...
...

Б.Бат-Эрдэнэ: ”Оюу Толгой”-н хувь нийлүүлэгчид асуудлыг Арбитрт хүргэхгүй байх эрмэлзлэлээр хэлэлцээнд хандаж байгаа

Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, "Эрдэнэс Монгол" компанийн ТУЗ-ийн дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

Түүний толгойлж буй "Эрдэнэс Монгол" компанийн хоёр ч охин компани болох Эрдэнэс Таван Толгой, Эрдэнэс Оюу Толгойн асуудал сонирхлын цэгт байсаар байна. 

Таван толгой нүүрсний ордыг  цогцоор нь хөдөлгөх тогтоолыг УИХ-ын хаврын чуулганы хаалтын хуралдаанаар баталсан. Олон жил дуншсан, хэрүүлийн алим болсон энэ төслийг цогцоор хөдөлгөх шийдвэр гарсны дараагаар ямар ажлууд хийгдэх вэ.

Мөн хувь эзэмшигчдийн төлөөлөл бүхий ажлын хэсэг гараад хэлэлцээ нь сунжирсаар байгаа Оюу Толгой зэрэг асуудлаар түүнээс тодрууллаа.  

НЭГ. ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК -ийг хувьчлах тухайд

- “Эрдэнэс Монгол” ХХК-ийн 49 хувийг нийт иргэдэд эзэмшүүлэх гэсэн саналыг УИХ дахь АН-ын бүлэг оруулж ирж Байнгын хороо дэмжсэн ч УИХ дээр дэмжигдсэнгүй. “Эрдэнэс Монгол”-ийн 49 хувийг яагаад олон нийтэд эзэмшүүлж болохгүй вэ. Энэ тухайгаас яриагаа эхэлье?

- “Эрдэнэс Монгол”-ийг 2007 онд Монгол Улсын стратегийн орд газрууд болон лиценз, орд хайгуулын компаниудыг нэгтгэн менежмэнтийн удирдлагаар хангах зорилгоор байгуулсан холдинг компани юм.

Энэ компанийн үндсэн үүрэг нь Засгийн газрын эзэмшиж байгаа хувьцааг төлөөлөн эзэмшдэг толгой компани бөгөөд ингэхдээ ногдох хувьцааны ногдол ашгийг “Эрдэнэс Монгол” биш Ирээдүйн өв санд төвлөрүүлэх хуулийн зохицуулалттай.

Мөн “Багануур” ХК-иар жишээ авахад тус компанийн 75 хувь нь “Эрдэнэс Монгол” эзэмшдэг. 25 хувийг олон нийт эзэмшдэг. Тэгэхээр энэ компанийн 75 хувийн 49 хувийг нь дахиад олон нийтэд гаргах гээд байна уу гэх мэт ээдрээтэй асуудлууд байгаа юм.

“Шивээ-Овоо”-гийн гэхэд 90 хувийг “Эрдэнэс Монгол” эзэмшдэг. Гэтэл эдгээр хоёр компани хоёулаа алдагдалтай. Алдагдалтай гэдэг нь 1990 оноос хойшх цахилгааны үнэ чөлөөлөөгүйтэй холбогдолтой өр төлбөрийн асуудал байх жишээтэй.

Түүнчлэн “Эрдэнэс Монгол”-ын тодорхой хувийг хувьчиллаа гэхэд ураны асуудал яригдана. Бидний мэдэлд байгаа “Мон-Атом”-ын асуудал хөндөгдөж байгаа юм. Юу гэхээр толгой компанийн хувьчлалын асуудал хөндөгдөж байгаа боловч түүнийг дагаж маш олон бодлого, хуулийн өөрчлөлт шаардсан асуудал байгаа юм.

Хаврын чуулганы хаалтын хуралдаанаас харж байхад энэ асуудал намар дахиад хөндөгдөх магадлалтай байна.

- Таныхаар ямар хувилбар тэгэхээр зөв гэсэн үг вэ?

- Стратегийн орд газруудын орлогоос олон нийтэд хүртээх нь туйлын зөв. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компанийг хувьчилсанаар энэ асуудал шийдэгдэх үү, үгүй юу гэвэл үгүй.

Яагаад гэдгийг би дээр тайлбарлалаа. “Эрдэнэс Монгол” бол зөвхөн зөвлөх, менежмэнтийн үйлчилгээ үзүүлж байгаа холдинг компани.

- Охин компаниудын хувьчлалыг л ярих нь зөв гэж ойлголоо.

