БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйгийн нийтлэл
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И саяхан Хятад, Америкийн харилцааны нөхцөл байдлын талаар Синьхуа агентлагт өгсөн ярилцлагаараа Хятадын талын байр суурь, саналыг дэлгэрэнгүй тайлбарлав. Тэрээр Хятад, Америкийн харилцаа дипломат харилцаа тогтоосноос хойш хамгийн ноцтой нөхцөл байдалтай тулгарч байгааг онцоллоо. Америкийн зарим улс төрийн хүч ташаа ойлголт, өсөрхөг үзлээр Хятадад хандаж, эрх мэдлээ ашиглан олон худал үг зохиож, хорон санаагаар Хятадыг харлуулах боллоо. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майкл Р. Помпео, Хууль зүйн сайд Уилльям Барр гэх мэт өндөр албан тушаалтнууд удаа дараа Хятадын эсрэг мэдэгдэл хийлээ. Тэд ХКН-ын удирдлага болон Хятадын онцлогт социализмын үзэл санааг үгүйсгэж, “Ковид-19” халдварт өвчинтэй холбоотой асуудалд Хятадыг гүжирдэж, Хонконгийн Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийг зоргоороо шүүмжилж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна. Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар ч мөн маргаан өдөөж өмнөд тэнгист үймээн гаргахыг санаархаж, бүс нутгийн орнуудыг сөргөлдөөн үүсгэхдээ татан оруулж байна. Тэд “үндэсний аюулгүй байдал” гэх халхавчаар “Huawei” болон бусад Хятад компаниудад шахалт үзүүлж, Хюстонд суугаа Хятадын Ерөнхий консулын газрыг зүй бусаар хаан Хятад, Америкийн харилцааг зориудаар сүйтгэж байна. Тэдний ингэж байгаа нь “шинэ хүйтэн дайн” өдөөж, дэлхий дахиныг дахин донсолгож хагарал бутрал руу түлхэхийг хүссэн хэрэг .
Хятадын тал Америкийн зарим улс төрчдийн өдөөхөөр санаархаж буй “шинэ хүйтэн дайн” гэгчийг тууштай эсэргүүцнэ. Дээрх арга барилууд Хятад, Америкийн ард түмний язгуур эрх ашгийг бүхэлд нь зөрчиж, дэлхийн хөгжлийн чиг хандлагаас гажиж байна. БНХАУ байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд Хятад хэзээ ч дайн өдөөж байгаагүй, бусдын хуруу дарам газарт ч халдаж байгаагүй. Бид энх тайвнаар хөгжих зарчмыг Үндсэн хуульдаа тусган оруулж, ийм амлалтыг өгсөн дэлхийн анхны улс болсон. Хятад улс хэзээ ч үзэл суртал зөөвөрлөхгүй, бусад улс орны дотоод хэрэгт хэзээ ч хөндлөнгөөс оролцохгүй. Бид харилцан ашигтай, нээлттэй стратегийг тууштай мөрдөж, даян дэлхийн энх тайванд түүчээлэгч, хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байхын төлөө цөхрөлтгүй хичээх болно.
Эсрэгээрээ, Америк нь цогц чадамж хамгийн хүчирхэг орны хувьд өөрийн давамгай байдлыг үйл ажиллагааныхаа стандарт болгон ашиглаж, нэг талыг баримтлах үзэл, эзэрхэх үзлийг оргилд нь хүргэж, олон улсын хариуцлага, олон талт зарчмыг орхигдуулж, тэр ч байтугай цар тахлын хамгийн эгзэгтэй үед ёс зүйгүй дайралт хийхийн зэрэгцээ ДЭМБ-ын гишүүнчлэлээс гарсан. АНУ-ын энэ удаагийн Засгийн газрын орхиж гарсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн тоо өмнөх Засгийн газруудыг давж гарсан нь АНУ-ыг өнөөгийн олон улсын дэг журмыг хамгийн ихээр сүйтгэгч болгож байна.
