-Энэ өдөр зохиогдож буй өдөрлөгийн онцлогийн талаар танилцуулна уу?
-"Хүрээ" дээд сургуулийн мэдээлэл холбооны тэнхим, "Сэжун Хагдан" сургалтын төвтэй хамтран Өмнөд Солонгосын соёлын өдөрлөг зохион байгуулж байна. Энэхүү өдрөөр солонгос хоолны амталгаа, үндэсний хувцастай танилцах, мөн К-pop төрлийн үзүүлбэр, Таеквондогийн үзүүлбэр, бөмбөртэй бүжиг зэрэг Өмнөд Солонгосын бүхий л соёлыг залуучуудад сурталчлах зорилготой. ЕБС-ийн нийт 1000 сурагч энд цуглараад байгаа. Эдгээр хүүхдүүд нь "Хүрээ" дээд сургуулийн дэргэдэх "Сэжун Хагдан" төвд 50 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх бүхий урамшуулалтайгаар уригдаж ирсэн зочид юм. Хүүхдүүд уригдаж ирснээрээ Өмнөд Солонгосын соёлтой танилцах, солонгос хүмүүсийн үндэсний хөгжим, бүжигтэй танилцах, тэдний хамгийн дуртай K-Pop бүжигтэй танилцах боломжтой боллоо. Мөн энэ өдөр K-Pop бүжгийн хамтлагийн шилдгийн шилдгийг шалгарууллаа. Нэгдүгээр шатны шалгаруулалт "Хүрээ" дээд сургууль дээр арванхоёрдугаар сарын 07-ны өдөр явагдсан. 24 шилдэг хамтлаг оролцож, зургаа нь сүүлийн шатанд шалгарч үлдсэн.
-Ямар сургуулиудаас сурагчид уригдсан байна вэ?
-Сургууль тус бүрээс 50 шилдэг сурагчийг урьсан. Нийт 17 сургуулийн 1000 гаруй хүүхэд хүрэлцэн ирсэн байна. Тодруулбал, 16-р сургууль, 76-р сургууль, 38-р сургууль, 40-р сургууль, 28-р сургууль, 93-р сургууль гэх мэтчилэн ерөнхий боловсролын сургуулиуд маань маш идэвхтэй оролцлоо.
-"Сэжун Хагдан" сургалтын төвийн талаар уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Сэжун хааны үед бүх нийтээрээ хамгийн ядуу хүн ч бичиг үсэг мэдэх ёстой гэсэн хааны зарлиг гарч байж. Энэхүү хааны зарлигаар заавал ханз үсэг биш энгийн уншиж чадах хялбар үсгийг зохиосон түүхтэй юм билээ. Энэ түүхэн уламжлалын дагуу хүн бүр Хангил үсгээрээ бичиж сурсан гэдэг. "Сэжун Хагдан" төв нь Сэжун хааны зохиогдсон Хангил үсгийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлсэн төв юм. Дэлхийн маш олон улс оронд Өмнөд Солонгосын соёлын өвийг түгээн дэлгэрүүлдэг төвүүд бий. Энэ төв Монголд гэхэд дөрөв байдаг. Дөрөв дэх төв нь "Хүрээ" дээд сургуульд нээгдсэн байдаг юм. Манай ерөнхий захирал Жон сү Хюн нь Сэжун Хагдан буюу Өмнөд Солонгосын соёлыг түгээн дэлгэрүүлэх төвийн тэргүүнээр маш удаан хугацаанд ажиллаж байсан. Тэгэхээр энэ нөлөөгөөр Монголын залуучуудад солонгос хэл, соёлыг сурталчилж, цаашлаад сурагч, оюутнуудаа хэлний түвшин тогтоох шалгалтад бэлтгэж, Өмнөд Солонгосын их, дээд сургуульд сургах, Өмнөд Солонгосын Засгийн газрын тэтгэлэг хүртэхэд бэлтгэх зорилгыг бид өмнөө тавин ажилладаг. Тус төв нь оройн цагаар хичээллэдэг. Долоо хоногийн хоёр өдөр өөрийнхөө боломжтой өдрийг сонгоод, ахисан, анхан, дунд шат цаашлаад Toefl-ийн анхан, дунд, дээд түвшний шалгалтад бэлтдэг. Toefl-ийн шалгалтын үнэлгээ нь дөрөвдүгээр түвшнээс их бол Өмнөд Солонгосын их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой. Засгийн газрын тэтгэлгийн хүрээнд даатгал, онгоцны билет, оюутны байр, сургалтын төлбөрийг хариуцахаас гадна мөн дээрээс нь амьжиргааны зардал болгож 800 мянган воны тэтгэлэгтэй суралцах боломжтой. "Сэжун Хагдан" төв нь тасралтгүй амжилттай суралцсан хүүхдүүдээ нэг жилийн хугацаатай, 100 хувийн тэтгэлэгтэй хэлний бэлтгэлд явуулдгаараа давуу талтай. Энэ хичээлийн жилд гурван хүүхэд явсан. Солонгос соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа 15 төлөөлөгч Өмнөд Солонгос улс руу яваад ирсэн гэх мэт олон боломж олддог гэсэн үг. Өмнөд Солонгос руу суралцах хүсэлтэй хүүхдүүдийг манай төвд хандаарай гэж зөвлөх байна.
"Сэжун Хагдан" сургалтын төвийн төлөөлөгч Квон У Сог өдөрлөгийн талаар сэтгэгдэлээ хуваалцлаа.
-Өнөөдрийн бидний зохион байгуулж байгаа өдөрлөг нь Өмнөд Солонгосын соёлыг Монгол хүүхдүүдэд таниулах зорилготой үйл ажиллагаа юм. Монгол Улсад удаан хугацаагаар амьдрах хугацаанд монгол хүүхдүүд Өмнөд Солонгосын талаар танин мэдэх сонирхол ихтэй байдаг нь надад анзаарагдсан. Өнөөдрийн өдөрлөгөөр дамжуулан хүүхдүүдэд мэдээлэл өгөх, цаашид хэрхэн өөрийгөө хөгжүүлж, хүсч хичээвэл олон боломж байгааг харуулах зорьсон. Соёлын олон сайхан арга хэмжээ ч багтсан. Монгол хүүхдүүд, монгол залуучууд маань Өмнөд Солонгосын соёлын талаар улам илүүг мэдэх цаг гарч байгаад бид талархаж байна.
Б.АМИРДАА