“Аглуу энтертайнмент”-ын захирал, Гавьяат жүжигчин Л.Баттулгатай ярилцлаа.
-Шинэ он гараад багагүй хугацаа өнгөрлөө. “Аглуу энтертайнмент” болоод таны хувьд шинэ уран бүтээлийн олз омог хэр арвин байна. Удахгүй IPTV-д сар шинийн баяртай холбогдуулан шинэ контентоо нийлүүлэх гэж байгаа гэж дуулсан?
-Манай “Аглуу энтертайнмент”-ийн хувьд 2020 он уран бүтээл, ажил ихтэй сайхан эхэлж байна. Монголын үндсэн гурван том баяр байдаг. Наадам, цагаан сар, тэгээд дэлхийн жишгээ дагаж шинэ жилээ тэмдэглэдэг шүү дээ. Энэ гурван баяраар бид ард түмнээ баярлуулах гэж үзэгчдэдээ зориулж уран бүтээлээ туурвидаг. Үүний хүрээнд бодож, сэдэвлэсэн зохиолуудаараа баярын тусгай дугаар бэлтгэж, IPTV-д өгдөг уамжлалтай болжээ. Урлаг соёлын энэ үйлчилгээнд маань орчин үеийн үзэгчид их таатай ханддаг, урлагийн бүтээл, оюуны өмчийг ойлгож, хүндэлдэг болсон байна.
2018 оны Цагаан сараар “Hulegu pictures”-тэй хамтран “Ханиа даргад үнсүүл”, “Супер аав-II” зохиомжийг бид хийж байлаа. Наадмаар мөн адил “Hulegu pictures”-тэй хамтарч “Шинэ шөл” бүтээлийг үзэгчдэд хүргэсэн. Дараа нь 2019 оны наадмаар “Оранж энтертайнмент”-тай хамтран “Дэлхий даахгүй баян” контентийг олонд хүргэж байсныг та бүхэн санаж байгаа байх. Харин энэ удаа “Nomadia pictures”-тэй хамтран алдартай шог зохиолч Ж.Барамсай гуайн зохиолоос сэдэвлэж, Ц.Хүсэлбаатарын найруулж бичсэнээр “Аавын дээл” нэртэй контент бэлтгэн, үзэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо. Мөн гадны зохиолоос сэдэвлэсэн “Супер цагдаа” хэмээх шинэ бүтээл хийлээ.
-“Аавын дээл”, “Супер цагдаа” гэсэн хоёр шинэ бүтээл IPTV-д хэзээ байрших вэ?
-Хоёрдугаар сарын 20-ноос эхлэн Univision, Looktv-гээс үзэх боломжтой. Яг энэ цаг үед хэлж ирдэггүй, хийсэж ирдэг аюултай өвчин дэлхий нийтийн санааг зовоож байна. Монголд үүнээс сэргийлж авга хэмжээ авч байгаа нь зөв. Гадуур бүх үзвэр үйлчилгээ, урлагийн арга хэмжээ, кино үзвэр, спортын тэмцээн, хурал цуглааныг түр хязгаарлалаа. Ингэхээс ч өөр аргагүй юм. Тэгэхээр гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байгаа хүмүүст үзэж харах зүйл хэрэгтэй байгаа. Хүүхдүүд өдөржин гэртээ өнжиж байна. Аав, ээжүүд нь энгийн үеийг бодвол арай эрт гэртээ харьдаг боллоо. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг ч нэмэгдэж байна. Үүнийг дагаад гэр бүлийн уур амьсгал ч сайхан болж байгаа байх. Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд халуун дотноор тэмдэглээрэй гээд Ерөнхийлөгч захирамж гаргачихлаа. Энэ жил өмнөх жилүүд шиг гадуур гарч, ах дүү нараараа явах боломжгүй. Тиймээс хүмүүс гэртээ таваг идээгээ засаад, буузаа жигнэж, зурагтаа үзэхээс өөр аятайхан сонголт ховор л болчих шиг боллоо. Хэдийгээр баяраа өргөн хүрээтэй хийхгүй ч гэртээ халуун ам бүлээрээ байх нь нэг талаар сайхан юм. Бидний бүтээл бас яг энэ цаг үед бэлэн болж, олон олон гэр бүлд инээд хөөр, баяр баясал нэмэх болсондоо их баяртай байна. Хүмүүсийг зугаатай, хөгжилтэй байлгаж, урлагаар дамжуулан нийгмээ тольдож хардаг болоход нөлөөлөх нь урлагийн бидний үүрэг байдаг. Тийм ч учраас “Аглуу энтертайнмент”-ийн цоо шинэ бүтээл “Аавын дээл”, “Супер цагдаа”-г амралт, баярын өдрүүдээр үзэж сонирхон, нэгийг бодож, сэтгэлээ баясгаж, цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж үзэгчдээсээ хүсье.
