...
...

“АСАЯКЭ” сургалтын төвийн захирал Т.Оюунгэрэл: Монгол залууст тууштай зан чанар дутагдаад байна

- Жилийн өмнө танай байгууллага 10 сая иений сургалтын тэтгэлэг зарласан. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн үр дүн ямар байна?

- Японы “Аймэйдо Альфа” компанийн хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өмнө Вьетнам, Хятад зэрэг орнуудад үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн ч эдгээр орнуудад өмнө “Аймэйдо Альфа” компани тэтгэлэг зарлаж байгаагүй. Тэтгэлгийн тухайд их санамсаргүй зүйл болсон. “Аймэйдо Альфа”-н захирал Огино сан манай оюутнуудтай уулзалт хийх үеэр гэнэт л зарласан. Манай оюутнууд сэтгэлийг нь хөдөлгөж чаджээ л гэж бодогдсон шүү./инээв/ Тэтгэлийн сангийн хэмжээ 10 сая иен монгол мөнгөөр 240 сая төгрөг.  

- Танайхаас хэдэн хүн тэтгэлэг авсан бэ?

- Одоогоор япон хэлний шалгалтын Н4 түвшинд тэнцсэн найман оюутан 60 мянган иений  тэтгэлэг аваад байна. Хоёр оюутан Н3 түвшинд тэнцэж, өмнө авсан тэтгэлэг дээрээ нэмээд   60  мянган иен тэтгэлэг авсан. Энэ нь монгол мөнгөөр 1.5-3 сая төгрөг авсан гэсэн үг. Тэтгэлэг авсан оюутнуудын тоо маш чамлалттай байна.

- Та сэтгэл дундуур байна даа?

- Тиймээ. “Аймэйдо Альфа Асаякэ” сургалтын тэтгэлийн сангийн хэмжээ 240 сая төгрөг. Монгол залуус маань энэ сангаас дөнгөж 15 сая төгрөгийн л тэтгэлэг аваад байна. Энэ нь тэтгэлгийн сангийн ердөө 6 хувь болж байна. Энэ бол үнэхээр хангалтгүй тоо. Оюутнууд маань ядаж 20, 30 хувийг авсан бол бид сэтгэл хангалуун байх байлаа.

- Шалтгаан нь юундаа байна ? Уг нь Монголчууд оюуны потенциал өндөр гэдэг ?

Манай залуучуудын сурах чадвар маш сайн. Харамсалтай нь бусад сул талууд тэднийг амжилтаас хойш татаад байна.

- Ямар сул талууд хойш нь татаад байна?

- Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш. Алдаа, дутагдлуудыг хэлэх нь зөв байх. Монгол залуучууд юманд тууштай биш байна. Амархан шантарч, няцаж байна. Энэ тэднийг амжилт гаргахад маш том саад болж байна. Мэдээж япон хэлний Н4, Н3 түвшинд хүрнэ гэдэг амар хялбар биш. Гэвч өөрийгөө сайн дайчилж чадвал энэ хүрч чадахгүй өндөр босго бишээ. Түрүү жилийн 12 сараас анх япон хэл үзэж эхэлсэн оюутан сая 10 сард Н3 түвшинд тэнцэж байна. Хөдөлмөр хүнийг заавал шагнадаг. Тиймээс залуус маань эхлээд зорилгоо зөв тодорхойлж, тэгээд зорилгодоо тууштай байгаарай.

- Тэтгэлэгт хөтөлбөр цаашдаа үргэлжлэх үү? Ямар шаардлага тавьдаг вэ?

- Японы компанийн зүгээс тэтгэлгээ үргэлжлээд явна гэсэн. Тэтгэлэгийн шалгуурын тухайд гурван шаардлага л байгаа. Нэгдүгээрт, “Асаякэ” сургалтын төвийн оюутан байх. Хоёрдугаарт, Японд асаргаа сувилгааны ажил хийхээр шийдсэн байх. Гуравдугаарт, япон хэлний Н4  болон Н3 түвшинд тэнцсэн байх. Энэ гурван болзлыг хангасан бол тэтгэлэг авах нээлттэй.

- Юун түрүүн танай сургалтын төвийн оюутан байх шаардлагатай юм байна. Танай сургалтын төвийн давуу тал юу вэ ?

- Манай хамгийн том давуу тал бол Японы мэргэжлийн байгууллагаас япон хэлний Н4, Н3 түвшний шалгалтад бэлтгэх зорилготой сургалтын хөтөлбөр юм. Үүн дээр нэмээд сургалтын цаг хоёр дахин их. Бид долоо хоногийн таван өдөр 4 цагаар хичээл ордог. Иймд манайд сурахаар шийдсэн бол цагаа маш сайн зохицуулсан байх шаардлагатай.

- Танай сургалтын төв хаана байдаг вэ? Холбоо барих утасны дугаар хэд вэ?

- Манай сургалтын төвийн хаяг хуучнаар Хөдөө аж ахуйн яамны хойно Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байрны №509 тоот. Мэдээлэл авах бол 99988881 дугаараар холбоо бариарай.

- Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа.

- Танай хамт олонд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