- Тийм. Хувьчлагдсан компаниуд одоо ч хүртэл байна. “Эрдэнэс Таван Толгой”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Оюу-Толгой” гэх мэтийг дурдаж болно.

Жишээ нь, “Эрдэнэс Монгол”-ийг хувьчлах тухай ярихаар “Оюу Толгой”-н Монголын Засгийн газарт ногдох 34 хувиас дахиад 49 хувийг бас хувьчлах тухай асуудал яригдах уу гэх мэт сонирхолтой асуудлууд руу орох юм.

- Таны хувьд "Эрдэнэс Монгол"-ын ТУЗ-ийн даргын ажлаа хүлээж аваад таван сар болж байна.  Ашиггүй ажиллаж байгаа компаниудад ямар шинэчлэлт өөрчлөлт хийхээр төлөвлөж байна вэ?

- Ашигтай, ашиггүйгээс гадна яах нь тодорхойгүй нөхцөлд байгаа компаниуд ч бас бий. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол”-с төсвийг нь зоогоод хайгуулийн шатанд яваа компаниуд ч байна.

Алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг би дээр дурдсан “Шивээ-Овоо”, “Багануур” хоёр. Эдгээр хоёр компани яавал ашигтай ажиллах вэ гэдэг нөхцөл нь тодорхой. Юу гэхээр цахилгааны үнийн тарифийг л чөлөөлөх асуудал. Тиймээс ч ТУЗ-ийн даргаар томилогдсоныхоо дараа эдгээр хоёр компанийн асуудлаар яаралтай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээр энэ хоёр компанийг яавал алдагдалгүй, ашигтай ажиллуулах вэ гэдгийг Засгийн газарт танилцуулж холбогдох тогтоолыг гаргасан. Богино хугацаат 29 тэрбум төгрөгийн өрийг яаралтай барагдуулах, урт хугацааны өр төлбөрийг хэрхэн барагдуулж, тэглэх талаар үүрэг даалгаврыг холбогдох яамдуудад өгсөн. Эдгээр хоёр компанийн балансыг цэвэрлэхгүйгээр хувьцаа гаргах, зээл авах гэх мэт ажлыг зохион байгуулах боломжгүй болчихоод байгаа юм.

Тэгэхээр Эрчим Хүчний Зохицуулах Хороотойгоо тохироод цахилгааны үнийг шаталсан байдлаар нэмэгдүүлэх асуудлыг хийхээс өөр арга байхгүй.

Үүнийг хийхийн тулд мэдээж Засгийн газрын тогтоол шийдвэр гарах ёстой. Хоёр ч удаа Г.Занданшатар сайд энэ асуудлаар бүх талын төлөөлөлтэй уулзаж мэдээлэл солилцож үүсээд байгаа асуудлыг хэрхэн шийдэх талаар ярьсан.

Хэрэв “Багануур”, “Шивээ-Овоо” зогсвол Улаанбаатар хотыг дулаанаар хангах ямар боломж байгаа талаар ярилцсан. Одоо хүртэл Эрчим Хүчний Зохицуулах Хороотой энэ асуудлыг хэлэлцсээр байна.

Ер нь бид цахилгааны үнийг чөлөөлөх асуудлыг шийдэхгүйгээр том зургаараа “Шивээ-Овоо”, “Багануур” хоёр дахиад л алдагдалд орно. Зарим хүн гаднаас хөнгөлөлттэй зээл тусламж аваад компаниудад хөрөнгө оруулалт хийгээд шийдье гэдэг. Гэтэл гадны зээл хэдий хөнгөлттэй ч энэ бол дахиад л өр гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс ч урт хугацаандаа шийдэх арга нь цахилгааны үнийг чөлөөлөх.

- Үнэ чөлөөлөхөөс гадна төрийн өмчит компаниудын зардлыг бууруулах тал дээр ямар ажлууд хийгдэх вэ?

- Технологийг сайжруулж, зардлыг бууруулах ажлыг хийнэ. “Багануур” хувьцаат компанийн хувьд гэхэд захиргааны 200 ажилтантай байх жишээтэй. Тэгвэл эдгээр 200 хүнээс доод тал нь 40 хүнийг цомхотгох шаардлагатай.

ХОЁР. ТАВАН ТОЛГОЙн IPO-г 180 хоногт багтаах тухайд

Гэрэл зургийг MPA.mn

- “Таван Толгой” ордын 30 хувийг IPO хийх эрхийг УИХ олголоо. Энэ хүрээнд хамгийн түрүүнд хийгдэх ажлуудыг та хэлэхгүй юу?

