...
...

Инноваци ба хөрөнгө оруулалт форум боллоо

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Инноваци ба хөрөнгө оруулалт” форумыг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон “Ди Би Эм лизинг” ХХК 2019.06.20-ны өдөр зохион байгууллаа.

Форумын хүрээнд нэгдүгээрт, Өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдэл; хоёрдугаарт, Инновацийн төсөл, гарааны компанийг дэмжих талаар банк санхүүгийн байгууллага, хувийн хөрөнгө оруулагчдын оролцоо гэсэн сэдвийн хүрээнд шинжлэх ухааны байгууллагууд, их дээд сургууль, инновацийн бүтээл санаачлагч болон бизнесийн төлөөллийн хамт хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн явцад инновацийн бүтээлийг банк, санхүүгийн байгууллага хэрхэн дэмжих, хэрэгжүүлж буй төрийн бодлого, инновацийг хөгжүүлж, зах зээлд амжилттай нэвтрүүлж буй бусад улс орнуудын туршлагын талаар санал солилцлоо. 

УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй Инновацийн тухай хуулийн шинэчлэл, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар форумыг нээж хэлсэн үгэндээ онцлов.  

Эдгээрээс инновацийн санаа, бүтээл, патентыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дутагдаж буй санхүүгийн тогтолцоог бий болгох, төр хувийн хэвшлийн хамтран ажиллах шийдлийг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой байлаа.

    Форумын үеэр инновацийн санаа бүхий старт-ап компанид олон улсын туршлагад суурилсан сургалт зохион байгуулах, чадавхжуулах, улмаар тухайн компанид “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК хөрөнгө оруулах замаар дэмжлэг үзүүлэх ‘сургалт-санхүүжилт’ хослосон тогтолцоог бий болгох зорилгоор “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Германы хамтын ажиллагааны байгууллагын Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Санамж бичгийн хүрээнд старт-ап компанийг чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор туршлага хуваалцах, санал, мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах юм.

    МУХБ болон түүний охин компаниуд  “Инноваци ба хөрөнгө оруулалт” форумыг амжилттай зохион байгууллаа. Форумыг МУХБ-ны дэд захирал бөгөөд, Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр хааж үг хэлэв.

/форумыг хааж хэлсэн үг бүрэн эхээр/

Инновацийн хөрөнгө оруулалт:

  • Инновацийн эцсийн үр дүн нь эдийн засагт, хүмүүсийн амьдралд нөлөөлж байдаг. Энгийн дэвшилтэд зүйлээс эхлээд аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал, дижитал эдийн засаг, 5G, хиймэл оюун ухааны ололт амжилтууд нь шинэ боломжийг бидэнд олгож байна. Бизнесийн хэмжээнээс үл хамааран инноваци нь компаниудыг хурдан өсч тэлэх, урт хугацаанд өртөг зардлаа бууруулах, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх боломжийг олгодог.  
  • Хөгжлийн банк болон түүний охин компаниудын олгож буй санхүүжилт нь инновацийг дэмжихэд чиглэдэг. Гэхдээ шинээр эхэлж байгаа бизнесийн санал санаачлага, гарааны бизнест бид санхүүжилт олгодоггүй.
  • Олон улсын туршлагаас харвал инновацийг дэмжиж байгаа байдал, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж буй хөрөнгийн хэлбэрээр нь бизнесийн байгууллагуудыг дотор нь 4 хувааж авч үздэг. Эдгээр нь гол төлөв үндэсний компаниуд буюу хүчирхэг hunters (бизнесийг хамтдаа бүтээгчид), builders (өөрсдөө бүтээдэг), explorers (шинэ боломж гаднаас хайдаг), experimenter (дотроосоо боломж хайдаг, сургалт) юм. Энэ тохиолдолд санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийг төр, аж ахуйн нэгж, инноваци хийсэн судлаачид хуваалцдаг байна.
  • Аж ахуйн нэгж, иргэд өөрийн бизнесийг өргөтгөх инноваци бүхий санал гаргах эсвэл шинэ санаанд үндэслэсэн инновацийн төслийг бий болгож “seed” болон старт ап-ын үеийг даваад Сери А гэж бидний нэрлэдэг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, борлуулах үе шатанд банкинд ханддаг. Уламжлалт банкны бүтээгдэхүүн үйлчилгээгээр инновацийн төслийг санхүүжүүлэх боломжгүй юм. Тэгэхээр өөр ямар арга хэрэгсэл, боломж байна вэ?
  • Санхүүжилтын өөр нэг арга нь “хөрөнгийн компани” байгуулах (Venture capital-VC) юм. Гарааны бизнесүүдэд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт босгох эсвэл банкнаас зээл авахад шаардагдах мөнгөн урсгалын түүх байдаггүй учраас санхүүжилтийн венчур капиталын арга хэрэгслийг ашигладаг. Энэ тохиолдолд эрсдэл хуваах зарчмын дагуу олон талт хөрөнгө оруулалт чухал. Дэлхийд танигдаж, үйл ажиллагаа нь тэлсэн Uber, Airbnb компаниуд нь энэ хэлбэрээр эхний шатны санхүүжилтээ авсан байдаг.
  • Амжилттай старт ап-уудыг төрийн болон хувийн оролцоотойгоор санхүүжүүлэх боломжийг Хөгжлийн банкны охин компани болох Ди Би Эм ассет менежмент компани нь судалж, манлайлж, хамтран санхүүжүүлэх боломжийг эрэлхийлж байна. Нэгэнт сан байгуулах замаар санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх тохиолдолд хууль эрхзүйн орчинг бүрдүүлэх, шинэ институц байгуулах шаардлага бий.