-Энэ хоёр контент танай өмнөх бүтээлүүдээс юугаараа онцлог вэ?
-Бид энтертайнмент компанийн хувьд үзэгчдийнхээ өмнө үүргээ биелүүлж, ээлжит шинэ бэлгээ барьж байгаа гэж ойлгож болно. Энэ хоёр бүтээлийн нэг нь 35 минут үргэлжилнэ. Нийлээд нэг цаг таван минутынх.
-Тус тусдаа IPTV-д байрших юм уу, эсвэл нэг үнээр хоёр бүтээлийг хоёуланг нь үзэх боломжтой юу?
-Магадгүй бид хоёр тусдаа үнэтэй контент гаргаж болох байсан. Гэхдээ хотол олноороо өргөн тэмдэглэдэг сар шинийн баяр тохиож байгааг тохиолдуулаад, нөгөөтээгүүр хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ цаг үед нийгмийн хариуцлагын хүрээнд нэг контентын үнээр хоёр контентоо борлуулахаар шийдсэн. Богино хэмжээний чанартай бүтээл болохоор үзэгчдийг уйдаахгүй, бас цаг хугацааг нь дэмий үрэхгүй гэж тооцон, үргэлжлэх хугацааг тогтоосон.
-Хэчнээн уран бүтээлч оролцон тоглосон бэ. Гол дүрийг хэн бүтээв?
-Хоёр бүтээлийн гол дүрд би өөрөө тоглосон. Нийт 30 гаруй уран бүтээлч, зургаан байгууллагатай хамтарч ажилласан. Урилгаар олон сайхан уран бүтээлч оролцсон. Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Гавьяат жүжигчин Г.Золбоот, Соёлын тэргүүний ажилтан Ц.Ганбаа, Г.Алтаншагай, Б.Навчаа, Ш.Жавхлан, Э.Батхүү, миний ангийн найз, жүжигчин Б.Баатархүү, хайртай дүү Төөтөө, жүжигчин Исчүү, П.Чимэдцэеэ, н.Номинзул, мөн “Аглуу энтертайнмент-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Манай залуу жүжигчид их авьяас, мэдрэмжтэйгээр урлагт хөл тавьж байна. М.Дорждэрэм, н.Өнөржаргал нарын авьяаслаг залуус Зургийн даргаар ажиллалаа. С.Лхагвасүрэн маань зөвлөхөөр ажилласан. Авто тээврийн үндэсний төв, Депо, Төмөр замын цагдаагийн газар зэрэг олон байгууллага биднийг дэмжиж ажиллалаа.
-“Аглуу энтертайнмент” байгуулагдаад хэр удаж байгаа билээ?
-Хоёр жилийн хугацаа өнгөрч байна. 2018 оны нэгдүгээр сарын 8-нд байгуулагдаж байсан. Залуу уран бүтээлчид, бүжигчидтэйгээ нийлээд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ туурвиж байна.
