...
...

Зээлийн ХАР ТҮҮХ-тэй болохгүйн тулд анхаарах зүйлс юу вэ?

Банк санхүүгийн байгууллагаас зээл авах нь иргэд бие биеэсээ  мөнгө зээлж, өгч авахаас өөр ойлголт. Эрх бүхий байгууллагаас баталсан хууль, журмын хүрээнд гэрээ байгуулан авсан ЗЭЭЛ-ийг тохиролцсон хугацаандаа төлөхгүй бол тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  эрсдэл үүсдэг. Учир нь тухайн зээлдэгчийн мэдээлэл Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн бүртгэлд ордог.

Зээлийн мэдээлэл гэдэг нь тухайн зээлдүүлэгчийн  өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг хэлдэг. Харин Зээлийн мэдээллийн санд зээлдэгчид буюу иргэд аж ахуйн нэгжийн зээл болон төлбөртэй холбоотой мэдээллийг нэгтгэдэг юм.

Монголбанкинд иргэдээс хамгийн их хүсдэг мэдээлэл,  санал гомдол нь дээрх сангийн үйл ажиллагаатай  холбоотой  байдаг бөгөөд  тавьж буй асуултуудын дийлэнхийг зээл болон төлбөр төлөлтийн хугацаа хэтрэлтээс болж дахин банкны зээл авах боломжгүй болсон тухай зонхилдог аж.

Тэгвэл зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ гэдгийг уншигч та мэдэхийг хүсэж буй биз ээ. Тухайн зээл төлөгдөж дуусах хугацаа хэтэрсэн эсэхээс хамаарч зээлдэгчийн зээл болон өр төлбөрийг дараах байдлаар ангилдаг.
 

  • Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног-Хэвийн
  • 90 хүртэл хоног-Анхаарал хандуулах /хугацаа хэтэрсэн/
  • 91-180 хоног-Хэвийн бус
  • 181-360 хоног-Эргэлзээтэй
  • 361-с дээш хоног-Муу


Зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлдэг байгууллагууд:
 

  • Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо
  • Санхүүгийн түрээсийн компани
  • Төрийн байгууллага /Эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/
  • Үүрэн холбооны оператор компани болон хуульд заагдсан бусад хуулийн этгээд


Дээрх нэр бүхий байгууллагуудаас зээл болон санхүүгийн үйлчилгээ авсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд  ХУГАЦАА ХЭТЭРСЭН, ХЭВИЙН БУС, ЭРГЭЛЗЭЭТЭЙ, МУУ ЗЭЭЛТЭЙ гэсэн ангилалуудын аль нэгэнд орчихвол зээлийн сөрөг түүхтэй болж эргээд банк санхүүгийн байгууллагуудаас зээлийн үйлчилгээ авахад хаалттай нөхцөл үүсдэг. Хэдийгээр зээлийн сөрөг түүхтэй иргэн, аж ахуй нэгжид зээл олгож болохгүй гэсэн хууль, журам байхгүй ч, банк санхүүгийн байгууллагууд Зээлийн мэдээллийн сан дахь тухайн иргэний зээлийн мэдээллийг шууд харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг бичигдээгүй хууль манайд тогтчихсон.

Иргэн, аж ахуй нэгжүүдийн хувьд янз бүрийн л хүчин зүйлсийн нөлөөгөөр зээлээ хугацаанд нь төлж барагдуулж чадаагүй шалтгаанаа хэлдэг. Ажилласан байгууллага нь 3 сарын турш цалин олгоогүй тул орлогын эх үүсвэргүй болсон иргэн байхад эдийн засгийн нөхцөл байдлын улмаас аж ахуй нэгжийнх нь үйл ажиллагаа зогсонги байдалд орж, бизнесийн зээлээ төлж чадаагүй аж ахуй нэгжүүд ч байх. Мэдээж зээлдэгч тал санхүүгийн сахилга батыг сахиж, ирээдүйд олох орлогоо тооцоолсны үндсэн дээр зээл авах ёстой. Гэхдээ урьдчилан тооцоолоогүй шалтгаанууд нэгээр тогтдоггүй нь бас үнэн.

