Өнөөдөр Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Шинэ хичээлийн жилийн эрдмийн баярыг нээж Сургуулийн захирал Б.Даваажав хэлсэн үгэндээ сурч боловсорч,мэргэжил эзэмшихийн зэрэгцээ зөв сэтгэл, зөв хандлагатай зөв хүн болж төлөвшихийн чухлыг онцолсон юм.
Үйлдвэр Урлалын Политехник Коллежийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг, Мэргэжлийн боловсрол сургалтын бодлого зохицуулалтын газрын дарга А.Халиунаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын үүргийг түр хамаарагч О.Р.Меена, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд асан, доктор, профессор О.Нямдаваа болон Зэвсэгт хүчний жанжин штабын Тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Хуурай замын цэргийн командлалын тэргүүн ахлагч Ц.Мөнхбаяр нар оролцов.
Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, С.Чинзориг багш, ажиллагсад, оюутан суралцагчдад баяр хүргэж, тус сургуультай хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллагуудад талархал дэвшүүлээд 2018-2019 оны хичээлийн жилийг багшийн хөгжлийг хангах жил болгон зарлаж буйгаа мэдэгдлээ. Энэ хүрээнд багш мэргэжлийн ангилал, зэргийг шинэчлэн багш нарын нийгмийн халамжийг сайжруулахаар төлөвлөж байгаа, мөн МБСБ-д суралцаж байгаа хүүхдүүдэд 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс сар бүр 70 мянган төгрөгийн үндэсний тэтгэлэг олгож, техникийн боловсролын багц цагийг их дээд сургуулийн багц цагтай дүйцүүлэн тооцдог болгохоо дуулгалаа.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын үүргийг түр хамаарагч О.Р.Меена Ражив “Гандийн нэрэмжит ҮУПК-ийн удирдлага, албан хаагчид, багш нар тасралтгүй хүчин чармайлт гаргаж, мэдлэг, оюуны чадамжаа дайчлан тус сургуулийг Монгол Улсад өндөр нэр хүндтэй болгосонд гүнээ талархал илэрхийлэв.
Мөн ҮУПК-ийн багш, хамт олон, оюутнуудад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, УДБЭТ-ын гоцлол дуучин, СТА Ш.Наранчимэг ая дууны сэтгэлийн цацал өргөлөө.
Оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын "Оюутан цэрэг” хөтөлбөрт Улаанбаатар бүсээс анх удаа тус сургуулийн 8 оюутан хамрагдаж, 2 оюутан “Дэд түрүүч” цолоор, 1 оюутан “Онц буудагч” тэмдгээр шагнуулсан байна. Эдгээр оюутнуудыг төлөөлж Бэлэг дурсгалын зүйл урлаач мэргэжлийн 3А ангийн оюутан Х.Мандахням “Оюутан цэрэг хөтөлбөр нь хэдий 4 сарын хугацаатай ч хүнд эх оронч үзлийг төлөвшүүлж, тэвчээр хатуужилд сургаж, эх орноо хайрлах сэтгэлтэй, зөв харьцаатай, сахилга баттай болгосон. Оюутан залуус бидний өмнө мянга, мянган боломж байгаа. Олж харж ашиглаарай” гэж уриалаад энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжийг олгосон сургуулийн удирдлагадаа талархсанаа хэллээ.