- “Таван Толгой” төслийн хувьд бид салбарын Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамтай уялдаа холбоотой ажиллаж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” өнгөрсөн 11 жилийн хугацаанд хийгдээгүй байсан Эрсдэлийн удирдлагын менежмэнттэй боллоо.  Мөн Хүний нөөцийн бодлогын стратегитай боллоо.

Ер нь "Эрдэнэс Монгол" компанийн тухайд цэгцгүй байсан зүйлс олон байсныг өөрчлөөд явж байна. Жишээ нь зөвхөн энэ компанид гэхэд 17 захирал байсныг долоо болголоо. 75 хүнд 17 захирал гэдэг болахадсан тоо. Аль болох илүү дутуу гарч орж байсан зардлыг таналаа. 

Сангийн яамны 196 дугаар тогтоолоор гадаадын зөвлөхүүд өдрийн 1,200 хүртэл долларын цалин авч байсан, зарим нь аваад ч явж байсныг буурууллаа.

Азийн Хөгжлийн Банкнаас 2013 онд авсан 35 сая долларын зээлийг үр ашигтай зарцуулах тал дээр ажиллаж байна. 2018 оны төсөвт гэхэд 14 сая доллар тавигдаж орж ирснийг бид илүү дутуу бүх зардлыг танаж хасаад 8 орчим сая доллараар баталсан.

Дээрх 35 сая ам.долларын зээлийг 2013 оны Засгийн газрын үед “Эрдэнэс Таван Толгой”-н IPO -г гаргах бэлтгэл, “Эрдэнэс Монгол” компанийг чадавхжуулах зорилгоор олгосон. Гэтэл зээл өгсөн Азийн Хөгжлийн Банкны зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь “Танайх мөнгөө хэрэглэхгүй байна. Ашиглахгүй байна” гэж байгаа. Учир нь нэгэнт авчихсан зээл учраас бид хэрэглээгүй байсан ч хүү төлж байгаа гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхээр бид хэрэглэхгүйгээр хүү төлөөд явах нь чухал уу, яаралтай төслүүдээ санхүүжүүлээд дээрээс нь ТТ -н IPO гаргахад бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэх бусад үйлчилгээгээ аваад явах нь зөв үү гэдгийг бодох ёстой.

- ЭТТ зургаан сарын хугацаанд IPO хийнэ гэсэн. Хамгийн түрүүнд ямар ажил хийгдэж байна вэ?

- Бид ордынхоо үнэлгээг хийлгэж байна.

- Одоо 5.4 тэрбум доллар гэдэг үнэлгээ хийчихээд байгаа нь ямар учиртай вэ?

- Бид энэ үнэлгээнээс цааш ахиулах боломж нь хэр байна вэ гэдгийг судалж байгаа.

Мөн бид ЭТТ-г өр, зээлгүй болгох дээр ажиллаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр Хөгжлийн Банканд хүүгийн үлдэгдэл 31 сая ам.долларын өртэй байгаа юм.

Таван Толгойн IPO хийхийн тулд нийт 13 алхам хийх төлөвлөгөө байгаа. Юуны түрүүнд дээр хэлсэн ордын үнэлгээг сүүлийн байдлаар хийхээс гадна IPO хийх олон улсын компаниа сонгох ажил бий.

Бүх ажлыг 180 хоногийн дотор хийхээ Д.Сумъяабазар сайд өөрөө хаврын чуулганы хаалтын нэгдсэн хуралдаанд албан ёсоор мэдэгдсэн. Тэгэхээр УИХ –аас батлагдсан учир энэ долоо хоногоос хэрэгжилтийг хангах ажлууд яаралтай хийгдэж эхэлнэ.

- Таван Толгойн хувьд стратегийн худалдан авагчтайгаа тодорхой тохиролцоонд хүрсэн гэрээ хэлцэл байна уу?

- Байгаа. Өнгөрсөн долоо хоногт гэхэд Чалкотой хийх гэрээг батлах чиглэлийг “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-өөс өгсөн. Энэ гэрээний хүрээнд ЭТТ Чалкод өмнө нь зарж байсан нүүрсний үнээсээ нэмэгдүүлж зарахаар болсон гэж хэлж болно.

- Үнийн хувьд ямар тохиролцоонд хүрсэн гэсэн үг вэ. Зарим хариуцлагатай албан тушаалтны олон нийтийн сүлжээгээр мэдээлээд байгаа нь үнэн үү?