Цаашид авах арга хэмжээ:

  • Өнөөгийн Монголын эдийн засгийн орчинд инноваци болон хөрөнгө оруулалтын ач холбогдол юу юунаас чухал. Манай эдийн засаг цөөн бүтээгдэхүүнээс хамаардаг учраас гадаад болон дотоод хүчин зүйлд эмзэг. Үүнийг шийдэх нэг арга нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох инноваци бүхий төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх явдал юм. Тиймээс Хөгжлийн банкнаас энэхүү форумын ач холбогдлыг өндрөөр үнэлж байна.
  • Банкны болон охин компаниудын зорилго, зорилт нь өнөөдөр хэлэлцсэн асуудлуудтай холбогдож байгааг дурдах нь зүйтэй болов уу. Тухайлбал, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой шинэ компаниудыг лизингийн дэд бүтэц, тоног төхөөрөмжөөр дэмжих, санхүүгийн салбарт нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын сангийн орчныг төгөлдөршүүлэх, тэдгээрийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд өнөөдрийн хэлэлцсэн асуудлууд чухал хөшүүрэг, түлхэц боллоо.
  • Ер нь, инновацийн төслөөс эцсийн бүтээгдэхүүн бий болгож борлуулах, эргээд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл хөгжлийн 6-7 үе шат (seed, start up, Series A round: manufacturing and sales, Series B round: Working capital collecting, expansion, Making decision: exit VC or IPO or acquisition, Bridge financing)-ыг туулдаг. Эдгээр хөгжлийн үе шатны хаана нь хэн, хэрхэн, оролцох вэ гэдэг нь нэмэлт бодлогын даалгавар болж цаашид яригдах байх гэж итгэж байна.
  • Одоогоор эхний хоёр үе шат дээр Шинлэх ухаан Технологийн Сан, Хүрээлэнгүүд, заримдаа судлаачид өөрсдөө, зарим нэг үндэсний компани анжэл хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэж байна. Хувийн хэвшил, төрийн хөрөнгөөр дундын сан байгуулж, инновацийн төслийг санхүүжүүлэх тохиолдолд оролцогч талуудын оролцоо ямар байхыг маш тодорхой болгох ёстой. Олон улсын сайн туршлагаас харахад инновацийн төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр эко систем бий болгож, санхүүжилт олгодог байна.  
  • Энэ форумын үр дүнд,  хувийн хэвшил, аж ахуйн нэгжийн  дэмжлэгтэйгээр “Грант олгох түр санг” /жинхэнэ утгаараа венчур капитал сан бий болох хүртэл/ үүсгэн байгуулж үйл ажиллагааг нь жигдрүүлэх уриалгыг гаргаж байна. Орлогоосоо тодорхой хэмжээний эрсдэл хүлээх зориулалт бүхий хуримтлалын сан бий болгож, инновацид хөрөнгө оруулалт хийх нь одоогийн манай эдийн засгийн орчинд тохирсон, хамгийн хурдан үр дүнгээ өгөх институц юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