...
...

ТОЙМ 2019 | Спортын ертөнцийн онцлох ЗУРГААН үйл явдал

Жил бүрийн эцэст спортын ертөнц онцлох үйл явдлаа шалгаруулдаг уламжлалтай. Токиогийн олимпын өмнөх 2019 он ч спортын үйл явдал, амжилт бүтээлээр арвин жил боллоо.

Өргөн мэдээллийн ZINDAA.MN сайт 2019 онд гадаад, дотоодын спортын салбарт өрнөсөн үйл явдлаас ЗУРГААН чухлыг онцлон нэрлэж байна.

Гадаадын спортын ОНЦЛОХ 3 үйл явдал

ОХУ + СЭРГЭЭШ

Энэ жилийн спортын ертөнцийн гол сэдэв нь ОХУ бүтэн дөрвөн жилийн турш олимп, дэлхийн аварга зэрэг олон улсын тэмцээнээс хасагдсан, өөрөөр хэлбэл их спортоос хөөгдсөн явдал байлаа. Олон жилийн турш улсаас зохион байгуулалттайгаар тамирчдадаа сэргээш хэрэглүүлж байсны хор уршгаар ийнхүү орос тамирчид олимп, дэлхийн дэвжээнд төрийн далбаагаа мандуулах эрхгүй боллоо.  

РУСАДА буюу ОХУ-ын сэргээшний эсрэг агентлаг үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон. Мөн энэ дөрвөн жилд ОХУ олон улсын том тэмцээн хүлээн авах, зохион байгуулах эрхгүй болж, хоккей, элсний хөлбөмбөг, волейбол, усан спортын ДАШТ-ээ хураалгалаа. Үүнээс гадна ОХУ-ын спортын яам, газрын албан тушаалтнууд дөрвөн жилийн турш олимп, паралимп, залуучууд, идэрчүүдийн наадам, WADA-гийн гишүүн холбоодын ДАШТ-д оролцох битгий хэл очиж ч болохгүй. Мөн тэдний олон улсын спорт холбоодын Гүйцэтгэх зөвлөлд удирдах албан тушаал хаших эрхийг нь хассан гэхээр Орос гүрэн их спортоос тусгаарлагдсан нь тодорхой болжээ.

Холбоотой мэдээллийг энэ холбоосоор үзнэ үү.

МЕССИ Роналдугаас илүү

Францын “France Football” сэтгүүлийн газраас 1956 оноос эхлэн Оны шилдэг хөлбөмбөгчийг тодруулж, “Ballon d`Or” буюу “Алтан бөмбөг” шагналыг гардуулсаар ирсэн түүхтэй. Энэ нэр хүндтэй шагналыг сүүлийн арван жилийн турш Аргентины Месси, Португалын Роналду хэмээх хоёр эрхэм хүртэж, тав тавын харьцаатай тэнцээд байсан юм. Харин энэ жил Месси зургаа дахь удаагаа авснаар Роналдуг давж гарлаа. Лионель Месси “Алтан бөмбөг” шагналыг зургаан удаа гардсан цорын ганц тоглогч болсон.

Холбоотой мэдээллийг энэ холбоосоор үзнэ үү.

17 настай “ахмад” тамирчин Алина

Ганцхан жилийн өмнө уран гулгалтын шинэ од гэгдэн, гялалзан гарч ирсэн Алина Загитова энэ жил тэмцээн, уралдаанд оролцохоо түр зуур больж байгаагаа зарласан нь их спортын ертөнцийг доргиосон. 2018 оны олимпод 19 настай Медведеваг 16 настай Алина ялж, уран гулгалтад үе солигдож байгааг зарлан тунхаглаж байсан билээ. Гэвч ганцхан жилийн дараа өөрөө 15 настай охидод шахагдан гарсан нь энэ спортын төрөлд ямар нэг шинэчлэл хэрэгтэй болсныг харуулж буй мэт. Учир нь уран гулгалт хэмээх нэртэй энэ спортын төрөлд уран зүйл байхгүй болж, 3-4 эргэлттэй үсрэлт хийдэг охидын уралдаан болж хувирчээ. Загитова тэмцээнд орохоо хэсэг завсарлана гэсэн ч тэр буцаж ирэхгүй байх магадлал өндөр. 2019 оны уран гулгалтын ертөнцийг доргиосон, шуугиулсан бүх охид  Этери Тутберидзегийн шавь. Энэ жил Этеригийн жил байлаа.

Холбоотой мэдээллийг энэ холбоосоор үзнэ үү.

Дотоодын спортын ОНЦЛОХ гурван үйл явдал

Бөхийн орон МОНГОЛ иран жүдочтой боллоо

Улс төрийн шалтгаанаар Иран орноо орхисон ДАШТ-ий алт, хүрэл, Азийн наадмын мөнгөн медальт Саид Моллай Монгол улсын иргэншил авсан нь онцлох үйл явдал байлаа. Бөхийн орон Монгол улс Иранаас бөх авсан нь жүдогийн ертөнцөд шуугиан тарьсан. “Бөх Ерөнхийлөгчтэй Монгол орон яагаад иран жүдочинд иргэншил өгөв”, “Г.Отгонцэцэгийг гадаад оронд өгснийхөө хариуг авч байгаа юм болов уу” гэх зэрэг олон сэтгэгдэл Олон улсын жүдо бөхийн холбооны сайтад бичигдсэн байлаа.  О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн гэсэн нэг жингийн бөхчүүд нь хурцлагдаж, өрсөлдөөн ихсэх сайн талтай. Саид Монгол улсын нэрийн өмнөөс медаль авч амжаагүй байгаа ч ирэх жил Токиод Монголын далбааг мандуулна гэж найдаж байна.

Холбоотой мэдээллийг энэ холбоосоор үзнэ үү.

Сэргээш, бас дахин сэргээш 

Жил бүр наадмаар сэргээш, допинг гэж нэгнээ сэжиглэдэг монгол зан энэ жил ч тасарсангүй. Улсын наадамд түрүүлж, АВАРГА цол хүртсэн Э.Оюунболдын сорьцоос сэргээш илэрсэн нь ард түмнийг талцуулж, нутаг ус, дов жалганы хэрүүл гарах шалтаг болсон. Урьд өмнөх сэргээшийн хэргээс ялгаатай нь Э.Оюунболд Авлигатай тэмцэх газарт хандаж шалгуулах болсон. Магадгүй бөхчүүд биш шинжилгээ хийдэг эмч нар нь буруутаж магадгүй болсон энэ хэрэг ирэх жил шийдэгдэх биз ээ.

Багийн спорт

Монголчууд багийн спортын төрлөөр хэзээ ч амжилт гаргахгүй гэсэн бодол түүх болон үлдлээ. Энэ жил манай хөлбөмбөгчид ДАШТ-ий урьдчилсан шатанд тун амжилттай тоглож, анхныхаа ялалтыг байгуулсан бол сагсан бөмбөгчид 3х3 төрлөөр дэлхийн түвшинд гарснаа харууллаа. Эмэгтэй сагсан бөмбөгчид олимпын наадмын эрх авсан нь түүхэн амжилт. Эрчүүд маань ч олимпын эрх авахад ойрхон байгаа. 2019 он Монголд багийн спорт хэрхэн хөгжиж байгааг харуулсан жил байлаа.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