...
...

СУРВАЛЖИЛГА: Сурагчид амралтаараа ҮНЭГҮЙ сурч болох газрууд

Нийслэлийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт өнөөдөр /2019.12.23/ эхэлж, гурван долоо хоног үргэлжлэх юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулийн сурагчид энэ сарын 30-наас эхэлж хоёр долоо хоног амарна. Хэрвээ улирлын онцлогоос шалтгаалан сурагчдыг үргэлжлүүлэн амрах шаардлагатай гэж үзвэл нэг долоо хоногоор сунгаж, сунгасан долоо хоногоо гуравдугаар улирлын амралтаас хасч тооцох боломжтойг албаны эх сурвалжаас хэллээ. Үргэлжлүүлээд сурагчид Сар шинийн баяраар нэг долоо хоног амарч, бага ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-нээс эхлэх бол дунд, ахлах ангийнхан зургадугаар сарын 8-наас амрах гэнэ. Тодруулбал, сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 23-наас ирэх сарын 13 үргэлжилнэ. Ихэвчлэн сурагчид амралтаараа зурагт үзэж, компьютер тоглоом тоглож, гэрээ цэвэрлэж, ээж аавдаа тусалдаг. Тэгвэл энэ удаад үр бүтээмжтэй амрахыг сурагчиддаа зөвлөж байна.


НОМЫН ДЭЛГҮҮРҮҮДЭД ШИНЭ ЖИЛИЙН ХЯМДРАЛ ЭХЭЛЖЭЭ
 

Номын дэлгүүрүүдийн шинэ жилийн хямдрал эхэлжээ. Тухайлбал, “Интерном” номын дэлгүүрт энэ сарыг дуустал “Маамуу” хүүхэлдэйн киноны гол дүрийн баатруудын чихмэл 24900-гаас 23 мянган төгрөг болж, Бүтээлч ном 5900-гаас 4500 төгрөг болж, Буддаг ном 1900 төгрөгөөс 1500, 3900 төгрөгийн Дасгалын ном 3000 болж, Ногун комикууд 5900-гаас 4500 төгрөг болж хямдарсан байна. Эдгээр номноос та худалдан авч, хүүхдүүддээ амралтаар нь уншуулж, мэдлэгийг тэлээрэй. Номын дэлгүүрүүдэд хүүхдийн насны онцлогт тохирсон номуудыг худалдаалах болсон нь онцлогтой. Хоёр настай хүүхэд “Миний анхны үлгэрийн ном”, “Амьтад”, “Аз жаргалтай миний гэр бүл” зэрэг номыг, гурван настай бол “Миний анхны дууны ном” гээд уран зохиол, танин мэдэхүйн ном, 12 наснаас “Харри Поттер”-оос эхлээд 15, 16 настай хүүхдүүд шинжлэх ухааны олон төрлийн номноос сонголтоо хийж унших боломжтой аж. “Аз хур”, “Мир” номын дэлгүүрт ч гэсэн шинэ жилийн бэлгийн багцууд, хямдрал эхэлснийг дуулгая. Мөн сурагчдын амралтаараа аав ээжтэйгээ хамт кино болон хүүхэлдэйн театр орж, тоглоомын газруудад тоглох зэргээр сонирхолтой зүйлсийг хийгээрэй.
 


ХҮҮХДИЙН УРЛАН БҮТЭЭХ ТӨВИЙН БҮХ ДУГУЙЛАН ТӨЛБӨРГҮЙ
 

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Нийгмийн ажилтан Б.Энхцэцэгээс урлан бүтээх төвийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-2019-2020 оны хичээлийн жилд хэдэн дугуйланд хүүхдүүд суралцаж байна вэ?

-Хүүхдийн урлан бүтээх төвд 2019-2020 оны хичээлийн жилд 18 төрлийн 24 дугуйланд нийслэлийн Ерөнхий боловсролын төрийн болон төрийн бус 156 сургуулийн 2276 хүүхэд суралцаж байна. Дугуйлангууд өглөө, өдөр гэсэн хоёр ээлжээр хичээллэдэг. Өглөө ээлж 09.00, 11.40, өдрийн ээлж 14.00, 16.40 цагуудаас орно. Хоёр дахь болон дөрөв дэх өдөрт нэг ээлж, нэг дэх болон гурав дахь өдөрт нөгөө ээлж хичээллэнэ. Сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, авьяасыг нь хөгжүүлэхийг зорьж байна.

-Дугуйлангийн төлбөр, бүртгэл яаж явагддаг вэ?

