...
...

ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ БА ҮР АШИГ" СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Эрчим хүчний зохицуулах хороо, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани болон цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд хамтран  "Шинэ техник технологи ба үр ашиг" сэдэвт уулзалт зөвлөгөөнийг энэ сарын  25-26-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгууллаа.     
Энэхүү зөвлөгөөнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газар, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар, Дэлхийн банк, АВВ компани болон цахилгаан түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлж буй 30 гаруй байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцлоо.  "Шинэ техник технологи ба үр ашиг" сэдэвт уулзалт зөвлөгөөний үеэр цахилгаан түгээх сүлжээний техник, технологийн шинэчлэл, салбарын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хууль эрхзүйн орчин, эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, тусгай зөвшөөрөл үнэ тарифын зохицуулалт, хэрэглэгчийн эрх ашиг, цахилгаан түгээх сүлжээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэж сайн туршлагуудаасаа хуваалцан, салбарын мэргэжилтнүүдийн илтгэлийг хэлэлцсэн юм. 
Зөвлөгөөний үеэр "Дархан,Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК ухаалаг систем нэвтрүүлж байгаа сайн туршлагаасаа хуваалцлаа. Тус компани 29076 цэгт ухаалаг тоолуур суурилуулж, цахилгаан эрчим хүчний түгээлтийн алдагдлыг 15.3 сая кВт цагаар буюу 5.2 хувиар, хэрэглэгчдээс авах авлагыг 71 хувиар тус тус бууруулжээ. Нийтдээ 883 сая төгрөгийн авлагыг 249 сая төгрөг хүртэл багасгаж, үлдэгдэл авлагыг 2018 онд бүрэн барагдуулах боломжтой болжээ. Энэхүү ухаалаг системийг нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэж, ажлын бүтээмж дээшилсэн, ажилчдын ажиллах орчин нөхцөл сайжирсан, хэрэглэгчид өөрийнхөө хэрэглээг хянаж, хэмнэлт хийснээр энгийн тоолуураар тооцох төлбөрөөс 8 хүртэлх хувиар бага төлбөр төлж байгаа юм байна. "Дархан,Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК нь ухаалаг системийг нэвтрүүлж эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд борлуулалтын орлого  тэрбум гаруй төгрөгөөр нэмэгдэж, хэрэглэгчдийн тоолуурын заалт бичилттэй холбоотой гомдол санал 100 хувь арилсан гэдгийг тус компанийн дэд захирал, Ерөнхий инженер Б.Батжаргал танилцуулж байсан юм. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Г.Ган-Өлзий "Түгээх, хангах үйлчилгээний менежментийн цогц системийг байгуулах талаар сонирхолтой илтгэл танилцууллаа. Тус компани дуудлагын төв, my.tog.mn онлайн систем, дуудлага барагдуулах  "Гялс” системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. 
Зөвлөгөөнд оролцогчид хэрэглэгчдийг эрчим хүчээр найдвартай хангахын тулд  дараах арга хэмжээг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр санал нэгдлээ. Үүнд:
 
  • Цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа, хэрэглээ, техник-эдийн засгийн үр ашигт үндэслэн жил бүр түгээх цахилгааны хэмжээг төлөвлөх, батлагдсан төлөвлөгөөг мөрдөж ажиллах; 
  • Цахилгаан түгээлтийн алдагдлын бодитойгоор тооцож (цахилгаан дамжуулах шугам, дэд станцаас холбогдсон хэрэглээг тооцохгүй) үнэлэлт дүгнэлт өгөх;
  • Цахилгаан   түгээх   компаниудын    төлөвлөгөөт   тасалдлыг   багасгах зорилгоор хүчдэлтэй нөхцөлд засварын ажлыг гүйцэтгэх, хэрэглэгчийн цахилгаан хангамжийг тасалдуулахгүй байдлаар зөөврийн дэд өртөө /трансформатор/, тоноглол, кабелийг ашиглах зэрэг техник зохион байгуулалтын цогц шийдлийг нэвтрүүлэх;
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг урамшуулалд суурилуулсан зохицуулалтад хамруулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
  • Ухаалаг тоолуурын системийг Эрчим хүчний салбарт нэвтрүүлэх, шилэн кабелийн нэгдсэн сүлжээг бий болгох, салбарын нэгдсэн мэдээллийн тогтолцоотой болох, ялангуяа түгээх, хангах үйлчилгээний менежментийн цогц системийг бүрдүүлж цахимжуулах талаар холбогдох арга хэмжээ авах; 
  • Цахилгаан түгээх 6-35кВ-ын шугамын үйлчлэх хүрээ, уртыг зохистой хэмжээнд байлгах талаар техник зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хэрэглэгчийн төрөл, үйлдвэрлэлийн онцлогоос хамаарч хуурмаг чадлын хэрэглээтэй холбоотой урамшууллын тогтолцоог бий болгох асуудлыг судлах; 
  • Бүх төрлийн нейтральтай дунд хүчдлийн сүлжээнд шинэ дэвшилтэт функц бүхий  чиглэлтэй газардлагын хамгаалалтыг нэвтрүүлэх;
  • Хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, санал гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх шуурхай тогтолцоог бүрдүүлж, хяналт тавьж ажиллах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх, эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх талаар хэрэглэгчдэд сурталчилах ажилд анхаарч, "Шинэ техник технологи ба үр ашиг" сэдэвт уулзалт зөвлөгөөний үеэр гарсан санал, санаачлага, зөвлөмжийг  үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд үр дүнтэй хамтран ажиллахаар тогтжээ.
 ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
 

"ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ БА ҮР АШИГ" СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

"ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ БА ҮР АШИГ" СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

"ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ БА ҮР АШИГ" СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

"ШИНЭ ТЕХНИК ТЕХНОЛОГИ БА ҮР АШИГ" СЭДЭВТ УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