- Мэдээж зах зээлийн үнээ тооцно. Үүнээс гадна стратегийн урт хугацааны харилцагч зэрэг хүчин зүйлийг бид тооцно шүү дээ.

- Боловсон хүчний хувьд компанийг ашигтай, амжилттай ажиллуулсан захирлуудыг улстөрийн шийдвэрээр халж, солих хандлага байсаар байна шүү дээ. Тухайлбал, ЭТТ-н Ариунболд, “Эрдэнэс Монгол”-ын Түмэнцогт захирлыг солиод байна.

- Ариунболд захирлын хувьд өмнө нь амжилттай ажилласан гэж үзсэн учраас “Эрдэнэс Алт Ресурс” гэж компанийг анхнаас нь хариуцуулсан.

“Эрдэнэс Алт Ресурс” нь Монголын Засгийн газар алтны салбарт нэгдсэн байр суурьтай энэ тэнд байгаа лицензүүдээ нэгтгэх шаардлага байгаа учраас энэ компанийг байгуулсан. Мөн стратегийн ач холбогдолтой компани.

Түмэнцогт захирлын хувьд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн гэж ойлгосон.

- “Таван Толгой Түлш” компани ямар зорилгоор байгуулагдсаныг тайлбарлахгүй юу?

- 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар руу түүхий нүүрс оруулахгүй болсонтой холбоотойгоор “Таван толгой түлш” компанийг албан ёсоор байгуулсан. ЭТТ компаниас санхүүжээд түшиглээд бэлтгэл ажил нь идэвхтэй үргэлжилж байна.

- Солонгос улсын хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж байгаа үйлдвэртэй холбоотой юу?

- Холбоогүй. 100 хувь ЭТТ компаниас санхүүжиж байгаа.

- Яагаад заавал ЭТТ-г түшиглэж байгуулж байгаа вэ. Хотын ойролцоо уурхайнуудын дэргэд байгуулж болохгүй байсан уу гэдэг асуулт байгаа шүү дээ.

- Шахмал түлш үйлдвэрлэх стандартын дагуу Таван Толгойн ордыг түшиглэх нь зөв юм гэдэг шийдэлд хүрсэн. Өөрийн тань асууж байгаа хотын ойролцоох уурхайнуудад гэхэд “Шивээ-Овоо”-г түшиглэж бид нүүрсний шингэрүүлэх төсөл хийгдэж байна. Хэрэв энэ төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улс дизель түлш үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Гэх мэт бид уурхайнуудаа ашигтай ажиллуулах боломжийг эрэлхийлсээр байна.

ГУРАВ. ОЮУ ТОЛГОЙ ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХЭЛЭЛЦЭЭНИЙ ТУХАЙД

Гэрэл зургийг MPA.mn

- “Оюу-Толгой” төслийн хувь эзэмшигчдийн хэлэлцээ үргэлжилж байгаа. Ямар шатандаа яваа вэ. 60 хоногийн хугацаа аль хэдийнээ өнгөрсөн байна.

- Аль аль талдаа хугацаагаа сунгаад явж байна. Гурваас дөрвөн ажлын хэсэг ажиллаж байгаа.

Нэг зүйлийг хэлмээр байгаа нь “Оюу Толгой” компани ашигтай, ашиггүй тухай бид яриагүй. Яавал Монгол Улс энэ төслөөс илүү их ашиг хүртэх тухай яригдаж байгааг хэлэх хэрэгтэй. Түүнээс “Оюу Толгой” төсөл зогсох тухай яриа энд байхгүй.

- Хэд хэдэн ажлын хэсгийн олон хүн “Оюу Толгой” (ОТ) уурхай дээр ажиллаж бараг төслийн ажилчдаас давсан тооны хүмүүс шалгалт хийж байгаа тухай мэдээлэл яваад байгаа шүү дээ.

- Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг ч бий. Мөн хоёр талын тохиролцоогоор хамтарч байгуулагдсан ажлын хэсэг ч бий. Шалгалт хийж очиж үзсэнээрээ буруудах, муудах зүйлгүй.

Бид өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, байгуулсан гэрээнийхээ хүрээнд л энэ ажлуудыг хийж байна.

- Монголын Улсын Засгийн газар татварын актаараа шалтаглан ОТ дахь хөрөнгө оруулалтын зээлийн хүүгээ бууруулах хэлэлцээ хийх гэж оролдож байна гэж ойлгогдож байгаа. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аливаа компани бүгд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөх ёстой. Мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд өөрсдөө татвараа төлөөд явах үүрэгтэй.

