

Уулзалтын төгсгөлд хотын дарга нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн гаднах хаяг рекламыг солих, хотын гудамжны гэрэлтүүлгийг 98 хувьд хүргэх, нийтийн эзэмшлийн зам талбайн хашаа, хайс, сандал, хогийн савны өнгө үзэмж, тоо хэмжээг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Хэрэв үүрэг даалгаврыг биелүүлээгүй аж ахуйн нэгж, хамтран ажиллагч байгууллага гарвал гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