80876 иргэний  мэдээллийг ХАР ЖАГСААЛТ-аас гаргажээ

Монголбанкны  шийдвэрээр 2017 оноос хойш гурван ч удаа Иргэний зээлийн мэдээллийн лавлагаанд хамаарах мэдээллийн нөхцөлд  нэмэлт оруулж баталсныг энд тодотгох хэрэгтэй. 2017 онд 25 621, 2018 оны гуравдугаар сард 41 085 иргэнийг санхүүгийн үйлчилгээг тэгш хүртэх боломжоор хангасан. Зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөө заасан хугацаанд (2017 оны хувьд нэгдүгээр сарын 31-ний өдөр, 2018 оны хувьд хоёрдугаар сарын 1-ний өдөр) барагдуулж дуусгасан, чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй байх гэсэн шаардлагыг тавьж байсан. Төв банк энэ хоёр шийдвэрийнхээ дараа энэ оны наймдугаар сард дахин 14,170 иргэний зээлийн мэдээллийг хэвийн ангилалд оруулах шийдвэр гаргасан юм. Ингэхдээ 2018 оны зургадугаарын сарын 1-ний өдрөөс өмнө санхүүгийн түрээс (лизинг)-ийн төлбөр нь бүрэн төлөгдөж дууссан, нэг удаагийн хугацаа хэтэрсэн болон чанаргүй санхүүгийн түрээсийн төлбөрийн түүхтэй иргэний  Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг түүхийг хэвийн ангилалд шилжүүлсэн.

Тэгэхээр 2017 оноос хойш 80 876 иргэний зээлийн мэдээллийг ХЭВИЙН ангилалд шилжүүлээд байгаа юм.

Таны зээлийн түүх Зээлийн мэдээллийн санд ЗУРГААН  жил хадгалагдана

Иргэд үүрэн телефоны компаниудаас үйлчилгээ авсан төлбөрөө, дараа төлбөрт дугаарынхаа төлбөрийг төлөхгүй орхичихдог хандлага бий. Гэтэл тухайн компани тэр иргэний мэдээллийг Зээлийн мэдээллийн сан руу илгээснээр ХАР ЖАГСААЛТ-д орчихдог. Үүнийгээ мэдэхгүй явж байгаад арилжааны банкнаас зээл хүсээд ороход МУУ ТҮҮХ-ийг нь зээлийн эдийн засагч гаргаад ирсэн жишээг хэлэх иргэд цөөнгүй. Тухайн оператор компанидаа эргэн хандаж, төлбөрөө төлж, улмаар хүсэлт гаргаснаар зээлийн түүхээ хэвийн болгох боломж бий гэж мэргэжилтэн хэлж байсан. Гэхдээ иргэд санхүүгийн сахилга батыг сахих тал дээр анхаарах нь, дараа дараагийн эрсдэлүүдээс хол байхад тустай юм.

Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн сөрөг мэдээллийг өөрчлөх тохиолдолд;

Тухайн иргэн, аж ахуйн нэгж нь зээлийн мэдээллийг өөрчлүүлэх хүсэлтээ зээл олгогч байгууллагынхаа төвд нь гаргаж хууль журмын дагуу шийдвэрлүүлэх боломжтой. Монголбанк зээлдүүлэгч байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан шалтгаан үндэслэлийг судлах ба өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл зөвхөн төлөгдсөн болон алдаатай нийлүүлэгдсэн зээлийн мэдээлэлд өөрчлөлтийг оруулна.

Монголбанкинд даалгасан заалт бүхий шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах зэргийг харгалзан үздэг аж.

Эдгээрээс бусад тохиолдолд Зээлийн мэдээллийн сан дахь сөрөг мэдээллийг өөрчлөх боломжгүй тул иргэд төлбөрийн харилцаанд орох үүрэг хүлээсэн гэрээний дагуу төлбөр болон зээлээ цаг хугацаанд нь төлж байх шаардлагатай юм. Түүнчлэн  тухайн үйлчилгээний байгууллагын найдвартай үйлчлүүлэгч байх, сонгосон зээлээ төлж чадах эсэх чадамжаа тодорхойлж байж гэрээнд гарын үсэг зурж үүрэг хүлээхийг зөвлөж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