-Байгуулагдсанаасаа хойш тайз, дэлгэцийн хэчнээн уран бүтээл хийв?
-Дэлгэцийн таван бүтээл хийсэн байна. 2018 оноос эхлэн IPTV-д уран бүтээлээ өгч, хамтарч ажиллаж эхэлсэн. “Ханиа даргад үнсүүл”, “Супер аав”, “Шинэ шөл”, “Дэлхий даахгүй баян”, “Аавын дээл”, “Супер цагдаа” гээд зургаан уран бүтээл гаргасан байна. Тайзны бүтээл гэвэл “Аглуу энтертайнмент” хошин урлагийн бүрэн хэмжээний хоёр энтертайнмент тоглолт хийлээ. Мөн “Аглуу энтертайнмент”-ынхан өөр энтертайнменттай хамтарч, Германы уран бүтээл “Фауст” жүжигт тоглолоо. Би гол дүр бүтээж, манай жүжигчин Н.Оюунчимэг Маргаритагийн дүрд тоглож, залуу уран бүтээлчид бүгд оролцсон энэ бүтээл маань 2018 оны тавдугаар сард нээлтээ хийж байсан. Саяхан 2019 оны арваннэгдүгээр сард хоёр удаа дахин тоглолоо. Жүжигчин С.Болд-Эрдэнэтэйгээ хамтарч, Фаустын гайхалтай дүрд тоглосон нь надад их сайхан байлаа. Үзэгчид ч их урам өгч, сайхан хүлээж авсан.
-Танд кинонд тоглох санал хэр ирж байна?
-Нэг их дарагдаад байдаггүй ч жилд 2-4 киноны санал ирнэ. Заримдаа тоглоно заримд нь амжихгүй учир уучлалт хүсээд, өмнөх ажилдаа анхаарч байна. Өөрийгөө бас “нөөцөлнө” гэдэг ч юм уу. Яг өөрийнхөө, багийнхаа уран бүтээлд түлхүү анхаарлаа хандуулъя гэж боддог. Мэдээж зохиол сайтай кинонд тоглохоос татгалзахгүй. Драмын жүжгийн төрөлдөө бол би цаг үргэлж шунаж, тэмүүлж байдаг. Энэ жил драм руу томоохон анхаарлаа хандуулъя гэж бодогдоод л яваа. Төлөвлөгөө гарсан. Миний үндсэн мэргэжил драмын жүжигчин шүү дээ. Харин миний тоглодог төрөл бол хошин урлагийн төрөл.
-Бүтээлийнхээ гол санааг та хаанаас авдаг вэ. Уран бүтээлч хүний хувьд?
-Би унших дуртай. Ном, уран зохиолыг боломж л гарвал уншдаг. Хүний амьдрал их баялаг. Би өөрийгөө юмыг задалж, ургуулан бодохдоо бусдаас арай давуу юм болов уу гэж тоодог. Аливаа уран бүтээлийн хоёр өгүүлбэр онигоо байсан ч, хоёр мөр шүлэг байсан ч, эсвэл хүний амьдралд тохиолдсон зүйл, магадгүй гаднын зохиолчдын зохиолын утга санааг яг тэр чигээр нь Монголын хөрсөн дээр буулгаж, хуулж болохгүй. Эрэл хайгуул хийх хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Унших хэрэгтэй. Аяндаа л уран бүтээлч сайхан санаанууд урган гардаг. Би бас бусад ярилцах, олон талын сэдвээр санал солилцох дуртай. Хүн бүхэн өөр өөр өнгөтэй, үзэл бодолтой, бас үнэтэй зарчим, байр суурьтай, амьдралд хандах хандлагатай байдаг шүү дээ. Заавал өөрийн үзэл бодлоор уран бүтээлдээ хандах гэж явцуурахгүй, заримдаа бусдыг сонсох нь том хичээл байдаг.
-Танайд ихэвчлэн залуу хүмүүс ажилладаг. Залуу уран бүтээлчидтэй хамтарч ажиллах танд хэцүү байдаг уу?
