"Аглуу энтертаймент", "Nomadiа Pictures"-ийн хамтын бүтээл "Аавын дээл", "Супер цагдаа" бүтээл өнөөдөр /2020.02.20/ Univision, DDISH, LOOK TV-д байршлаа.
Тус уран бүтээлд Гавьяат жүжигчин Г.Мэндбаяр, Г.Золбоот, жүжигчин Б.Навчаа, Ш.Жавхлан, Г.Алтаншагай, Д.Түвшинтөр зэрэг олон уран бүтээлч оролцон тогложээ.
"Аглуу энтертаймент"-ийн хувьд 2020 он уран бүтээл арвин жил байхыг онцолж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг бүтээлийн үнээр хоёрыг үзэх боломжийг үзэгчдэд олгож байгаа юм.
Энэ талаар "Аглуу энтертаймент"-ийн захирал Л.Баттулга "Яг энэ цаг үед хэлж ирдэггүй, хийсэж ирдэг аюултай өвчин дэлхий нийтийн санааг зовоож байна. Монголд үүнээс сэргийлж авга хэмжээ авч байгаа нь зөв. Гадуур бүх үзвэр үйлчилгээ, урлагийн арга хэмжээ, кино үзвэр, спортын тэмцээн, хурал цуглааныг түр хязгаарлалаа. Ингэхээс ч өөр аргагүй юм. Тэгэхээр гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж байгаа хүмүүст үзэж харах зүйл хэрэгтэй байгаа. Хүүхдүүд өдөржин гэртээ өнжиж байна. Аав, ээжүүд нь энгийн үеийг бодвол арай эрт гэртээ харьдаг боллоо. Гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг ч нэмэгдэж байна. Үүнийг дагаад гэр бүлийн уур амьсгал ч сайхан болж байгаа байх. Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд халуун дотноор тэмдэглээрэй гээд Ерөнхийлөгч захирамж гаргачихлаа. Энэ жил өмнөх жилүүд шиг гадуур гарч, ах дүү нараараа явах боломжгүй. Тиймээс хүмүүс гэртээ таваг идээгээ засаад, буузаа жигнэж, зурагтаа үзэхээс өөр аятайхан сонголт ховор л болчих шиг боллоо. Хэдийгээр баяраа өргөн хүрээтэй хийхгүй ч гэртээ халуун ам бүлээрээ байх нь нэг талаар сайхан юм. Бидний бүтээл бас яг энэ цаг үед бэлэн болж, олон олон гэр бүлд инээд хөөр, баяр баясал нэмэх болсондоо их баяртай байна. Хүмүүсийг зугаатай, хөгжилтэй байлгаж, урлагаар дамжуулан нийгмээ тольдож хардаг болоход нөлөөлөх нь урлагийн бидний үүрэг байдаг. Тийм ч учраас “Аглуу энтертайнмент”-ийн цоо шинэ бүтээл “Аавын дээл”, “Супер цагдаа”-г амралт, баярын өдрүүдээр үзэж сонирхон, нэгийг бодож, сэтгэлээ баясгаж, цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж үзэгчдээсээ хүсье" хэмээсэн юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250