Зээлийн хүүгийн тухайд Монголын тал бууруулахаар ажиллаж байгаа. Ажлын хэсэг ажиллаж байна.  Ингэхдээ бид ямарваа нэг шалтаг шалтгаанаар зээлийн хүүг бууруул гэсэн шаардлага албан ёсоор тавиагүй. Тийм ч байх боломжгүй.

- ОТ төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд Монголыг төлөөлсөн үе үеийн сайд, дарга нарыг хорьж шалгасан. Энэ нь ч өөрөө хөрөнгө оруулагчдад өгч буй мессеж биш үү?

- Бид хоёр талын ажлын хэсгийн уулзалт хэлэлцээ нууцлалын шатанд явагдах гэрээнд гарын үсэг зурсан. Тэгэхээр энэ хэлэлцээний талаар буруу, зөв мэдээлэл нийгэмд байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ямар ч байсан өнөөдрийг хүртэл нууцын гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс маань ямар нэгэн мэдээлэл хийгээгүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Шалгагдсан хүмүүсийг суллах ёстой, ёсгүй, хорих ёстой байсан үгүй зэрэгт бид ямар ч нөлөөлөл үзүүлэх боломжгүй шүү дээ.

- Хэлэлцээ хийх 60 хоногийн хугацаа бол аль хэдийнээ өнгөрчихлөө.

- Анх товлосон хугацаа маань дөрөвдүгээр сарын 30-ны өдөр байсан бол даруй хоёр сар хугацаагаар хэлэлцээ сунаж байна. Аль аль тал маань асуудлыг Арбитрт хүргэхгүй байх эрмэлзлэлээр хэлэлцээнд хандаж байгаа.

“Эрдэнэс Оюу Толгой” компанийн ТУЗ ч энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа хуралдсаныг хэлэх хэрэгтэй.

- ОТ-д Монголыг төлөөлдөг Ч.Алтаннар ТУЗ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөнийг шийдвэрлэсэн үү?

- Ч.Алтаннарын хувьд хоёрдугаар сард чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Бид нөхцөл байдлаас шалтгаалаад Алтаннарыг түр ажиллуулж байгаад тавдугаар сард чөлөөлсөн.

Одоо бид “Оюу Толгой”-н ТУЗ-д Сангийн Яамнаас нэг хүн зайлшгүй байх ёстой гэсэн зарчим барьж ажиллаж байгаа. Мөн Уул уурхайн яамнаас заавал нэг хүн байх ёстой. Түүнчлэн Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нэг хүн томилвол зүйтэй гэж харж байгаа.

Мөн саяхан Б.Мөнхбаатар захирал ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Б.Мөнхбаатар захирлын хувьд угаасаа “Эрдэнэс Оюу Толгой” компанийн гүйцэтгэх захирал хийж байгаа учраас аль ч тохиолдолд ТУЗ-ийн хуралд оролцдог. Тэгэхээр бид түүний оронд Сангийн Яамнаас мэргэжилтэн оруулах бодолтой байна.

Ч.Болортуяа

Эх сурвалж: Ikon.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)
  • UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG

  • UURHAIN NOOTSIIN GEREE PIN GEED ASHGAA OGCH CHADAHGUI

  • БАГАНУУРЫН УУРХАЙД ИРСЭН ДАРГА БОЛГОН ШИНЭ ЛЕКСУС 570 АВЧ УНАДАГ. ДАРГА НАР АЙМААР ИХ ШАХАА ХИЙЖ БОНДОЙДОГ. ХУЛГАЙ ХИЙХЭЭ Л БОЛЬЧИХ ТЭГВЭЛ БОЛНО ШҮҮ ДЭЭ??? АРДЧИЛСАН НАМЫН Д.ЭРДЭНЭБАТ ГЭДЭГ ГИШҮҮНЭЭС ЭХЛЭЭД БАГАНУУРЫГ МӨЛЖИЖ ӨДИЙ ЗЭРЭГТТ ХҮРСЭН ОЛОН ГАРУУД ХУДЛАА БҮЛТРЭЭД ЯВЖ Л БАЙНА.

  • “Эрдэнэс Монгол” бол зөвхөн зөвлөх, менежмэнтийн үйлчилгээ үзүүлж байгаа ХОЙЛОГ компани.

  • Mafiyd yamar xor nairyylj bna

Онцлох мэдээ