...
...

Хөнгөн атлетикийн спортын төв Налайх дүүрэгт баригдана

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд өчигдөр дүүрэгтээ ажиллав. Тэрбээр, юуны түрүүнд Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109-р сургуулийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр,  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, НИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил, сургуулийн барилгын ажлын гүйцэтгэгч "Мухиа" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ганчимэг, ЗДТГ-ын газрын дарга Ж. Алтангэрэл, Налайх дүүргийн засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүргийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир, Налайх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ, Налайх дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, Сайн Номун хийдийн тэргүүн хамба С.Нэргүй, Налайх дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал, 109-р дүгээр сургуулийн захирал Д.Цэрэндолгор, ЕБС-ийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар болон багш, ажилчдын төлөөлөл оролцлоо.

Сургуулийн  барилгын өргөтгөлийн ажлын  хөрөнгө оруулагчаар "Жайка" Олон улсын байгууллага ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий гүйцэтгэгч компаниар Ивата Чизаки-Дай Нишион компани оролцож байгаа юм. Тус сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийг 2020 оны 7 сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр  хэлсэн үгэндээ улсын хэмжээнд “Жайка”-гийн төслөөр дөрвөн газар, сургуулийн өргөтгөлийн барилгын ажил эхэлж байгаа тухай дурьдсан бол НИТХ-ын дарга С.Амарсайхан “Налайх дүүргийн 3,4-р хороонд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муутай. Бага сургууль байрладаг ч дунд ангийн сурагчид хичээлдээ хол явдаг. Энэ байдлыг өөрчилж дунд сургууль барьж байгаад талархалтай байна. Сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг чанар стандартын дагуу, товлосон  хугацаанд нь хийж гүйцэтгэн хүүхдүүдийн сурч боловсрох тохилог орчин бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Тус хорооны иргэд тулгамдаж байсан дунд сургуулийн барилгын ажлыг шийдвэрлэхээр эхлүүлж байгаад талархаж байгаагаа илэрхийлж байв.

Сургуулийн өргөтгөлийн шав тавих ёслолд оролцсны дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан Боловрол судлалын залуу доктор, "Электрон жаал" нэрээрээ нийтэд танигдсан Э.Энхпүрэвийн Налайх дүүргийн 109-р сургуульд  хэрэгжүүлж байгаа  “Сураад” сургалтын хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаатай танилцав. “Сураад” хөтөлбөр нь сурагч бие даан онлайнаар  суралцах боломжтой төдийгүй  түүнчлэн эцэг эх болон багш нар сурагчийн суралцах явцыг он, сар, өдөр, цагаар нь хянах цахим хувилбартай, математикийн суурь мэдлэг олгох ухаалаг, онлайн систем юм.

 

Сургалтын үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ хүүхдүүдийн хувьд хороо, дүүрэгт тулгамдаж буй ямар асуудал байгааг асууж, халуун дотно яриа өрнүүллээ. Энэ үеэр хүүхдүүд гэрэлтүүлэг муугаас болж орой үдэж явахдаа нохойноос айдаг тухайгаа хэлж, мөн чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин нөхцөл дутмаг байгааг дуулгалаа. Сурагчдын хэлсэн саналыг Хурлын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон холбогдох албан тушаалтнуудад хандаж, газар дээр нь шийдвэрлэхийг даалгалаа.

109-р сургуулийн сурагчидтай уулзсаны дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Налайх дүүргийн “Багш нарын бага хурал”-д оролцон хичээлийн шинэ жилийн  мэндчилгээ дэвшүүллээ. Тус бага хурлаар дүүргийн багш нар өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилтыг нэгтгэн дүгнэж, 2018-2019 хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлон, Боловсролын хууль, дүрэм, журам, сургалтын хөтөлбөрийн талаар хэлэлцсэн байна.

Уг үйл ажиллагаанд Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон багш нарын нийт 200 гаруй төлөөлөл оролцлоо. Мөн хурлын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ болон бусад холбогдох албаны хүмүүс оролцож багш нарт хандан мэндчилгээ дэвшүүлэн цаашдын ажилд нь амжилт хүслээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан Налайх дүүргийн сурагчдын сурлагын амжилт бусад дүүргээс дундажаас доогуур байгааг дурьдаад цаашид суралцагчдын сурлагын амжилтыг ахиулах тал дээр анхааран энэ чиглэлд хандсан  олон талт ажлуудыг хэрэгжүүлэхийг багш нараас хүслээ.

Үүний дараагаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв орж, ӨЭМТ-ийн ажлын хэрэгцээнд зориулан иж бүрэн нөүтбүүк, шүдний  оношлогооны аппарат гардуулан өгөв. Тэрбээр НЗДТГ-аас 2018 оныг ‘’Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбоотойгоор НЭМГ-аас хэрэгжүүлж буй Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг дэмжих жилийн хүрээнд тус дүүрэгт эмнэлгийн цогц барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгүүлж эхэлсэн, ирэх жилээс эмнэлгийн барилгын ажлын санхүүжилтийг шийдвэрлэж эхлүүлэхээр төлөвлөж байгааг уламжиллаа. Мөн эмч, эмнэлгийн ажилтны ур чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад дотоодын сургалтанд хамруулах, мэргэжил дээшлүүлэх, эмч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлын хүрээнд ЭМТ-өөс санал солилцон хамтран ажиллаж байгаа гэдгийг илэрхийллээ.

Өдрийн төгсгөлд Хурлын дарга  Налайх дүүрэгт баригдаж буй ОУ-ын стандартад нийцсэн “Хөнгөн атлетик”-ын зам, талбайн үйл явцтай танилцлаа. Олон улсын олимпийн хорооны буцалтгүй тусламжаар хийгдэж буй 400 метрийн тойрог замын тухай мэдээллийг Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүргийн Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар нар НИТХ-ын дарга С. Амарсайханд хүргэв. Тус тойрог замыг Олон улсын хөнгөн атлетикийн холбооны итгэмжлэгдсэн газар болох  Итали улсын Мондо компани 320.000 ам.долларын үнэ бүхий стандартын резинэн замыг манай улсад оруулж ирэн, Налайх дүүрэг дэх  Цэцэрлэгт хүрээлэнгийн  талбайд олон улсын мэргэжилтнүүдийн удирдлага дор нааж байршуулан, тоног төхөөрөмжийг суурилуулж дуусчээ. “Хөнгөн атлетик”-ын зам, талбайн ажил дуусаж байгаатай холбоотойгоор, үзэгчдийн сандал суудал байршуулах, орчны тохижилт хийх зэрэг асуудалд нийслэлийн зүгээс хэрхэн анхаарч ажиллаж болох талаар санал солилцож, төсөв хөрөнгийн боломжийн тухай ярилцлаа.

“Хөнгөн атлетик”-ын спортын энэхүү төв ашиглалтад орсноор Монгол улс хөнгөн атлетикийн тив, дэлхийн хэмжээний хөнгөн атлетикийн томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулах боломжтой болох юм.

 НИТХ-ын ХМОНХТ 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