Өглөө сэрээд хичээлдээ явахгүй байх сан гэж бодож үзээгүй хүүхэд байхгүй биз ээ.
Тэгвэл дэлхий дээр өглөө эрт сэрэхэд огт асуудалгүй ч сургуульдаа явахад нь жирийн нэг залхуурахаас илүү том саад тулгардаг хүүхдүүд бас байдаг байна. Бүр амь насаа эрсдэлд оруулаад ч хамаагүй тэд эрдэм ном сурахыг хүсдэг.
Вьетнамын алс хязгаарын Дьен-Бьен мужийн Хуой-Ха тосгоны хүүхдүүд ном үзэх гэж өдөр бүр тун аюултай зам туулдаг. Хүчтэй урсгалтай голыг гатлаад дараа нь уулан дундуур таван км явж байж, сургуульдаа очдог. Учир нь энд гүүр байхгүй.
Хэдийгээр амь насанд аюултай ч сургуульд явахгүй бол хүүхдүүд нь боловсрол эзэмшиж чадахгүйд хүрнэ.
Энэ тосгон нийт 50 хүүхэдтэй. Тэднийг гол гаргах гэж маш их цаг шаардлагатай. Борооны улирлын үед гар хийцийн сал живэх эрсдэлтэй, нэг удаа хоёр л хүүхэд зөөх хүчин чадалтай. Тиймээс нутгийн иргэд хүүхдүүдээ бүрэн бүтэн гол гаргах нэгэн арга бодож олжээ. Уутанд хийгээд гол гатлах энэ аргад ихэнх хүүхэд дургүй ч өөр арга байхгүй. Тэр тусмаа модон салаар явснаас илүү аюулгүй гэнэ.
Ууттай хүүхдийг аваад сэлж байгаа хүн гараа алдахад л хүүхдийн амь нас эрсдэлд орно. Гэвч боловсролтой болж байж л алс хязгаарын энэ тосгоноос холдож, хотод ажил олж чадна. Тиймээс л хүүхдүүд өдөр бүр энэ аюултай аяллыг хийдэг байна.
Тосгоны дарга Во А Гионг хэзээ нэгэн цагт Засгийн газраас гүүр барих хөрөнгө гаргаж өгөх байх гэж найддаг гэнэ. Харин одоо тосгоны хамгийн бяр чадалтай эрчүүд хүүхдүүдээ зөөсөн хэвээр байна.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250