-Надад залуу хүнийг дэмжье гэсэн бодол цаанаасаа л нэг уяатай явдаг юм. Уяач хүн бол энэ морь давхина, тэр морины уяа сойлго нь таарсан, таараагүй гэж ярьдаг шүү дээ. Яг тэрэн шиг л. Аль болох залуу уран бүтээлчдээ дэмжих дуртай. Чадлынхаа хэмжээнд сургах, ажлын байраар хангах, туршлага суулгах дуртай, тэднээсээ бас суралцаж, хамтарч ажиллах дуртай. Тэдэнтэйгээ өнөөдрийг хүртэл хамт тоглож байна, надаас асууж зөвлөх зүйл байвал асууна. Ер нь бол би олсон хоолоо ганцаараа идэх дургүй.
-Та 2019 онд төрсөн өдрөөрөө “Ид шидийн орон”-д хандив өргөсөн байсан. Сайн үйлсийг төрсөн өдрөөрөө хийх нь таны санаа байсан уу?
-Арваннэгдүгээр сарын 6-нд миний төрсөн өдөр тохиодог. Ер нь төрсөн өдрөөрөө сайн үйлс хийхийг эрмэлздэг. Өнгөрсөн жил бид Баянхошуунд байдаг “Сайн жаалууд” ТББ-ын н.Сансарбаатар захиралтай уулзаж, тус байгууллагад хандив, тусламж үзүүлсэн. Төрсөн өдрөөрөө би найз нөхдөө урьж, хоолонд орлоо гэхэд овоо хэдэн төгрөг зарцуулах байх л даа. Үүний оронд олон хүн баярлуулж, ээж, аавдаа мөргөж, гэр бүлээрээ тэмдэглэхийг илүүд үздэг болсон. Цаашдаа ч ингэж тэмдэглэнэ. 2019 онд төрсөн өдрөөрөө Ч.Ганжавхлангийн “Ид шидийн орон” төслийг дэмжиж, номын санг нь тохижуулж өгсөн. Мөн сарынх нь хүнсний хэрэглээнд бага сага зүйлээр тусалсан. Энэ бол миний л, Аглуу гэдэг хүний сэтгэл шингэсэн зүйл. Хүүхдүүдэд боов чихэр, талх авч өгөхөөсөө илүү оюуны “өлсгөлөн”-д илүү анхаарах ёстой гэж боддог. Энэ бодлынхоо үндсэн дээр хийх юмсан, ажил хэрэг болгох юмсан гэсэн зүйлс төлөвлөгөөнд бий.
-2020 онд та бүхнийг уран бүтээлийн ямар төлөвлөгөө хүлээж байна вэ? Шинэ жүжиг, шинэ кино...
-2020 оныг би монголчуудад их ээлтэй, тэгш, сайхан жил болох байх гэж бэлгэшээж байгаа. Энэ оноос “Аглуу энтертайнмент” телевиз, дэлгэцийн бүтээл рүү түлхүү анхааръя гэж бодож, төлөвлөлөө. Хүмүүс ч дэлгэцийн уран бүтээл их хийж байна. Үзэгчид ч дэлгэцийн уран бүтээлийг шимтэж үздэг болж. Мөн драмын томоохон бүтээл барьж авна. Өөрийн олон жил бодсон, хүсэл мөрөөдөлд минь үргэлж явдаг жүжгээ багтааж тавина гэсэн том бодол байна. Хажуугаар нь бие даасан уран сайхны кино хийхээр төлөвлөсөн. Энэ бүхнийг IPTV-үүдтэй хамтарч илүү олон хүнд хүргэх нь зөв гэж бодож байгаа. Ер нь контентоо цаг алдалгүй л олон хүнд хүргэхийг боддог. Энэ бол урлаг, телевиз, үзэгчдийг холбосон их гоё урсгал.
Л.Номин