...
...

Х.Насанжаргал: Өвөөгийн маань гарын ур дүй миний зүрх сэтгэлд шүлэг болж ирсэн ч юм билүү

Монголын их уран зохиолд, Хөдөлмөрийн баатар нэрт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж, Төрийн шагналт зохиолч Дамбын Төрбат нарын шавь болон ирж байсан Хөхийн Насанжаргал хэмээх жинхэнэ нар салхи үнэртэж, тос даасан бор ааруул амтагдсан шүлэгтэй хүү олон ястны өлгий нутаг Ховд аймгаас ирж байсан нь саяхан мэт санагдах авч 20 жил өнгөрчээ. Тэрбээр утга зохиолд орж ирсэн шигээ гэнэт алга болсон. Гэхдээ амьжрахын эрх дагасан он жилүүдэд тэр шүлгээ орхисонгүй. Их утга зохиолд эргэн ирэхдээ “Цагаан шувуу” хэмээх шүлгийн цомог хэвлүүлчихсэн, мөнхүү яруу найргийн түүврээ бэлдчихсэн ирэв. Ийнхүү их утга зохиолд эргэн ирж буй Хөхийн Насанжаргалтай ярилцлаа.


-Утга зохиолын сургуульд сурч, шүлгээр өвчилж явсан хүн гэнэт сураг тасарсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Оюутан байхдаа гэрлэсэн, хүүхдүүд ч төрсөн, тиймээс өнгөрсөн хугацаанд амьдралын мөр хөөлөө. Бизнес хийгээд тэрбумтан болсонгүй. Ямартай ч уран бүтээлдээ анхаарах хэмжээнд амьдралаа зохицууллаа гэж бодсон. Хөдөө гадаагүй л амьдарлаа.

-Нэгэнт утга зохиолд эргэн ирж байгаа хүн ганзага хоосонгүй ирээ байлгүй?

-Хэдийгээр утга зохиолоос хол хөндий амьдралын мөр хөөж явсан ч шүлгээ хаяж орхисон өдөр гэж байгаагүй. Хориод жилийн дараа ирэхдээ “Цагаан шувуу” шүлгийн цомгоо хэвлүүлээд ирлээ. Одоо номууд дээрээ ажиллаж байна.

-Төрж өссөн нутаг, хүн зоны тухай?

-Миний төрж өссөн нутаг Ховдын Буянт сум. Мөн ч сайхан нутаг даа. Буянт сумын арван жилийн сургуульд байхдаа Жарантай захирлын дугуйланд явах болсноор утга зохиолд дурлаж, дөрөвдүгээр ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Манай Буянт сум Алтайн уулархаг, их нуруудын ай сав газарт Ховд гол, Буянт гол урсаж, Хар ус нуур мэлмэрч байдаг гэхээр шүлэг бичихгүй байхын аргагүй. Хүн зон нь ч ажилласаг түмэн. Хүн зон гэснээс “Хар ус нуур”-аа дуулсан Ардын жүжигчин Б.Зангад манай сумынх, УИХ-ын дарга агсан Ж.Уртнасан, Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн дарга агсан Л.Лааган, хүний гавьяат эмч С.Цэвээнсүрэн, Улсын заан Ц.Мягмар, генерал Ж.Жамъян нарын алдартнууд төрсөн нутаг шүү дээ. Манай нутагт бүх л үндэстэн ястнууд эвтэй найртай амьдарч байгаа, ийм нутагт төрсөн хүн шүлэг бичихгүй байхын аргагүй.

-Утга зохиолын ертөнцөд хөл тавьж байсан цагийнхаа дурсамжийг дэлгээч?

-Монголын их утга зохиолд орж ирэхэд намайг аугаа хүмүүс угтаж авсан. Би их азтай хүн. Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж, Төрийн шагналт зохиолч Д.Төрбат, академич Х.Сампилдэндэв, нэрт судлаач Ч.Билигсайхан, Ардын уран зохиолч П.Бадарч, Д.Цоодол гээд мундагуудаар хичээл заалгасан хүн шүү. Уран зохиолын ертөнц надад ийм аугаа хүмүүстэй учруулсан бол бас л сайхан нөхөдтэй учруулсан. С.Боргил, Д.Гомбосүрэн, Л.Ганзул, Ш.Энхбаатар, Б.Болорцэрэн, Э.Анхбаяр, Ц.Бүдрагчаа гээд дурдаад байвал олон сайхан нөхөд бий.

-Аав ээж уугуул Ховд нутгийнх уу, танай удамд шүлэг бичдэг хүн байна уу?

-Аав ээж маань Ховд аймгийн уугуул, эгэл нэгэн малчин хүмүүс. Удамд шүлэг бичдэг хүмүүс байсан эсэхийг сайн мэдэхгүй. Харин өвөг эцэг маань нутаг усандаа алдартай дархан хүн байсан юм гэсэн. Магадгүй өвөөгийн маань гарын ур дүй миний сэтгэл зүрхэнд шүлэг болж ирсэн ч юм билүү.


ДАЛАЙ

Уул уулаар хашуулсан далай байнаУйгаа шувуудаар тайлсан далай байна

Урсаж болдоггүй ус байна тэнд

Урсахаа тэвчиж хүлээсэн

Олон олон мөрөн байна

Орилсон гаслант дуутайДалайн усан яасан ч их уйтай юм бэ

Далай их хүйтэн байна

Далай их гашуун байна

Эргэлдсэн ихийн их усан байна, тэнд

Эргийн хадаа мөргөж буцсан

Олон олон мөрөн байна

Цаг тооллын эргэлтэд их гүн далай

Цастай мөстэй араншинд нүцгэн далай

Далай их хүйтэн байнаДалай их гашуун байна.


 

БИ ЧАМД ХАЙРТАЙ

Харанхуй шөнө хөл алдаж бүдчихэд дэн

Архины шил тулж өндийхөд

Халуун гараараа чи татаж босгосон

Харьж чадахгүй ээМиний ижий гомдоно гэх сэтгэлийг

Хамт хуваалцаж шөнөжин сууж

Сэтгэлээрээ намайг татсан

Аавыгаа алдсан алаг нүдний нойтон сормуусыг

Алгаараа шингээж чи намайг аргадсан

Архины жүнзэн дээр шүд тачигнахад

Асгачих аа газар ямар согтох биш гэж

Чи намайг ухаанаар алгадсан

Би чамд хайртай


 

МОД

Булаг татарсан жалгын асганд

Бөгтийж ургасан ганц мод

Бөхөнгийн сүрэг идээшилж дөхөөдХуйларч холддог хачин мод

Хараар ширгэсэн булагийн

Хажууханд ургасан ганц мод

Харалгүй дөхсөн хулан

Харваж холддог хачин мод

Сөхөрч суусан уулын

Хомойд нь ургасан ганц мод

Сөл хөөсөн зээр дэргэд нь очоод

Тэвдэж холддог хачин мод

Тэнгэрийн гэлтэй ганц мод

Дэргэдээ айдас нуусан сонин мод

Сүүдэргүй ганц мод

Сүнсээ жалганд нуусан тэр удган мод

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