Хятад улсын АНУ-тай харилцах зарчим тууштай бөгөөд тогтвортой байдаг буюу ямагт харилцан хүндэтгэх, харилцан ойлголцох зарчмыг мөрддөг. Хятад, Америк хоёр улс нийгмийн тогтолцоо зэрэг олон тал дээр харилцан адилгүй хэдий ч эдгээр харилцан адилгүй талууд хоёр орны энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаанд нөлөөлөх ёсгүй. Хятад, Америк хоёр улс дипломат харилцаа тогтоосон 40-өөд жилд хоёр орны харилцаа дэлхийн хамгийн өргөн хүрээтэй хамтын ажиллагаатай, хамгийн их харилцан ашигтай хоёр талын харилцааны нэг болж чадсан юм. Хятад, Америкийн эдийн засаг дэлхийн эдийн засгийн гуравны нэгээс давж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 50 хувиас даваад байна. Хоёр улс дэлхийн энх тайван, хөгжлийн талаарх бараг бүхий л асуудалд чухал үүрэг хүлээж байна. АНУ Хятад улсыг өрсөлдөгчөө болгохоор эрмэлзэж байгаа нь стратегийн ноцтой алдаа хийгээд өөрийн стратегийн нөөцийг буруу чиглэлд хандуулж буй явдал юм.
Хятадын тал сөргөлдөхгүй, зөрчилдөхгүй, харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагааны үзэл санааг баримталж, Америкийн талтай хамтран харилцан уялдаатай, хамтын ажиллагаатай, тогтвортой Хятад, Америкийн харилцааг бий болгохыг хүсэж байна. Хятадын талын харилцаа холбоо, хамтын ажиллагааны их үүд хаалга Америкийн талд хэзээд нээлттэй байна. Мөн түүнчлэн, Америкийн талын төрөл бүрийн өдөөн хатгасан үйлдлүүдийг Хятадын тал зүгээр харж суухгүй бөгөөд өөрийн улсын бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно.
Өнөөгийн нөхцөл байдалд Хятад, Америкийн харилцааны хөгжил дараах чиглэлүүдийг баримтлах ёстой. Нэгд, үндсэн шаардлагаа тодорхойлж, сөргөлдөөнөөс зайлсхийх. Хятад улсад АНУ-ын сонгууль болон дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох санаа хэзээ ч байгаагүй бөгөөд цаашид ч мөн байхгүй. АНУ ч мөн өөрийн хүслээр Хятад улсыг өөрчлөх гэсэн хоосон мөрөөдлөөсөө салж, Хятад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс ёс зүйгүй оролцохоо зогсоох хэрэгтэй. Хоёрт, харилцааны сувгуудыг нээж, үнэнчээр яриа хэлэлцээр хийх. Хятадын тал тэгш, нээлттэй хандлагыг баримталж, Америкийн талтай харилцаж, бүх шатны, бүх салбарын яриа хэлэлцээрийн механизмыг сэргээхэд бэлэн байна. Гуравт, харилцаагаа таслахаас татгалзаж, хамтын ажиллагаагаа хадгалах. Хятад, Америкийн ашиг сонирхол хэдийн гүн гүнзгий нэгдсэн. Хүчээр харилцаагаа таслах нь хоёр орны харилцаанд урт хугацааны мөргөлдөөнийг үүсгэх төдийгүй, олон улсын үйлдвэрлэл болон улс орнуудын ашиг сонирхолд аюул учруулах болно. Цар тахлын үед, Бид Америкийн талтай халдварт өвчнөөс сэргийлэх, хянах, эдийн засгаа сэргээх зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулахад бэлэн байна. Дөрөвт, “zero sum” бодлогыг орхиж, хамтдаа хариуцлага хүлээх. Хүн төрөлхтөн бол жаргал, зовлон нэгтэй хувь заяаны хамтын нэгдэл билээ. Хятад, Америк хоёр тал хүн төрөлхтний хүнлэг, энэрэнгүй байдлыг баримтлан, их гүрний хариуцлагаа биелүүлж, НҮБ зэрэг олон талт тогтолцоонд шаардлагатай уялдаатай хамтын ажиллагааг өрнүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтран зүтгэх учиртай.