-Бүх дугуйлан үнэ төлбөргүй. Бүртгүүлэхдээ хоёр хувь цээж зураг, төрсний гэрчилгээ л байхад болно. Есдүгээр сарын 1-15 хүртэл албан ёсны бүртгэл явагддаг. Арваннэгдүгээр сарын 15-наас арванхоёрдугаар сарын 2 хүртэл нэмэлт элсэлт авна. Улмаар хавар дахин нэмэлт элсэлт аваад тавдугаар сарын 15-нд хичээлийн жил дуусна. Дугуйлангууд дотроо анхан, дунд, гүнзгий гэж хуваагддаг. Уран зураг, баримал, сийлбэр, хатгамал, үндэсний хувцасны загвар зохион бүтээх, сүрлэн урлал, наамал, нисэх загвар, автомашины загвар зохион бүтээх, уран бичмэл гэх мэт дугуйлан бий.

-Сурагчид дугуйланд хамрагдахаас гадна яаж хөгжих боломжтой вэ?

-Зөвхөн дугуйлангаас гадна олон чиглэлээр хөгжих боломжтой. Элчин сайдын яамдтай хамтарч тодорхой сэдвийн дор үзэсгэлэнгүүд зохион байгуулдаг. Хүүхдүүд үзэсгэлэнд орохдоо сэдвээ судлахаас эхлээд тал бүрээр хөгждөг. Жишээлбэл, өнөөдөр “Монгол Энэтхэг улсын өнгөрсөн, одоо, ирээдүй” гар урлал, уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийж байна.

-Анги дүүргэлт хэр байгаа вэ. Сурагчид хоёрдугаар улирлын амралтаараа дугуйланд хамрагдаж болох уу?

-Хүүхдийн урлан бүтээх төв улсдаа ганц байна. Бүх дугуйланд анги дүүргэлт хангалттай байдаг. Тиймээс нийслэлийн алслагдсан дүүргийн хүүхдүүдэд зориулж таван дугуйлан тав дахь өдрүүдэд хичээллэж байна. Жишээлбэл, Улиастай, Чингэлтэй дүүргийн захын хороонд зарим урлан бүтээх дугуйлан үйл ажиллагаа явуулж байна. Уран зураг, уран бичлэг зэрэг төрлүүдээр Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нар очиж хичээл заадаг. Мөн “Би нар” төслийн хүрээнд алслагдсан дүүргийн хүүхдүүдийг дугуйланд хамруулахын тулд гэрээт багш нар ажиллуулж байгаа. Манай дугуйлангуудад сургалтаа гүнзгийрүүлж мэргэжил болгоод зургаагаас долоон жил явж төгсөж байгаа хүүхдүүд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй, саажилт, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд баримал, зургийн дугуйланд явдаг. Уран зургийн дугуйланд гэхэд 80-90 хүүхдэд нэг багш ээлжлэн хичээл ордог. Ерөнхийдөө дугуйлангууд дунджаар 60-80 хүүхдийн багтаамжтай байгаа. Багш нар ачаалал ихтэй боловч сэтгэлээсээ хичээлээ зааж байна. Хүүхдийн амралтаар дугуйлангуудын хичээл ордог. Энэ жилийн хувьд арванхоёрдугаар сарын 22-нд дугуйлангийн сурагчид амраад нэгдүгээр сарын 6-наас хичээл нь орно. Шинээр хүүхдүүд ирвэл боломжоороо элсүүлээд авна.


МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИТ ЗӨВХӨН НЭГДҮГЭЭР САРД ЭЛСЭЛТ АВНА
 

Монгол Улсын Консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийг зорилоо. Консерваторийн нийгмийн ажилтан Ч.Мягмараас сургалтын талаар тодрууллаа.

-Монгол Улсын Консерваторид яаж элсэж суралцдаг вэ?

-Манайх есдүгээр сард элсэлт авдаггүй. Зөвхөн нэгдүгээр сард сурагчдыг элсүүлдэг. Нэгээс есдүгээр анги хүртэл ерөнхий боловсролын сургууль учраас үнэ төлбөргүй суралцана. X-XII анги хүртэл коллеж болоод ирэхээрээ мэргэжлийн боловсрол хэлбэр лүү илүү өргөжөөд жилийн 300 гаруй мянган төгрөгийн төлбөр авдаг. Манай коллеж, ерөнхий боловсролын сургууль аль аль нь хөгжим, дуу, бүжгийн чиглэлээр мэргэжлийн боловсрол олгодог. Энэ жилийн элсэлтийн хувьд дотроо яг аль сургуульд, ямар мэргэжлээр элсэлт авах нь хараахан тодорхой болоогүй байна. Тодорхой болонгуут манай сургуулийн сайтаас мэдээлэл авч болно. Монгол Улсын Консерватори нь сонгодог хөгжмийн сургууль, бүжгийн сургууль, циркийн сургууль, ерөнхий боловсролын сургууль, ардын хөгжмийн сургууль гээд таван сургуультай. Дотроо 12 тэнхимтэй.

