...
...

Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нарыг бэлтгэх сургалт эхэллээ

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт боллоо. Уг сургалтын нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгчид оролцов.

2018 оны 8 дугаар сарын 13-наас 17-ныг дуустал 5 хоног үргэлжлэх энэхүү сургалтад аймаг, нийслэл, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газрын бага боловсролын болон эрүүл мэндийн сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн биологийн багш нийт 90 хүн хамрагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт эх орныхоо түүх, соёлыг судлах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг оруулна” гэж тусгасан.

Энэ ажлын хүрээнд БСШУС-ын сайд, ЭМЯ-ны сайдын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/004/А/01 хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдан, сургалтын хөтөлбөрийг боловсруулах ажлыг ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хамтран боловсруулж батлан өнөөдөр Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтаа эхэлж байна.

Эрүүл мэндийн боловсрол нь суралцагчид насан туршийн эрүүл амьдралын хэв маягийн талаархи хувь хүний хариуцлагыг ухамсарлан, өөрийн болон бусдын, цаашлаад хүрээлэн буй орчныхоо эрүүл байдлыг хүндэтгэх хандлагыг хөгжүүлэхэд тусална.

 


2018-2019 оны хичээлийн жилээс ЕБС-ийн бүх ангид Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй сургалтад хамрагдсан багш нар эрүүл мэндийн хичээлийг заах юм. 

Бага боловсролын 1-3 дугаар ангид эрүүл мэндийн хичээлийг тусгайлсан цаг, хичээлээр судлах шаардлагагүй,  суралцагчийн өдөр тутмын үйл ажиллагаа, “хүн ба орчин” хичээлийн агуулгаар дамжуулан эзэмшүүлэх боломжтой тул багшид зориулсан суралцахуйн удирдамж боловсруулж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 дугаар ангид хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн агуулгыг  нийгмийн хэрэгцээ; орон нутаг,  сургуулийн онцлог; суралцагчдад тулгамдаж буй асуудалд суурилсан дараахь агуулгыг сонгон боловсруулсан.  Үүнд: 

Хувийн ариун цэвэр, орчны эрүүл ахуй
Хооллолт, хөдөлгөөн
Сэтгэцийн эрүүл мэнд
Хорт зуршил
Бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд
Осол гэмтэл зэрэг болно.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр бага ангийн багш нарт зориулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжийг 11000 ширхэг, суурь, бүрэн дунд боловсролын багш нарт сургалтын хөтөлбөр, зөвлөмжийг 7000 ширхэгийг хэвлэж мэргэжлийн багш нарт хүргэхээр бэлтгээд байна. 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