Нийгмийн даатгалын байгууллагын сүүлийн үед хийж буй үйлчилгээний шинэчлэлийн асуудлаар Нигймийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхтэй ярилцлаа.
-Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагчдад чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдүүлэхэд анхаарч байгаа юм байна. Шинэлэг ажлуудаасаа танилцуулахгүй юу?
-2019 оныг манай байгууллага “Танд ойрхон - Найрсаг үйлчилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд үйлчилгээгээ хялбаршуулж, даатгуулагчиддаа чирэгдэлгүй, шуурхай, хүрч үйлчлэх, ажилтнуудынхаа харилцаа, хандлагыг сайжруулах чиглэлд тодорхой ажлууд хийж байна. Оны эхнээс хэрэгжиж эхлээд байгаа нэг гол ажил бол архивын лавлагаагаа иргэд өөрсдөө хөөцөлдөж, аймаг дүүргийн хэлтэс хооронд цаг, зардал гаргаж явдаг байсныг хялбарчилж, иргэний өмнөөс хэлтсүүд хоорондоо цахимаар мэдээлэл солилцох болсон.
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа авах процессыг бас хялбаршуулсан байх аа?
-Тийм ээ. Иргэд өмнө нь зөвхөн ТҮЦ машинаас эсвэл нийгмийн даатгалын байгууллагаас цаасан лавлагаа авах боломжтой байсан бол даатгуулагчдад зориулсан вэб http://daatguulagch.ndaatgal.mn/userweb/#/account/login ашиглалтад орсноор шимтгэл төлөлтийн лавлагаагаа харах, шууд хэвлэн ашиглах боломжтой болсон. Зөвхөн даатгуулагч төдийгүй ажил олгогч нар ч тодорхойлолтоо өөрсдөө интернэтээс хэвлээд ашиглах боломжтой. Ингэснээр орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүй болсноос гадна лавлагааны төлбөр хураамжаас чөлөөлөгдөж байгаа юм. Тамга тэмдгийг орлох тусгай нууцлал бүхий QR кодтой тул гуравдагч байгууллагууд шууд хүлээн авч байгаа.
-“Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэглэгчийн хандалт хэр их байна?
-Төрийн байгууллагуудаас анх удаа гар утасны аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлсэн, ингэхдээ програм хөгжүүлэлтийг дотоод нөөц боломжоороо хийсэн гэдгээрээ онцлогтой. Одоогийн байдлаар тус аппликэйшний хэрэглэгчийн хандалтын тоо 41 мянга орчим байна. Тус аппликэйшн нь шимтгэл төлөлтийн мэдээллээ хянах, нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ харах, зарим төрлийн тооцоолол хийх, хуулийн мэдээлэл авах, санал хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх зэрэг өргөн боломжийг иргэдэд олгож байгаа юм. Мөн удахгүй сайн дурын гэрээгээ аппликэйшнаар сунгадаг болно.
-Аппликэйшний бүртгэлийг заавал хэлтэст очиж баталгаажуул гэх нь хэрэглэгчдийн хүрээг хумиад байх шиг. Хэрэглэх хүсэлтэй ч цаг завгүй бүртгэлээ баталгаажуулж чадахгүй байгаа хүн олон байна л даа. Энэ тал дээр ямар нэг шийдэл байгаа юу?
-Таны хэлсэнчлэн иргэд гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах нь хүндрэлтэй, гадаадад оршин суугаа иргэдийн хувьд боломжгүй байсан. Өнөөдрөөс энэ асуудал шийдэгдэж байгаа. Тодруулбал “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшны бүртгэлийг онлайнаар баталгаажуулж эхэлж байна. Иргэд гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг болон 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан манай бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож, баталгаажуулах кодоо авах юм.
-Даатгуулагчийн мэдээллийн нууцлалыг хэрхэн хадгалах вэ? Тухайн иргэн мөн эсэхийг яаж баталгаажуулж байгаа юм бол?
-Тухайн иргэн мөн болохыг баталгаажуулахын тулд гадаадад амьдарч буй иргэд гадаад паспортоо, Монголд байгаа иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан тухайн өдрийн огноо бүхий өөрийн фото зургийг дээр дурьдсан хаягууд руу илгээх юм. Мэдээлэл тодорхой тохиолдолд нэвтрэх кодыг шууд илгээж, шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэл болон нийгмийн даатгалын лавлагааны програмд бүртгэгдсэн мэдээллүүдээс лавлан асуух буюу дүрст дуудлага хийж шалгасны дараа бүртгэл баталгаажуулах код олгох зарчмаар явна.
-Иргэдэд хүртээмжтэй өөр ямар ажлууд ойрын үед хийхээр төлөвлөсөн бэ?
-Өнгөрсөн жилээс бид нээлттэй өдөрлөгийг онцлог байдлаар зохион байгуулж эхэлсэн нь нилээд үр дүнтэй байгаа. Анонсны урд сууж хүн ирэхийг хүлээх биш малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд нь хүрч үйлчлэхийг зорьж байна. Энэ сарын 27-ны өдрөөс “Явуулын үйлчилгээ”-г шинээр нэвтрүүлж байна. Нийслэлд 7 хоногт 2 удаа, аймагт сар бүр нэг удаа нийгмийн даатгалын байцаагч, зөвлөх ажилтнууд очиж үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Явуулын үйлчилгээгээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шимтгэл төлөх, “нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.