-Хэдэн наснаасаа суралцах боломжтой юм бэ?

-Сонгодог хөгжмийн чиглэлээр таван настай хүүхдийг элсэгчээр авдаг. Ардын бүжиг долдугаар ангиас элсүүлдэг. Сонгодог бүжиг, ардын хөгжим, үлээвэр хөгжим, цохиур хөгжмөөр тавдугаар ангиас элсэлт авдаг. Сурах чиглэлийн онцлогоос шалтгаалаад сонсгол, хөдөлгөөний эвсэл зэргийг харж шалгаруулж сурагчдыг элсүүлдэг. Мэргэжлийн сургууль учраас хэсэгчилсэн сургалтууд явагдахгүй.


ХҮҮХДИЙН ОРДНЫ ЖИЛИЙН СУРГАЛТ 270-960 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ
 

Монголын хүүхдийн ордон нь 1958 онд “Монголын Пионер сурагчдын төв ордон” нэртэйгээр хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор байгуулагдаж байжээ. Жилд 37 төрлийн дугуйланд 4000 орчим хүүхэд суралцдаг. Дугуйлангуудаас гадна олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулдаг байна. Улмаар Монголын хүүхдийн ордон нь 2018 онд чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015-ыг нэвтрүүлжээ. Урлаг, уран бүтээл, гадаад хэл гэсэн үндсэн гурван чиглэлээр дугуйлангууд хичээллэдэг. Ямар дугуйлан хичээллэж байгааг дор танилцуулъя.

-Урлагын чиглэлээр: морин хуур, монгол ардын дуу дуулаач, лимбэ, хуучир, ёочин, ятга болон төгөлдөр хуур, шанз болон төгөлдөр хуур, хийл, бүжиг, драм, хуучир ёочин

-Уран бүтээл чиглэлээр: Зураг, монгол бичиг, шатар, математик, загвар зохион бүтээх, гар урлал, байгалийн шинжлэх ухаан

-Гадаад хэлний чиглэлээр: Англи хэл, хятад хэл, япон хэл гэх мэт дугуйлангууд хичээллэж байна.

2019-2020 оны хичээлийн шинэ жилд санхүүгийн боловсролын дугуйлан шинээр нээгджээ. Уг дугуйланд хүүхдийг хэрхэн мөнгөтэй зөв харьцах тухай зааж байгаа гэнэ. Шинжлэх ухааны лаборатори гэх дугуйлан ч мөн хичээллэж байна. Энэ дугуйланд сурснаараа лабораторид туршилт хийх байдлаар физикийн үзэгдэл, химийн төлөв, биологийн орчин, газарзүйн тогтоц, математик тооцоолол, бие даан туршилт хийх, нэгтгэн дүгнэх чадваруудыг сурах боломжтой. Хүүхдийн ордон ч мөн жилийн сургалттай бөгөөд есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл хичээл орно. Ганцаарчилсан болон группийн сургалт нь жилийн 270-960 мянган төгрөгийн төлбөртэй байдаг. Ганцаарчилсан сургалтад 20 хүүхэд суралцаж, долоо хоногт хоёр удаа л хичээллэнэ. Нэг хичээл 40 минут ордог байна. Харин группийн сургалтад 50-80 хүүхэд суралцдаг. Долоо хоногт хоёр удаа нэг цаг 30 минутын хугацаанд хичээл ордог юм байна. Хэрвээ та хүүхдээ Хүүхдийн ордны дугуйлангуудад явуулахыг хүсвэл зөвхөн нэг удаа л буюу есдүгээр сарын 9-13-нд бүртгүүлэх боломжтой гэдгийг анхаараарай. Өдрийн дөрвөн ээлжээр 08.30-09.55, 10.10-10.50, 14.30-15.50, 16.00-17.30 цагуудад хичээл ордог байна. Төрсний гэрчилгээ, нэг хувь цээж зураг, бүртгүүлсэн дугуйлангийн багштай уулзаж шалгалт өгснөөр дугуйландаа явж эхлэх юм. Түүнчлэн алслагдсан хороодод амьдарч байгаа хүүхдүүдийг үнэ төлбөргүй дугуйланд хамруулах “Би нар” төсөлд Монголын хүүхдийн ордон нэгджээ. Энэ хүрээнд Хүүхдийн ордны 10 багш зургаан сарын хугацаанд дөрвөн төрлийн дугуйланд хүүхдүүдийг сургах юм. Суралцах хүсэлтэй хүүхдүүд эхний ээлжид дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт хандах юм байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